Наймдугаар сарын улстөрийн цаг агаар
Уг нь “наймдугаар” сар бол улстөрийн хүрээнхний хувьд жинхэнэ амралтын сар.
Харин энэ жил амралтын биш ажлын байдалтай өрнөж байна. Хаврын чуулганы төгсгөл УИХ-ын дарга ээлжит бус чуулган хуралдуулана хэмээн хэлсэн нь өнгөрсөн хоёр долоо хоногт биелэлээ олж эгзэг таарч өгөхгүй байсан хуулиудыг батлаад амжив. Эхнээсээ л өөрсдийн эрх ашгийн төлөөх хуулиа амралтаа цуцлан байж ажиллаж батлуулах төлөвлөгөөтэй байсан. Түүндээ ч хүрсэн.
Хаврын чуулганаар хэлэлцэх бүртээ ирц хүрээгүйн хэмээн хойшлогдож байсан Эдийн засгийн ил тод байдлын болон Өршөөлийн тухай хуулийн хаалттай хэлэлцээд батласан. Хэрвээ наадмаас өмнө батлах гэсэн бол МАН-ын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулах байсан учрааас АН-ын хувьд засагт хамтарсан зургаан сайдыг огцруулах нэрийдлээр тэдэнгүй хуралдаж зорилгоо гүйцээсэн ч Ерөнхийлөгч хориг тавихаар болов.
Тэр дундаа хамгийн онцлох заалтууд болох 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлд хэсэгчлэн хориг тавих шийдвэрийг УИХ-д хүргүүлээд амжсан. Харин энэ долоо хоногт Засгийн газрын нэр бүхий гишүүдийг огцруулж, шинээр сайдуудыг томилох асуудлаар УИХ-ын чуулган ээлжит бус хуралдаантай. Хэрвээ дээрх асуудлаа нэг мөр шийдвэрлэчихвэл Ерөнхийлөгчийн хоригийг нээлттэй журмаар хэлэлцэнэ.
Нөгөө талдаа гурван намын нийлбэр болох Шударга ёс эвлэл засагт хамтрахаар шийдсэн үйл явдал. МАХН-ын дарга Н.Энхбаяр нь гадаадаас салхилахаар ирсэн энэ үед саарал ордонд нилээдгүй үймээн болж байна. Тэдний эвсэл зургаан сайдын суудлын хоёрыг нь өөрсдийн болгох тодорхой болоод байгаа. Учир нь өчигдөрхөн хэвлэлүүдээр АН-ынхан дөрвөн сайдын нэрсээ задлачихсан. Тиймээс үлдсэн хоёр квот нь тэднийх.
Шадар сайдын суудалд Н.Энхбаяр дарга өөрөө нэрлэгдэж байгаа бол үлдсэн нэг суудалд нь Н.Батцэрэг болон О.Баасанхүү нарын нэрс шуумарч байгаа. Ерөнхийд нь дүгнээд харвал наймдугаар сарын улстөрийн цаг агаар бүгчимхэн өнгөрөв бололтой.
Ямартай ч цаашдаа намууд ямар нүүдэл хийхийг хүлцэнгүй ард түмэн нь хараад л сууж байхаас даа.