Олонхийн санал авсан нь сайд болох байх
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2015.08.19

Олонхийн санал авсан нь сайд болох байх

УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болно гэх мэдээлэл хэвлэлээр хөвөрч байна. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Намаас тань таныг сайдад нэр дэвшүүлсэн гэх мэдээлэл байна. Энэ хэр бодитой вэ?
 

-Нөхцөл байдлыг харж байхад авлигын хуулиар далимдуулж, Засгийн газрыг барьцаалж байгаа зүйл байна. Монгол Улсын Их хурлын парламентад байгаа намууд цаг алдалгүй засгаа  хурдан төвхнүүлээд явах хэрэгтэй. Манай намын бүлгийн хурал дээр нэр дэвшигчдийн талаар яриагүй байгаа.

Таныг БОНХАЖ-ын сайдад нэр дэвшүүлж байгаа гэсэн шүү дээ?

 -Нэр дэвшигчдийг бүлгийн хурлаар оруулж, олонхийн санал авсан нь сайд болох байх гэж бодож байна.

 -Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавьсан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

Төрийн өндөр албан тушаалтан гэдэг Монгол төрд тангараг өргөсөн хүмүүс. Авлига авч, албан тушаалаа хэтрүүлэн ашиглан гэдэг бол нэг ёсондоо тангаргаасаа няцаж, эх орноосоо урваж байна гэсэн үг. Өршөөлийн хуульд эх орноосоо урвах бусад зарим зүйл заалт хамрагдаагүй байгаа. Үүнтэй адил албан тушаалаа урвуулан ашиглах, авлига хээл хахууль авсан хүмүүст төр цээрлэлээ үзүүлэх ёстой. Төрийн хууль ард түмэндээ зөөлөн, төрийн албан тушаалтнуудад цээрлэл нь хатуу байх ёстой гэж энгийн иргэд ярьдаг. Ял эдэлж байгаа хүмүүсийн ихэнх нь залуус байна. Алдаж эндсэн аавын хүүг төр цээрлүүлж чаддаг бол эргээд энэрэнгүй хандаж, өршөөл үзүүлдэг гэдгийг энэ хуулиар харуулах ёстой. Харин төрийн өндөр албан тушаалтнуудад авлигын асуудалд хатуу байх хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч авлигатай тэмцэнэ гэж ард түмнийхээ дэмжлэгийг авсан байдаг. Энэ дэмжлэгээ нэлээд ширүүн эсэргүүцэл дунд явуулж байна уу даа гэж би харж байна.

Монгол Улс дэлхийд авлигын индексээр ахицтай байгаа. Хэрэв энэ Өршөөлийн хуулийн хүрээнд авлигачдын толгойг илээд гаргачихвал дэлхийн нийтийн шившиг болно. Бид алсыг харах ёстой. Төрийн хууль үнэ цэнэгүй болно. УИХ бүр Өршөөлийн хууль гаргадаг, төрийн өндөр албан тушаалтнуудын авлигыг өршөөгөөд өнгөрөх юм бол улс оршин тогтнох асуудал ч хурцаар тавигдана. Газар шороогоо, ордуудаа худалдаад дуусч байна. Эдний толгойг илж болохгүй. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг дэмжинэ гэж бодож байгаа.

Хоригийг дэмжиж кноп дарна гэсэн үг үү. Эргээд таныг ирэх сонгуулиар нэр дэвшүүлэхгүй гэх дарамт намаас тань ирэхгүй байгаа?

 -Энэ миний УИХ-ын гишүүний үзэл бодол. Ард түмэн юу хүсч байна, би тэр хүслийг нь л биелүүлэх ёстой.

-УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах магадлал өндөр байгаа юм байна.

 УИХ яаж хүлээж авах талаар төсөөлөл бага байна. Гэхдээ гээндээ ч бий гоондоо ч бий гэгчээр АН, МАН-д ч авлигачид байгаа. Өршөөлийн хуульд хамрагдах авлигачдын 70 гаруй хувь МАН-ынх гэж сонссон. МАН-ынхан энэ асуудалд яаж хандахыг харъя гэж бодож байна.