Би 4.9 тэрбум төгрөгийг хаанаас олсон байх уу
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг
2015.08.20

Би 4.9 тэрбум төгрөгийг хаанаас олсон байх уу

Ээлжит бус чуулганы хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталсан билээ. Баталсан өдрөөсөө хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх тус хуулийн талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг “Ярилцах танхим ”-даа урьж ярилцлаа.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 2007 онд ч мөн ийм төрлийн хуулийг УИХ-аас баталж байсан. Тухайн үед та УИХ- ын гишүүн бус харин компанийн захирлын албан тушаалтай байсан байх. Гол нь элгээрээ хэвтсэн эдийн засгийгэмчлэх үүнээс өөр арга байгаагүй гэж эрх баригчид ч, хууль санаачлагчид нь ч тайлбарладаг. Та ч энэ хуулийг батлах шаардлагатай гэх байр суурьтай гишүүдийн нэг. Гэвч төдийлөн үр дүн үзүүлж чадах болов уу?

-2007 онд Эдийн засгийн өршөөлийн тухай хууль батлагдаж байлаа. Тухайн үед миний бие компанийн захирлаар ажилладаг байсан юм. Тэр хуульд Монголын олон аж ахуйн нэгжүүд хамрагдаж чадсан. Хүмүүсийн ойлголт муу, мэдээлэл тэр бүр хүрээгүйгээс үүдэн хугацааг нь хүртэл сунгасан тохиолдол ч бий. Тэр үед баялаг бүтээгчид буюу яг л улсын төсөвт татвараа төлдөг компаниудад зориулсан хууль байсан. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль түүнтэй агаар нэг.

-Гол нь өршөөлийн хуулийг ойр ойрхон гаргах нь хор хохиролтой байдаг талаар Ч.Улаан гишүүн хэлж байсан. Татвараа хуулийн дагуу төлж байсан, татварын хуулиас зайлсхийж байгаагүй шударгаар явж ирсэн хүмүүсийн урмыг хугалсан төдийгүй Өршөөлийн хуулийг хүлээх сөрөг хандлагыг бий болгосон гэж үздэг...?

-2007 оны Эдийн засгийн өршөөлийн хуулийг баталснаар тухайн үед олон компани блансаа зөв тайлагнасан. Магадгүй миний хувьд бизнесмэн тул зовлонгоо ярьж байж мэднэ. Монгол Улсын татвар маш чанга. Бүх татвараа ном, журмаар нь төлөөд явдаг компани ашигтайгаар ажиллахааргүй татварын системтэй улс. Тийм хүнд татварын нөхцөл байдалтай үед бизнес эрхлэхийн тулд тодорхой хэмжээнд НӨАТ, хүн амын орлогын албан татвараа 20-30 хувиар нууж блансаа гаргадаг. Өөрөөр хэлбэл, компаниуд хоёр бланстай явдаг гэсэн мэдээлэл байдаг шүү дээ.

-Хуулийг батлахын өмнө судалгаа чухал гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. 2007 онд хууль батлагдахын өмнө болон дараа жилийг харьцуулахад аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хэмжээ буурсан хандлага ажиглагддаг шүү дээ?

-УИХ-аас 2006 онд татварын багц хуулиуд болох Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын энэ хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд олон тооны татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг байсныг хүчингүй болгосон/, Хувь хүний орлогын албан татварын, Онцгой албан татварын, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай гэсэн дөрвөн хууль баталсан. Аж ахуйн нэгжийн нуруун дээр ирж байгаа гол дөрвөн татвар нь энэ. Тухайн үед, НӨАТ 15 байсныг 10, нийгмийн даатгалын 20 хувийг 10болгох байдлаар бууруулсан. Ингээд буулгангуут нууж байсан блансаа ил болгох өршөөлийн хууль хэрэгтэй болсон хэрэг. Тэгэхгүй бол хэзээ ч ил болгох боломжгүй байсан, Иймээс 2007 оны Өршөөлийн тухай хуулиар татварын орчин таатай болж байгаа нөхцөл байдалдаа уялдуулан блансаа ил болгож, татвараа үнэн зөвөөр төлөх эрх зүйн орчныг нь Өршөөлөөр бий болгосон. Энэ утгаараа өршөөлийн хууль батлагдсаны дараагаар татвар төлөлт эрс нэмэгдсэн.

