Өршөөлийн хууль гарах цаг хугацаа нь л ингэж таарлаа
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Өршөөлийн хуулийг хэлэлцээд баталчихлаа. Энэ хуулийг батлах шаардлага үнэхээр байсан уу?
- 2008 оны 2, 3, 5 сард Эрүүгийн хуулинд хийсэн өөрчлөлтүүд байдаг. Энэ өөрчлөлтүүд нь ялын бодлогыг хатууруулсан. Ял шийтгэлийн зүйлчлэлийг хүндрүүлсэн. Үүнээс болоод маш олон залуучууд шоронд хоригдож байгаа. Хууль зүйн яамны хамгийн сүүлийн байдлаар ирүүлсэн мэдээллээр энэ он гарсаар 4600 хүнд ял шийтгэл ноогдуулсан байна гэсэн.
Түүнд баривчлах торгох, хорих гэх мэтчилэн янз бүрийн шийтгэл багтана. Энэ маань цаашид нэмэгдэх хандлагатай байгаа. Тэгвэл 2012 онд эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн шинэчлэлийн хуулийн батлах замаар ял шийтгэл хүлээх хүний тоо багасна гэж үзсэн. Энэ хуулийг шууд батлая гэхээр Хууль зүйн байнгын хороонд байгаа нэр бүхий гишүүд мэргэжлийн түвшинд авч үзэх хэрэгтэй. Яаравчлан батлах боломжгүй гэж үзсэн.
Онолын хувьд Эрүүгийн хууль гэдэг нь шинжлэх ухаан. Бусад орны хууль тогтоомжуудтай харьцуулах ёстой. Ялангуяа бусад хөгжингүй орнуудын хуулиас дордуулахгүй байх ёстой. Тиймээс УИХ-ын ээлжит чуулган руу шилжүүлж, ээлжит чуулган болтол Эрүүгийн хуулийн зөрчилтэй асуудлуудыг засья гэсэн. Харин Өршөөлийн хуулийг 2012 онд анх Шударга ёс эвслийн бүлгийн нэр бүхий гишүүд өргөн барьсан. Тухайн үед энэ асуудал нь хоёр хардалт дагуулсан.
Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллах гэж байна гэдэг асуудал яригдсан учраас бид нар тухайн үед энэ хуулиа оруулаагүй. Дараа нь Н.Энхбаяр дарга уучлалаар гарсан тул дахин өргөн барьсан. Яагаад гэвэл шоронжсон нийгэмд, шоронжсон байдлыг одоо больё. Одоо хардах юм байхгүй. Шударга ёс эвслээс нэг ч хүн шалгагдаагүй, хоригдоогүй, нэг ч хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн тоот, тогтоолд шийдвэр байхгүй учраас хардалтгүй болсон гэдэг утгаараа өргөн барьсан.
-Өршөөлийн хуулиар яг хичнээн хүн суллагдах юм бол?
-Би ажлын хэсгийн ахлагч биш учраас нарийвчилсан тоог хэлж мэдэхгүй байна. Багцаа тоо хэлье. Засгийн газрын зүгээс ойролцоогоор 1500 орчим хүнийг суллахаар оруулж ирсэн. Харин манай бүлгээс 1900 гаруй хүн суллагдахаар хуулийн төслийг оруулсан. Ер нь бол Хорих ангиудад 6000 гаруй хүн хоригдож байгаа, тэдний гуравны нэг хувь нь өршөөгдөнө.
-Авлига албан тушаалын хэргээр ял эдэлж байгаа хичнээн хүн өршөөлөөр суллагдах юм бэ?
-Нэг зүйлийг онцолж хэлье энэ хуулийг хаалттай хэлэлцсэн учраас би тодорхой мэдээллийг хаалттай хэмжээнд л өгөх ёстой. Чуулганы үеэр нэр бүхий гишүүн тодорхой зүйлчлэлээр буюу авлига, албан тугаалтны хэргийг өршөөлд хамруулахгүй гэсэн санал гаргасан боловч хэлэлцэхийн өмнө уг асуудлаа татаад авчихсан. Нэгэнт гишүүн гаргасан саналаа татаад авчихаар тэрийг хэлэлцэх боломжгүй.
