Ерөнхийлөгч хоригоо өөрөө улстөржүүлсэн
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Чуулганы завсарлагааны хугацаанд Өргөдлийн байнгын хороо ямар ажлууд амжуулж байна?
-Өргөдлийн байнгын хороо бусад байнгын хорооноос онцлогтой. Бусад байнгын хороо бодлогын шинжтэй буюу тодорхой яамдуудтай холбогдож ажилладаг бол манайх иргэдийн санал, гомдол, хүсэлт дээр үндэслэж бодлого тодорхойлдог. Мөн иргэдийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байдаг. Одоогоор манайд ирж байгаа өргөдөл гомдлын тоо буурахгүй байна.
Тэр дундаа бодлогын шинжтэй хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Тухайлбал, бид ирэх сарын эхээр усны талаар томоохон хэмжээний хэлэлцүүлэг хийж, Засгийн газарт тодорхой хэмжээний чиглэл, бодлого өгч ажиллана. Үүний зэрэгцээ иргэдээс ирсэн гомдлуудын шийдвэрлэлт цаг хугацааны хувьд удаан байгаа тул байнгын хорооны зүгээс Засгийн газар, төрийн байгууллагуудад өргөдөл гомдлыг ямар хугацаанд шийдвэрлэж байгаа талаар Ерөнхий сайдад албан бичиг явуулах гэж байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын нэр дээр гэхэд л долоон өргөдөл явуулахад хугацаа хожимдсон, эргэж хариулаагүй гэх зэрэг асуудал гарсан байгаа. Тиймээс тодорхой асуудал дэвшүүлнэ. Ерөнхийлөгч санаачлаад, УИХ баталсан Нийтийн сонсголын тухай хууль гэж байна.
Энэ хуулийг Өргөдлийн байгын хороон дээр хэрэгжүүлж, гомдлын шийдвэрлэлттэй холбоотой яам, агентлаг, газруудын хүнд суртлыг багасгах талаар Нийтийн сонсгол хийхээр төлөвлөсөн. Мөн НҮБ-тай хамтраад цахим засаглал хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Ухаалаг гар утастай бүх хүнд энэ аппликейшнийг байршуулснаар иргэн бүхэн гар утсаараа хууль тогтоох үйл ажиллагаанд саналаа өгөх эрхтэй болно гэсэн үг.
-Хувь гишүүний хувьд орон нутагт ажиллав уу. Ард иргэдтэй хэр их уулзаж, санал солилцов?
-Чуулганы засварлааны үеэр Хойд болон Өмнөд Солонгос, Чехийн парламентын даргын айлчлал боллоо. Тухайн орны парламентын бүлгийн гишүүний үүрэг хүлээж, улсаа төлөөлөн зарим төлөөлөгчийг хүлээж авч уулзах ажилтай байлаа. Мөн орон нутаг тэр дундаа Орхон-Уул аймаг, нийслэлийн хэд хэдэн дүүрэгт ажилласан.
Гаднынхан манай боловсрол, эрүүл мэндийн салбарт томоохон хэмжээний төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх хүсэлтэй байдаг. Төрийн түшээ хүний хувьд энэ тал дээр дэмжиж ажиллахыг хичээж байна. Тухайлбал, Солонгос улсаас цахим сургууль төслийг нийслэлийн зарим сургуульд эхлүүлээд байгаа. Миний хувьд нийслэл гэхээсээ илүүтэй Дархан-Уул, Орхон-Уул аймгийн сургуулиудад хэрэгжүүлэх зорилгоор төслийнхөнд саналаа хэлж хамтарч ажиллахаар болсон.
Харамсалтай нь сүүлийн үед улстөржилтөөс болоод ямар ч ажлыг явуулахгүй байна. Эрдэнэт хотын урдаа барьдаг сургуулиудын нэгэнд нь энэ төслийг хэрэгжүүлэх гэсэн боловч анги танхим хүрэлцээгүй, гурван ээлжээр хичээллэдэг гэсэн шалтаг тоочиж ажил явуулах хүсэлгүй байна. Би үүнийг МАН-ынхны бас нэг улстөржилт гэж харж байгаа.