-Танай компани ч дээрх өршөөлийн хуульд хамрагдсан уу?

-Бизнес эрхэлж байсан хүний хувьд үр ашгийг хүртсэн. Тиймдээ ч эдийн засгийн өршөөлийн хууль аж ахуйн нэгжүүдэд хэрэгтэй гэдгийг сайн анзаарсан.

-Гэхдээ энэ удаагийн Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль Авлигатай тэмцэх газарт Хөрөнгө орлогоо мэдүүлдэг 40 мянган хүнд үйлчлэхгүй гэдгээрээ л ялгарч байна гэж ойлгож байгаа. Энэ зөв үү?

-Энэ удаагийн Эдийн засгийн ил тод байдлынтухай хууль бол нэг хэлбэр нь. Ялгаатай нь хуулийн төслийг оруулж ирэхдээ авлигын эсрэг хуулийг дотор нь багтаасан байсан. Ингэснээр төрийн албан

 хаагчдын хууль бусаар хөрөнгөжсөн асуудал өршөөгдөх магадлал үүсэх байлаа. Хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байхад Х.Болорчулуун гишүүн зарчмын зөрүүтэй санал  гаргаж, ХОМ-тэй холбоотой бүх заалтуудыг энэ хуулиас хассан.

-Гишүүдийн ихэнх нь аргагүй эрхэнд кноп дарж байгаа харагдсан. Хаалттай хаалганы цаана хэлэлцсэн бол хариулт өөр хувилбараар гарах байсан болов уу?

-Гишүүдийн зүгээс ихэнх нь дэмжсэн. Би бас дэмжиж санал өгсөн.

-Гэхдээ хуулийн төслийн гол санаа нь гээгдчихсэн юм биш үү. Уг нь хуулийн төслийг анх оруулж ирэхдээ Чингис, Самурай бондоос зах замбараагүй идсэн нөхдүүд уснаас хуурай гарахын тулд     ирээдүйн замаа цэвэрлэх гэж өргөн мэдүүлсэн гэлцдэг шүү дээ?

-Дээрх хоёр хуулийг зөвхөн баялаг бүтээгч аж ахуйн нэгжүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулж батлах ёстой болохоос биш хэн нэгэн төрийн албан хаагч, тэр дотроо УИХ- ын гишүүд бид өөрсдөө хамрагдаж болохгүй гэдэг үүднээс авлигын эсрэг заалтуудыг нэг бүрчлэн хассан.

-Таны хувьд энэ хуульд ихэд сэтгэл хангалуун байгаа бололтой?

-Эдийн засгийн ил тод байдлын тухан хууль сайн хууль болсон.

-Ц.Нямдорж гишүүн Эрүүгийн болон бусад хариуцлагад татахыг хориглоно гэж хуульд заасан байна. Эрүүгийн       хариуцлагад татахыг хориглоно  гэдэг нь гүйцэтгэх ажиллагаа явуулахыг, эрүүгийн хэрэгт татахыг хориглоно гээд заачихсан байгаа шүү дээ. Үүнийгээ л ойлгож батлаарай гээд байсан. Та энэ талаар юу хэлэх вэ?

Анхны өргөн баригдсан төслөөр    албан тушаалтнууд, төрийн албан хаагчид гээд хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүс хуульд хамрагдаж, өршөөгдөхөөр байсан.

Би ганц жишээ татья. Л.Эрдэнэчимэг  гэдэг хүн 2014 оны ХОМ-тээ 100 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн байлаа. Гэтэл энэ хууль гарсны дараагаар буюу 2015 оны ХОМ-тээ таван тэрбум төгрөгийн орлоготой гэж мэдүүлэх бололцоог бүрдүүлчихэж байгаа байхгүй юу.

Анхны өргөн баригдсан төслөөр..?

-Яг тийм. Тэгэхээр өнөөх 4.9 тэрбум төгрөгийн хөрөнгийг хаанаас гаргасан гэдгийг өршөөчихөж байгаа юм. Улмаар ингэж нуусан хөрөнгөө ил гаргачихаа л гэж хэлсэн. Гэхдээ бид ийм байдлаар нуусан хөрөнгөө ил гаргаж болохгүй, Тэр дундаа төрийн албан хаагчид. Харин баялаг бүтээгчдийн хувьд олон учир шалтгааны улмаас хөрөнгөө нуун дарагдуулсан тохиолдол бий. Наймаа эрхэлж олсон байдаг ч юм уу.