Харин нэр бүхий гишүүдээс тодорхой асуудлаар Улсын ерөнхий прокуророос ирсэн саналыг өргөн барьсан нь олонхоор унасан. Тэгэхээр эрүүгийн хуулийн 150, 264 гэж ярьдаг тодорхой албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглах, 268 буюу хээл хахууль авах, өгөх зуучлах зэрэг хэргүүд өршөөлд хамрагдсан гэж ойлгож болно. Сэтгүүлчдийн зүгээс УИХ-ын гишүүд өөрсөддөө нийцүүлсэн хууль баталлаа гэсэн хардалт их гарсан. Би үүнийг үгүйсгэнэ.
Яагаад гэхээр Монгол Улс УИХ-ын 76 гишүүнтэй. 76 гишүүний нэр дээр нэг ч Эрүүгийн хэрэг үүсгэсэн тоот дугаар байхгүй. Мөн Улсын Ерөнхий прокуророос нэг ч УИХ-ын гишүүнийг эрхийг түтгэлзүүлье. Энэ этгээдийн эрхийг нь хязгаарлаж өгөөч ээ. Шалгая гэсэн хүсэлт байхгүй. Тэр утгаараа өнөөдөр 76 гишүүнтэй холбоотой асуудал нэг ч байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж чадна.
-Өршөөлийн хуулийг яагаад ээлжит бус чуулганаар тохируулсан юм бэ?
-Монгол Улсын Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйл анги гэж байдаг. Энэ зүйл ангиар хөнгөн гэмт хэрэг гэвэл 5 жил, хүнд гэмт хэрэг гэвэл 8 жил ял эдэлсэн боловч насан туршид ялтай гэж цол тавьдаг байсныг нь Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар болиулсан. Шинэ Эрүүгийн хуулийн концепциор болсон. Би ярианы эхэнд ч хэлж байсан. Бид шинэ Эрүүгийн хуулийн концепцид нийцүүлээд хэд хэдэн зарчмын асуудлаар Өршөөлийн хуулийг оруулж ирсэн.
Нэгдүгээрт аливаа хэргийн хөнгөн, хүнд, хүндэвтэр гэж ялгахаа больсон учраас хөнгөн, хүнд, хүндэвтэр, онц хүнд гэж ялгахгүйгээр зөвхөн тухайн хэргийнх нь зүйлчлэлээр нь хаалтанд оруулах, хаалтнаас гаргах буюу өршөөе гэсэн асуудлыг ярьж байгаа. Хоёрдугаарт нь ялтайд тооцох, ялгүйд тооцох гэдэг асуудал Эрүүгийн хуульд огт байхгүй байгаа учраас энийг бас бүрэн хасаж байгаа юм. Өнөөдөр энд хувь хүнтэй холбоотой асуудал ерөөсөө яригдах ёсгүй.
Яагаад гэвэл 3-4 жил хүлээгдээд байгаа юм. Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг гарахыг хүлээж байсан. Маш олон удаа өргөн бариад буцаад байсан. Одоо өргөн барьсан Эрүүгийн хууль нь ч гэсэн маш хэцүү хууль. Онолын хувьд заавал засч янзлах шаардлага маш их байгаа. Мэргэжлийн хүмүүс энэ асуудлыг маш сайн ойлгож байгаа. Тийм учраас энэ хуулийг удаан хүлээлгүй энэ зун л Өршөөлийн хуулийг гаргахгүй бол болохгүй байсан. Өршөөлийн хуулийг өвөл гаргаж болдоггүй. Яагаад гэвэл маш олон хорих ангиудаас хэн нэгнийг суллах, тэднийг орон байранд нь хүргэж өгөх зэрэг олон асуудал үүсдэг.
Өршөөлийн хууль гарлаа гээд маргааш нь шууд хаалгаа онгойлгоод та одоо явж болно гэдэггүй. Комисс гарна, комиссын ажил нь төвлөрнө. Дээрээс нь 21 аймагт шорон байгаа. Шорон болгоноос очиж мэдээллүүдийг нь авна гээд нарийн юм байгаа. Тиймээс энэ зун л гарахгүй юм бол ирэх зун сонгууль болчихно. Цоо шинэ парламент хэрхэн яаж ажиллахав. Тиймээс энэ удаагийн парламентийн үед зайлшгүй гаргах ёстой хууль. Цаг хугацаа нь л ингэж таарч байгаа юм.
-Өршөөлийн хуулийн үйлчлэлийг гурав ангилж байгаа гэсэн. Энэ талаараа тодруулж өгөөч?