Өөр нэгэн жишээ хэлье. Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисст багтсан Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл гэж хүн мөн л улстөржөөд явж байна. Ер нь төрийн алба болоод томилгооны асуудлыг улстөржүүлэхгүй байх хэрэгтэй гэдгийг үүнээс харж болно. Хоёрдугаарт, улстөржөөд байгаа хүмүүст хатуу арга хэмжээ авах ёстой. Ц.Энхцэнгэл гэдэг хүн бол төрийн хуулийг эсэрцүүцэж байна. Хэрэв хуулийг эсэргүүцэж байгаа бол хууль бус үйлдэл хийж байна гэсэн үг. Үүнд эрүүгийн хариуцлага тооцсон ч болно шүү дээ.
-УИХ дахин ээлжит бус чуулган зарлана гэж байгаа. Танд энэ талаар албан ёсны мэдээлэл байна уу?
-УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг хааж үг хэлэхдээ хэрэв Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавих юм бол ээлжит бус чуулганыг зарлаж, энэ асуудлыг шийдвэрлэнэ гэсэн. УИХ-ын дэгийн тухай хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг ээлжит болон ээлжит бус аль ч чуулганаар хэлэлцэж болно.
Гэхдээ чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор заавал шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Өршөөлийн хуулийг аль болох цаг агаар хүйтрэхээс өмнө, төрийн байгууллагуудын уялдаа холбоог нарийн гаргаж, санхүүгийнхээ асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэж явах шаардлагатай учраас төсөв хэлэлцэхээс урьтаж шийдвэрлэх шаардлагатай. Тиймээс ирэх сараас өмнө ээлжит бус чуулган зарлах байх гэж харж байна.
-Өршөөлийн хуулийг батлаад удаагүй байгаа ч энэ талаар олон нийт янз бүрийн ойлголттой болж, зарим нь төөрөлдөж, эргэлзээ төрүүлэх боллоо. Хуульч гишүүний хувьд ямар тайлбар өгөх бол?
-Би 2012 онд УИХ-ын гишүүн болсон цагаасаа шоронжсон нийгэм, хууль эрхзүйн тогтолцоог өөрчилье гэж байсан. Мөн залуучуудын 70, 80 хувь нь гэмт хэрэг хийж хоригдож байна гэдэг асуудлыг тавьсан. Үүнийг цэгцлэхэд хоёр арга зам бий. Нэгдүгээрт, хуулийн шинэчлэл хийх. Хоёрдугаарт, Өршөөлийн хууль гаргаж энэ байдлыг засах учиртай. Харамсалтай нь хэт улстөржүүлж байна.
Өмнө нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг хоригдож байхад гишүүд очиж эргэхэд, олон хүн Өршөөлийн хууль гаргах талаар саналаа хэлдэг байсан. Тэр утгаараа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл хуулийн төслийг санаачилсан. Гэвч хоригдож байгаа даргаа суллах гэж уг хуулийн төслийг гаргалаа гэж цуурч эхэлсэн.
Ингээд бид түр хойшлуулаад, Н.Энхбаяр даргыг суллагдсаны дараа дахин өргөн барьсан. Харин тухайн үед бас л бидний санаачилсан хуулиас илүү сайн хууль гаргах гэж байна гэдэг тайлбарыг өгч байсан. Гэтэл тэр төслийг нь аваад үзвэл учир дутагдалтай, ноцтой заалтууд их байсан. Тухайлбал, тав хүртэлх жилийн ялтай хүн бүрийг шоронд оруулахгүй, тэнсэн болгоно.
