Олон улсын хүрээлэнгийн төлөөлөгчидтэй уулзлаа
УИХ-ын гишүүн А.Бакей
2015.08.20

Олон улсын хүрээлэнгийн төлөөлөгчидтэй уулзлаа

УИХ-ын гишүүн А.Бакей өнөөдөр /2015.08.20/ Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн дэх Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын ардчилалын түншлэл /КТТАТ/ хөтөлбөрийн менежер Жессика Финдли, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Айшли Вейлэн нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн дэх КТТАТ хөтөлбөрийн менежер Жессика Финдли УИХ-ын гишүүн А.Бакейд цаг зав гарган хүлээн авч буйд талархал илэрхийлээд, КТТАТ хөтөлбөрийн 10 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн амжилт, ололтуудаа тэмдэглэхийн хамт цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн А.Бакей, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн дэх КТТАТ хөтөлбөрийн төслүүд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байна гээд 10 жилийн ойн баярын мэндийг дэвшүүллээ.

Тэрбээр, 2012 онд УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдсоны дараа дээрх хөтөлбөрийн шугамаар бусад гишүүдийн хамтаар Вашингтонд очиж семинарт сууж байснаа дурдаад, судалж ирсэн туршлага, санаагаа зарим хуульд өөрчлөлт оруулах замаар хэрэгжүүлсэн гэлээ. Түүнчлэн Нээлттэй сонсголын танхимыг байгуулан ажиллуулж байгаа талаар уулзалтад оролцогчдод мэдээлээд энэхүү танхимыг ашиглан УИХ-ын гишүүд аймаг, орон нутгийн удирдлагуудтай онлайн хэлбэрээр ярилцан, асуудлыг хэлэлцдэг болсныг дуулгасан юм. Эрхэм гишүүн УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос хийсэн ажил болоод УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтсээс хийж буй ажлын талаар мөн товч танилцуулсан. Тэрбээр КТТАТ хөтөлбөрийн зүгээс зохион байгуулсан сургалт, семинарууд амжилттай болж, үр дүнгээ өгч байгааг дурдаад УИХ-аас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтын арга хэмжээ, улсын төсвийг хэлэлцэн баталдаг процессыг боловсронгуй болгох нь чухал байгаа хэмээсэн.

Уулзалтын үеэр төлөөлөгчид КТТАТ-ын туслалцаатайгаар хууль тогтоох байгууллагын түншлэлд ямар өөрчлөлт орсон, цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.