АН хамтрахыг хуйвалдах гэж ойлгосон
УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа. Тэрбээр “Хувь хүн болон бүлэглэлийн эрх ашиг хэчнээн том байгаад ч улс орны эрх ашгийн дэргэд өчүүхэн байдаг. Тиймээс бид ирээдүйгээ харж, асуудлыг шийдэх ёстой. Энэ утгаараа Ардчилсан нам, МАН хоёрын хамтын ажиллагаа Монголын улс төрд төдийгүй, Монголын хувь заяанд хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
-УИХ-ын чуулган хаалттай горимоор Өршөөлийн хуулийг хэлэлцэн, баталсан. Гэвч парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцөн, өөрт ашигтай байдлаар хуулийг баталлаа гэх хардлага нийгэмд байна. Та үүнтэй санал нийлж байна уу?
-Сүүлийн жилүүдэд хүчтэй яригдаж, нийгэмд багагүй хүлээлт үүсгэсэн хууль бол Өршөөлийн хууль. Монгол Улсын төр өнгөрсөн 25 жилийн хугацаанд зургаан удаа Өршөөлийн хуулийг баталсан. Миний хувьд төрийн бодлогын хүрээнд ард иргэддээ, ялангуяа гэмт хэрэг үйлдсэн ч хохирлоо бүрэн барагдуулсан, бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд насанд хүрээгүй болон санамсаргүй байдлаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн иргэдийн хүрээнд өршөөлийн хууль үйлчлэх хэрэгтэй 'гэсэн байр суурьтай байсан. УИХ дахь МАН-ын бүлэг ч гэсэн мөн ижил.
Гэвч хуулийн хэлэлцүүлгийн явцад Ардчилсан нам тэргүүтэй олонхийг бүрдүүлж байгаа нөхдүүд хүч түрэн авлига, албан тушаалын буюу хүнд, онц хүнд гэмт хэрэгтнүүдийг Өршөөлийн хуульд хамруулахаар болсон. Энэ нь мөрдөн байцаалтын болон ял эдэлж байгаа тодорхой бүлэг хүмүүст зориулсан хууль боллоо хэмээн хардах үндэслэл болсон. Өршөөлийн хуулийг батлах нь зөв ч иргэд рүү чиглэх учиртай. Монголын төр сүүлийн жилүүдэд авлига, албан тушаалтны гэмт хэрэгтэй тэмцэхэд тодорхой ахиц үзүүлсэн. Тиймээс энэ төрлийн гэмт хэргииг Өршөөлийн хуульд хамруулах нь буруу.
-Гэхдээ Ажлын хэсгийн гишүүд “МАН-ынхан Байнгын хороо болон чуулганынэгдсэн хуралдаанд хуулийг дэмжсэн” гэж мэдээлсэн шүү дээ?
-Манай намын бүлэг хуулийг дэмжсэн. Гэхдээ авлига, албан тушаалтай буюу хэн нэгэн хүнд зориулсан, хүнд болон онц хүнд гэмт хэргийг эсэргүүцсэн. Хуулийг батлах хүртэл Ардчилсан нам болон “Шударга ёс” эвслийн бүлгийн хооронд Өршөөлийн хуулиар дамжсан наймаа, бие биенээ шантаажилсан үйл явц болж өнгөрлөө. Тиймээс энэ хуулиас үүдэн Засгийн газрын сайдуудьп' нөхөн томилох асуудал одоо ч тодорхойгүй байна гэж харж байгаа.
-МАН-ын зарим нэр бүхий гишүүд ч авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байгаа. Энэ хүмүүс ч Өршөөлийн хуульд хамрагдана.
-МАН-д харьяалагдаж байсан хүмүүсийн асуудал хуулийн дагуу шийдэгдсэн. Өнгөрсөн жилүүдэд хууль, хүчний байгууллагууд улс төрийн зорилготойгоор үйл ажиллагаа явуулсан гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Сонгууль дөхөхөөр янз бүрийн нэр хоч зүүлгэдэг, эрүүгийн хэрэг үүсгэдэг, өрсөлдөгчөө ялахын тулд хууль, хүчний байгууллагыг ашигладаг үзэгдэл олон бий. Энэ бол ардчилсан нийгэмд хүний эрх ноцтойгоор зөрчиж байгаа үйлдэл. Харамсалтай нь, хамтарч ажилладаг байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хүнд байдалд оруулах, дарамтлах, шалгах байдал газар авсан. Манай намын хувьд Өршөөлийн хуульд тэр нам, энэ нам гэсэн байр сууринаас хандаагүй. Өршөөлийн хууль бол энэрэнгүй төрийн шинж чанар. Гэхдээ өмнөх жишгээ баримтлан гаргах ёстой байсан.
-УИХ-аас хууль, тогтоомжийг улс төрийн намуудад бус ард түмэндээ зориулж батлах учиртай. Гэтэл Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Өршөөлийн хуулийг нийгэмд хүлээлт үүсгээд байгаа нэрийдлээр улс төрийн намуудад зориулан баталлаа гэж үзэх хүмүүс цөөнгүй байна. Та үүнтэй санал нийлж байна уу?
-Монгол төрийн үйл ажиллагаа мухардалд ороод байна. Тиймээс системийн , өөрчлөлтийг яаралтай хийх ёстой. Өөрөөр хэлбэл, улс төрийн тогтолцоогоо эргэн харж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв. Өнөөдөр улс төрийн намуудад эдийн засгийн болон улс төрийн бүлэглэл бий болсон. Нам дамнасан бүлэглэлүүдээс янз бүрийн захиалгат шийдвэрийг парламентаас гаргуулахыг оролдох, эсхүл эдийн засгийн болон улс төрийн өрсөлдөгчийг хууль эрхзүйгээр дарамтлуулах, үйл ажиллагааг зогсоох гэж оролдож байна. Цөөн хэдэн компани болон улстөрчид хоорондын энэ тэмцэл улс орны эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаа юм. Харин үүний сөрөг үр дагавар нь эдийн засгийн хямрал, валютын ханшийн өсөлт зэргээр гарч байна. Ардчилсан нам засгийн эрхийг барьсны дараа төрд ийм халдварт өвчин нүүрлэдэг.