-Нэг хэсгийг нь ял шийтгэлээс бүрэн чөлөөлж байгаа. Нөгөө хэсгийн нь ял шийтгэлээс нь тодорхой хугацааг хасна. Гуравт нь нэгэнт ялаа эдлээд гарсан бол ял шийтгэлтэй гэж тооцох хугацааг нь байхгүй болгох гэсэн гурван төрлийн өршөөл үзүүлж байгаа юм.
-Энэ хуулиар тухайн хүний намтар дээр ялгүй гэж бичигдэнэ гэсэн үг үү?
-Шинэ эрүүгийн хуулийн 78 дугаар зүйл ангийг хүчингүй болгох төсөл Засгийн газраас орж ирсэн байгаа. Засгийн газрын өргөн барьсан Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн концепицид нийцүүлж энэ хуулиа бид нар оруулж ирсэн. Тодорхой ажлууд дээр тухайлбал, цагдаагийн байгууллагын тухай хуулинд өмнө нь ял шийтгүүлж байсан этгээд гэж байдаг. Гэтэл тэр хүн санамсаргүйгээр автын багахан осол хийчихээд 10 жилийн дараа ч тэр амьдралд нь нэг толбо үлдэж, гадаадын виз авъя гэхээр тэрийг нь өгдөггүй. Тиймээс Өршөөлийн хуулиар тэр эрхийг нь нээж өгч байгаа гэсэн үг.
-Залилангийн гэмт хэргийг энэ удаагийн хуулинд оруулсан уу?
-Залилангийн хэргийг энэ удаад оруулсан. Яагаад оруулсан бэ гэхээр зургаан удаагийн Өршөөлийн хууль гарахдаа нэг удаа ч энэ хэргийг өршөөлд хамруулж байгаагүй. Гэтэл манай Өргөдлийн байнгын хороонд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хэргүүдийн тухай мэдээлэл ирдэг. Тухайлбал, 64 настай эрэгтэй, 62 настай эмэгтэй буюу нэг гэр бүлийн хоёр хүн 11 жилийн ял авчихлаа. Ялыг хөнгөрүүлж өгөөч гээд өргөдөл ирүүлсэн.
Тэр хоёр ямар хэрэг хийгээд ял авав гээд судлаад үзэхэд 7 сая төгрөг бусдаас залилсан байгаа юм. Яаж залилсан бэ гэхээр виз гаргаж өгнө гээд ойр хавийнхаа хүмүүсээс 1 сая, 1 сая 500 мянган төгрөг авсан байж. Тэр хоёр консул биш, элчин биш, солонгос хэлгүй, зүгээр л гэр хороололд хашаанд амьдардаг хүнд мөнгөө өгч байгаа иргэд өөрсдөө энэ асуудлаа сайтар бодох ётсой. Ийм үйлдэлдээ иргэд нэг удаа ч хариуцлага хүлээдэггүй. Нөгөө хоёр хүнээс авсан мөнгөөрөө тэтгэврийнхээ зээлийг төлж, байшингаа авч үлдээд, үлдсэн мөнгийг нь хоолондоо л үрчихсэн юм байна.
Тэгтэл нөгөө мөнгөө өгсөн хүмүүс нь бидний визийг гаргаж өгөөгүй гээд шүүхэд өгсөн байсан. Тэд хууль бус үйлдэл хийгээгүйнхээ төлөө шүүхээс 11 жилийн ял авч байна. Хууль бус үйлдэл хийгээгүй гэдэг нь тэд бусдад хахууль өгөөгүй, гадаадын элчин сайдын яамны янз бүрийн хүмүүсийг өөртөө татах үйлдэл хийгээгүй, хуурамч бичиг баримт ч бэлдээгүй байгаа юм. Ийм олон хэрэг байгаа. Саяхан нэг хэвлэл дээр гарч байсан даа. Хорт хавдраа эмчлэхэд шаардлагатай мөнгөө хүнээс аваад өөрийгөө эмчилхсэн. Гэтэл залилан болоод ял авсан байна.