Эсвэл ял наймаалцах буюу албан ёсны авилгыг зөвшөөрөх, бага насны хүүхэд хүчирхийлсэн тохиолдолд хоёрхон жилийн ял өгөх. Мөн хар тамхи худалдан борлуулсан хүнд маш бага ял өгөхөөр ноцтой заалтууд оруулсан байсан. Тиймээс хуульч гишүүд бодлогын хувьд ийм зүйл огт байж болохгүй гэдгийг эсэргүүцсэн. Ингээд удаан хугацаанд хэлэлцэж байж энэ удаагийн Өршөөлийн хууль гарч байна.
-Олон жил хүлээгдсэн Өршөөлийн хууль батлагдлаа. Харин Ерөнхийлөгч уг хуульд хэсэгчилсэн хориг тавихаа мэдэгдлээ шүү дээ. Таны хувьд энэ хоригийг хүлээж авах уу?
-Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавихаа мэдэгдсэн. Мэдээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавих хориг бол түүний эрх. Гэхдээ тэр хоригоо өөрөө улстөржүүлсэн. Ингэхдээ зөвхөн нэг хүн рүү дайраад байгаа. Төрийн тэргүүн иргэн рүүгээ дайрч болдоггүй. Тухайн иргэн өмнө нь ямар ажил хийж байсан, одоо ямар байгаа нь хамаагүй.
Мөрдөн байцаалтад хөндлөнгөөс нөлөөлөх эрх хэнд ч байхгүй. УИХ-ын гишүүн тэр тусмаа Ерөнхийлөгчид ч байхгүй. Нөгөө талаас прокурорын байгууллагуудыг турхирч болохгүй шүү дээ. Прокурорын байгууллагад эдийн засгийн амлалт өгч болохгүй. Учир нь өнөөдөр тэдний цалинг нэмэх эсэхийг Ерөнхийлөгч шийддэг юм биш. Төсөв болоод УИХ шийддэг зүйл.
Бид шүүгчийн цалин нэмэгдсэнд шүүмжлэлтэй хандаж байгаа нь шүүгчид цалин өгөхгүй гэж байгаадаа юм биш. Өнөөдрийн байгаа төсөв нь төрийн албан хаагчдыг ялгаж, хандахад хүргэж байна. Хүний амь авардаг эмч 450 мянган төгрөгийн цалинтай байхад хүний хувь заяаг шийддэг шүүгч дөрвөн сая 500 мянган төгрөгийн цалинтай байж болохгүй.
Ингээд хэлж, ярихаар шүүгч, прокурор нараа та бүхний цалинг нэмэхгүй гээд тэр хүмүүс л дургүйцэж байсан гэх байдлаар буруу тайлбарлаад эхэлдэг. Цаашлаад чи тэр дүүгээ аваад ир. Ер нь чи Монголд агаар амьсгалаад байхдаа яадаг юм. Төрийн ордонд битгий орж ир гэх байдлаар хэлж, ярьж байна.
Өөрөөр хэлбэл, Төрийн тэргүүн нэг хүн рүү дайрч болохгүй юм. Ер нь энд хувийн шинжтэй асуудал байгаа учраас Өршөөлийн хуулийн заалтыг хүлээж авах нь надад айдас төрүүлж байна. Бодлогоороо зарим заалтыг нь дэмжээд явъя гэхээр цаана нь хэлмэгдүүлэлт болох гээд байна. Төрийн тэргүүн чиний аминд хүрнэ гэж хэлсэнтэй адил харагдаад байгаа.
МАХН-ын гишүүн, Монгол Улсад хүний эрхийн чиглэлээр ажиллаж байсан хуульчийн хувьд ч нэг талд давуу эрх олгож, тэр хүнд бололцоог өгөх нь аюултай болж байгаа юм. Ерөнхийлөгч өөрөө хийсэн үйлдлээрээ намайг хориг хүлээж авах боломжгүй болгож байна. Уг нь Ерөнхийлөгч прокурорын байгууллагын хурал дээр ярихдаа авлигын индекс олон улсад ямар байна гэх маягаар үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй байсан.