-Гишүүдийн хувьд хууль бусаар хөрөнгөжсөн эсвэл авлига, албан тушаалын асуудал яригдана шүү дээ?

-Жишээ нь, би гэхэд тэр 4.9 тэрбум төгрөгийг хаанаас олсон байх уу. Миний хувьд цаанаа компанитай, хөрөнгөтэй. Компанитай учраас ил тод татвараа төлөөд явж байгаа. Гэтэл хаа нэг газар нуусан хөрөнгөө, жишээ нь гадаадад, эсвэл авлига, хээл хахуулд авсан хөрөнгөө ил гаргах нь улсаас завшсан, хууль бусаар хөрөнгөжсөн хүнийг өршөөх тухай заалт болж хувирах гээд байгаа юм. Иймээс энэ заалтыг авч хаясан. Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр энэ хувилбараар нэлээд ажилласан. Тэгэхээр Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль компаниудад зориулагдсан нэг удаагийн өршөөлийн хууль гэж ойлгох хэрэгтэй.

-Хэтэрхий нэг талыг нь харсан хууль юм шиг. Нуун дарагдуулсан ,нь өршөөгдөж, үнэнчээр төлж, хөдөлмөрлөж байсан нь төрийн хайр энэрлийн гадна үлдчихлээ гэсэн шүүмжлэлийг сөрөг хүчнийхэн хэлдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хуулийн заалтыг мушгин гуйвуулж байна гэж хэлнэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон мэдэгдэл хийж байгаа улс төрийн намуудыг харахад хууль иргэдэд буруу ташаа мэдээлэл өгөх байдлаар ажиглагддаг. Хууль батлалсан хүний хувьд хэлэхэд, энэ бол ташаа тайлбар гэдгийг хэлье.

-Аж ахуйн нэгжүүд үнэнээ хэлж, нуун дарагдуулсан зүйлээ ил гаргачихвал хүү, торгууль тавьж, хариуцлага тооцохгүйгээс гадна өр төлбөрийг нь тэглэнэ гэх зүйл яригдах юм. Энэ ямар учиртай юм бэ?

-Хуулийн заалтад нуун дарагдуулсан хөрөнгийг улсад заавал төлнө. Гагцхүү торгууль, хүү бодохгүй, мөн Эрүүгийн болон захиргааны хариуцлага тооцохгүй гэж л бий.

-Жишээ нь, нийгмийн даатгалын өртэй олон аж ахуй нэгж Монголд бий. Ажилчдынхаа цалинг нуун дарагдуулсан нь ч бий. Мөн үнэнчээр мэдүүлсэн ч төлж барагдуулалгүй өр үүссэн компаниуд ч үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр аж ахуйн нэгжийн нийгмийн даатгалын өрийг тэглэнэ гэдэг мэдээлэл хэр үндэслэлтэй вэ?

-Тийм заалт огт байхгүй. Энэ бол тухайн компанийн ажилчдын нийгмийн асуудал. Компанийн захирал ажилчдынхаа нийгмийн даатгалыг цалингийн 50 хувиар бодож төлөх байдлаар нуун дарагдуулж байсан бол үнэнээр нь гарга гэж байгаа юм. Тэгвэл торгууль, хүү, шийтгэл оногдуулахгүй. Гагцхүү үнэнээр нь мэдүүлж, төлөөгүй байсан нийгмийн даатгалынхаа мөнгийг нөхөж төлөхөд л хангалттай. Өөрөөр хэлбэл, тухайн ажилчныхаа төлөх ёстойг өөрөөс нь гаргуулж, ажил олгогчийнхоо хувьд 20 хувиа гүйцээгээд төлчихвөл ямар нэгэн хариуцлага тооцохгүй. Энэ бол тав зургаахан заалттай богино хууль.

-Эдийн засагт үзүүлэх үр дүнг нь эрх баригчид сайхнаар төсөөлдөг. Гол нь бодит үр дүнг хэрхэн тооцоолсон бэ?

-Мөнгөн дүнгээр төсөөлөх боломжгүй юм. Хоёр, гурван бланстай компани, хувь хүний хоёр, гурван байраа ил гаргах л асуудал. Ингэснээр эдийн засаг эрчимжинэ.