Ер нь Эмэгтэйчүүдийн хорих ангид гурван төрлийн гэмт хэрэг давамгайлсан байдаг. Нэгд, хүн амь. Тэр нь ихэвчлэн гэр бүлийн хүчирхийлийн дор үйлдэгдсэн байдаг. Хоёрт залилан. Гуравт нь, хулгай. Хулгай гэмт хэрэг нь ихэвчлэн нэн ядуу түвшинд амьдардаг эмэгтэйчүүд үйлдсэн байдаг. Тэд хүүхдээ тэжээхийн тулд, хоолтой байлгахын тулд тийм алхам хийдэг. Өнөөдөр эмэгтэйчүүдийг гэмт хэрэг рүү түлхэж, гэмт хэрэгтэн болгосон нэг нөхцөл нь энэ нийгэм өөрөө. Тиймээс энэ эмэгтэйчүүддээ нааштай хандах ёстой гэдэг утгаараа 148.4 буюу залилангийн хэргийг өршөөлд хамруулсан.
-Өршөөлд хамрагдахгүй хэргүүдийг тодруулж хэлж өгөөч?
-Өршөөлд хамрагдахгүй хэрэг олон бий. Тухайлбал, тагнуул хийсэн, эх орноосоо урвасан, терроризм, хар тамхи, хүн худалдаалах, хүчин, бэлгийн дур хүслээ гаж хангасан, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан гэх мэтчилэн байгаа.
-Хорих ангиас гарч ирж байгаа хүмүүсийг хүлээн авах бэлтгэл хэр байгаа бол. Ард иргэд хорих ангиас олон хүн гарах нь гэсэн болгоомжлолтой байгаа нь нууц биш?
-Бидний авсан судалгаагаар гэмт хэрэг хийгээд хоригдоод өршөөлөөр суллагдсан хүмүүсийн 6 хувь нь давтан хэрэг хийгээд эргээд ордог, бусад нь ордоггүй гэж байгаа. Зургаан хувиг харьцангүй бага гэж харж байгаа. Одоо гараад явах хүмүүсийг нийгэмшүүлэх ажлыг хийхийн тулд комисс ажиллах юм. Тодруулбал, тухайн хүний үндсэн захиргаа, нутгийн удирдлага, цагдаагийн байгууллагуудад нь мэдээллийг нь шилжүүлэн өгч, хараа хяналтанд байлгах, ажилд оруулах зэрэг нарийн ширийн зүйлийг хэрэгжүүлэхэд нь анхаарал хандуулж, шаардлага тавьж ажиллана.
-Төсөв шаардлагатай юм байна тийм үү?
- 2000 хүрэхгүй л иргэний асуудал дээр нэг их айхтар төсөв мөнгө гарахгүй гэж бодож байна.
-1900 гаруй хүний хичнээн нь эмэгтэй хүн байгаа бол?
-Нарийн тоог нь хэлж мэдэхгүй байна. Хамгийн их өршөөгдөх бололцоотой нь урьдын жишгээр насанд хүрээгүй хүүхдийн хорих, эмэгтэйчүүдийн хорих ангид хоригдож байгаа хүмүүс. Мөн бид өмнөх Өршөөлийн хуулиуд дээр байсан нэг ноцтой алдааг зассан. Тэр нь юу гэвэл, насанд хүрээгүй хүүхэд хүн алсан байхад нь өршөөдөг байсныг энэ удаад хаалтанд оруулж өршөөл үзүүлэхгүй.
-Гал үндэстэн холбооны Ц.Мөнхбаярын хэрэг өршөөгдөж байгаа юу?
-Өршөөгдөж байгаа. Ц.Мөнхбаярын хэрэг яагаад өршөөгдөж байгаа вэ гэхээр Эрүүгийн хуулийн 177.1 зүйл ангиар ердөө хоёрхон хүн хоригдаж байгаа. Тийм учраас хоёрхон хүн гэдэг утгаар нь өршөөлд хамруулсан.
-Авлига, албан тушаалтай холбоотой хэргээр ял эдэлж байсан хүмүүс ялгүй гэсэн тодорхойлолтой болж байгаа юм чинь сонгуульд нэр дэвших эрх нь нээгдэнэ гэсэн үг үү?
-Тэр хүний хувийн л хэрэг болсон.
-Хуулийнхаа хүрээнд нээлттэй болж байгаа юм байна тийм үү?
-Ер нь бол нэг үнэн зүйл байгаа шүү дээ. Өнөөдөр сонголтыг ард түмэн л хийдэг. Тийм болохоор хэнийг сонгох нь ард түмний гарт байна. Харин сонгуулахгүй гээд явж байгаа бол энэ шударга буюу хүмүүнлэг нийгэмд байж болохгүй зүйл. Ард түмэн хэнийг сонгохоо өөрсдөө л шийднэ.