1996-2000 онд Ардчилсан нам дөрвөн удаагийн Засгийн газар сольж, парламентад сонгогдсон гишүүн болгон нь сайд гэх сэтэр зүүж байсан. Монголын төр, төрийн өндөр албан тушаалын нэр хүндийг шавартай хутгасан. Энэ өнгө төрх өнөөдөр ч давтагдаж байгаа. Үүнээс үүдэн ард түмний төрд итгэх итгэл өдрөөс өдөрт нуран унаж байна. Нийгэмд ч үл ойлголцол, талцал дээд цэгтээ хүрч, эдийн засаг дахь сөрөг нөлөөлөл нь ард иргэдийн амьдралд хүндээр тусч байгаа юм. Ард түмэн анх Ардчилсан намын залуучуудад нэг удаа
итгэл үзүүлсэн. Арав гаруй жилийн дараа ард түмэн дахиад итгэл үзүүлсэн. Харамсалтай нь, 1996-2000 оны өнгө төрх, ааш авир дахин давтагдаж байна. Үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ төлөвшсөн улс төрийн хүчнүүд цаашид бодлого, боловсон хүчнээр өрсөлддөг байх ёстой. Гэвч Ардчилсан нам ийм хэмжээнд төлөвшиж чадахгүй байна. Өнөөдрийн, байдлаар л гэхэд Ардчилсан намынхан хамтрах хүсэлт тавиад, маргааш нь болъё гээд хаврын тэнгэр шиг аашилж байна. Ард түмэн дүнгээ тавих цаг нь ойртож байгаа.
-МАН-ыг сонгуулиас өмнө Засгийн газраас гарна гэж хэлдэг байсан ч, Ардчилсан нам түрүүлж гэрээгээ цуцлах шийдвэр гаргалаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-МАН намын биш улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж Ч.Сайханбилэгийн урилгыг хүлээн авсан. Намын эрх ашиг, нэр хүнд болон сонгууль бодсон бол хамтарсан Засгийн газарт орох шаардлага ч байгаагүй. Жолоодлогогүй, унаж байгаа онгоцонд сууна гэдэг том эрсдэл. Гэвч манай намынхан тодорхой үр дүн гаргана гэж өнгөрсөн найман сарын хугацаайд зүтгэсэн. Гэвч гэрээг дүгнэхгүйгээр Ардчилсан намынхан цуцаллаа. Тиймээс бид хууль баримтлах зарчмыг л ярьсан. Түүнээс биш сайдын суудалтай зууралдаж, цаг алдаагүй.
Хэлсэн ярьсандаа байх зарчмыг л баримталж байгаа. Ээлжит бус чуулган хуралдсан нь хүртэл захирамжаасаа эхлээд хууль бус байсан. Өргөн баригдаагүй асуудлаар ээлжит бус чуулган зарлаж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг. УИХ, Еренхий сайдын бүрэн эрх мэдэл рүү халдсан. Ардчилсан намд нэг ийм соёл бий. Н.Алтанхуягийн үед ч, З.Энхболдын үед ч асуудлыг шийдэж л байвал хууль зөрчих нь хамаагүй гэсэн ойлголттой. Уг нь ардчиллын амин сүнс нь хууль дээдлэх зарчим шүү дээ.
-Гэхдээ танай намынхан Засгийн газарт орсон даруйдаа л албан тушаалын томилгоо хийж, зарим сайд нь улсын ажил хийхээс илүүтэйгээр орон нутагт сонгуулийн ажлаа эхлүүлсэн юм биш үү?
-Тодорхой хувь хүний асуудал бол тухайн хүний л хэрэг. Харин улс эх орны эрх ашиг гэдэг өөр ойлголт. Хувь хүн болон бүлэглэлийн эрх ашиг хэчнээн том байгаад ч улс орны эрх ашгийн дэргэд өчүүхэн байдаг. Тиймээс бид ирээдүйгээ харж, асуудлыг шийдэх ёстой. Энэ утгаараа Ардчилсан нам, МАН хоёрын хамтын ажиллагаа Монголын улс төрд төдийгүй, Монголын хувь заяанд хэрэгтэй. Харамсалтай нь итгэлцэл, ойлголцлыг Ардчилсан намынхан түрүүлж эвдээд байгаа. Ирээдүйгээ болвол энэ нь тийм ч сайн зүйл биш.
Ардчилсан намын парламентад суугаа, сайд болж үзээгүй хүмүүс буюу гурав дахь ээлжийнхэн хоолондоо орох гэж яарч байна. Энэ бол өнөөдрийн асуудал. Маргааш, нөгөөдрийн асуудлаа бодвол МАН, АН- ын зөв ойлголцол, зөв хамтын ажиллагаа улс орны хувь заяанд хэрэгтэй. Гэвч Ардчилсан намынхан хамтарна гэдгийг хуйвалдах гэж ойлгосон. Асуудлыг дундаа нууцаар шийднэ гэж ойлгож байж. Манай намын хувьд анхнаасаа л бурууд хурц, зөвд зөөлөн байна гэж хамтарсан. Засгийн газраас УИХ дээр оруулж ирсэн бүхий л асуудлыг дэмжсэн. Ганцхан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг дэмжээгүй.