Хориг тавих эрх нь чөлөөтэй. Хамгийн гол нь өнөөдөр Төрийн тэргүүний хувийн ашиг сонирхлоор тэр дундаа хуулийн байгууллагуудыг турхирсан үйлдлийг өөгшүүлэх үү. Эсвэл үүнийг нь зогсоох уу гэсэн хоёр хувилбар дээр зогсч байна. Үнэхээр энэ хориг нь эмзэг асуудал болоод байна.
-УИХ өршөөл үзүүлэх харин Ерөнхийлөгч уучлал үзүүлэх эрхтэй байдаг. Гэхдээ өнөөдөр Ерөнхийлөгч хориг тавьж байгаа нь УИХ-ын бүрэн эрхэд нэг талаараа халдаж байгаа хэрэг гэж ойлгож болох уу?
-Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй юу гэвэл тийм. Гэхдээ хэдийгээр бичигдээгүй ч ёс зүйн асуудал гэж байдаг. Нэгнийхээ онцгой бүрэн эрхэд нөгөөх нь халддаггүй. Парламентын онцгой бүрэн эрх бол өршөөл үзүүлэх. Харин Ерөнхийлөгчийнх уучлал үзүүлэх байдаг.
Тэгэхээр уучлалтай нь холбоотой онцгой бүрэн эрхэд нь УИХ халдаж янз бүрийн байдлаар шийдвэр гаргана гээд байж болохгүй. Болохгүй гэдгийг ёс зүй дээр суурилж ярьж байгаа юм шүү. Хуулиа барих юм бол аль алинд нь бололцоо байгаа.
Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг хүчингүй болгох эрх парламентад, парламентын гаргасан шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих эрх нь ч бий. Гэхдээ Монгол Улсын тэргүүн бол эв нэгдлийг илэрхийлэгч байдаг. Тэр утгаараа ч гэсэн бодох л ёстой.
Ерөнхийлөгчийн хоригийг нээлттэй хэлэлцэх эсэх тухайд ч цөөнгүй гишүүн саналаа хэлээд эхэллээ шүү дээ?
-Ер нь хоригийг хүлээж авахад заавал дахин хэлэлцүүлэг болно. Хэлэцүүлгийн үед гишүүд санал гаргах боломжийг олгож байгаа гэж харж байна. Ерөнхийлөгч авлига албан тушаалын хэргийн асуудлаар хориг тавьсан гэж харахгүй байгаа. Учир нь Үндсэн хууль болон холбогдох хууль зөрчсөн тохиолдолд Ерөнхийлөгч хориг тавьдаг болохоос өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүл гэж шахаж хориг тавьдаггүй.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй. Хэрэв ямар нэгэн зүйл дутуу байна гэж үзвэл хуулиа санаачлаад явах эрх нь тэр хүнд бүрэн байгаа. Одоо тавьж байгаа асуудал нь ямар хууль, дүрэм, журам зөрчсөн гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна. УИХ-ын дэгийн тухай хуулийн 31-д Ерөнхийлөгчийн хориг нь тусгай дэгээр явахаар заасан байдаг. Тусгай дэгийн дагуу энэ асуудал явах байх гэж ойлгож байна.
-Эцэст нь нэг зүйл лавлаж асууя. Засгийн газрын зургаан сайдыг дахин томилохтой холбоотой таныг Хууль зүйн сайдын суудалд сууна гэсэн яриа байгаа. Энэ талаар?
-МАХН дотор болж байгаа яриа надад нэг их сонсогддоггүй. Тэр дундаа томилгоотой холбоотой асуудлыг гадуур хэлэлцээд, шийдвэрлэдэг. Надад чи сайд болох гэж байгаа, чи сайд болно гэж хэн ч хэлээгүй. Тэр тусмаа Хууль зүйн сайдын талаар огт яригдаагүй. Харин би энэ мессежийг хаанаас хэн шидсэн бэ гэдгийг нэр устай нь мэдэж байгаа. Яагаад ийм зүйл хийж байгаа нь ч ойлгомжтой.