“Өршөөлийн хуулийг АН хүч түрэн баталлаа”
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.08.13

“Өршөөлийн хуулийг АН хүч түрэн баталлаа”

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар дөнгөж сая мэдэгдэл хийлээ.

Тэд “АН, Шударга ёс эвсэл хамтдаа Өршөөлийн хуулийг хүч түрэн баталлаа. Өршөөлийн хууль анх оруулж ирж байсан төслөөсөө төрөл арилсан мэт өөрчлөгдөж, авлигачдыг өршөөсөн хууль болон хувирлаа. Энэ үйлдлээрээ АН ардчилсан зарчмаасаа ухарч, өөрөө өөрсдийгөө булшилж орхилоо. Тэдэнд эмгэнэл илэрхийлье” хэмээн оршил үгэндээ тодотгосон юм.

Өршөөлийн хуулийг Засгийн газрын өргөн барьсан хувилбараар биш хувь гишүүний хувилбараар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон бага насны хүүхэдтэй, жирэмсэн эхчүүдийг өршөөе гэж байсан зарчмаасаа ухарч, цагаан захтнуудыг өршөөсөн нь Ардчилсан намын үнэн төрхийг харуулаад зогсохгүй ээлжит бус чуулган хуралдуулах болсон гол зорилгыг ч тодотгож өглөө хэмээн МАН-ынхан мэдэгдэж байна.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат:

Авлигачдыг өршөөх нь улс орны тулгамдсан асуудал огт биш. Манай улс авлигын индексээр 2012 онд 87 дугаар байрт явж байсан бол 2014 ондп 107 дугаарт жагсах болсон. Харин одоо авлигачдыг өршөөснөөрөө энэ жагсаалтын адагт жагсах болоод байна. Цэвэр агаар сан, Татварын хэрэг, Дэнзэн, Гансүх, нүүрс хөтөлбөр, төмөр замын хэрэг гээд маш олон хэргүүд, үнийн дүн нь 10 тэрбумаас дээш хэргүүдийг өршөөж, төрд шургалсан авлигачдыг хөхиүлэн дэмжсэн хууль гаргаж баталлаа. Монголын төрийн хууль ингэж гардаг болсон нь харамсалтай. МАН чимээгүй байдлаар Өршөөлийн хуулийг дэмжсэн гэсэн мэдээлэл гарсан. Тийм юм байхгүй. Бид завсарлага аваад байсан. Манай намынхан болохоор шалгуулдагаа шалгуулаад, ялаа эдлээд тэр байтугай амь насаа алдсан тохиолдол ч бий. Тиймээс МАН авлигыг хөхиүлэн дэмжсэн хууль бус үйлдлийн эсрэг байх болно гэдгээ мэдэгдэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

Төрийн ордон дотор төрийн эсрэг, хуулийн эсрэг чимээгүй эргэлт боллоо, ээлжит бус чуулганы халхавч дор. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн тухай хуулийг АН болон Шударга ёс эвслийнхэн хүний олноор түрээ барин, хүчээр баталлаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн төрд шургалсан авлигач, албан тушаалын гэмт хэрэгт хариуцлага тооцдог 10 зүйл заалт байдаг. Тэр зүйл заалтуудыг бараг бүгдийг нь өршөөлд хамруулах улс төрийн алхмыг эрх баригчид хийлээ. Монгол Улсын Эрүүгийн хууль 305 зүйл заалттай. Үүнээс 78 нь эрүүгийн хэрэгт, 227 зүйл нь тусгай хэрэгт хамаардаг. 227 зүйлээс авлига, албан тушаалын хэрэгт хамааралтай 10 зйүл байгаа юм. Залилан мэхлэх замаар өмч ашигласан тохиолдолд 148 зүйл заалтаар ял оноодог. Энэ зүйл бүхэлдээ өршөөлд багтлаа.

Улсын хөрөнгийг завшин үрэгдүүлэх 150 дугаар зүйл, банкны хууль тогтоомж зөрчиж, их хэмжээний хөрөнгө завшсан хүмүүст оноодог 156 дугаар зүйл, шинэ төрлийн гэмт хэрэг буюу ертөнцөд хамгийн аюултай гэмт хэрэгт тооцогдож буй мөнгө угаах гэмт хэргийг өршөөлийн хуульд хамрууллаа. Мөн албан тушаалын гэмт хэргийг зохицуулдаг 263, албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэсэн бол ял оноодог 264 дүгээр зүйл, хээл хахууль авахыг зохицуулсан 268 дугаар зүйл, хээл хахууль өгөхийг зохицуулдаг 269 дүгээр зүйл, хууль бусаар хөрөнгөжихийн эсрэг 270 дугаар зүйл, төсвийн хөрөнгийг хууль бусар ашиглахын эсрэг 273 дугаар зүйл заалтууд цөм өршөөлд хамрагдлаа. Эцэст нь хэлэхэд АН авлигатай тэмцэнэ, авлигачдыг цээрлүүлнэ гэж 10 жил ярьсан, зарласан. Яаж тэмцэж байгаагаа харууллаа. Шударга ёс эвслийнхэн шударга ёсны хувьсгалыг хэрхэн хийдгээ мэдрүүллээ. Аливаа хэрэгт улс төрийн харъяалал байхгүй. Монгол Улсын иргэн Ерөнхийлөгчөөсөө эхлээд хуулийн өмнө ижил тэгш эрхтэй. Гэтэл АН, Шударга ёс эвслийнхэн хуйвалдаанаар бүхнийг зохицуулж байгаа нь харамсалтай.

Энэхүү мэдээллийн дараа сэтгүүлчийн асуултад хариуллаа.

-Өршөөлийн хуулийг батлуулахгүй байх тал дээр МАН сөрөг хүчний үүргээ биелүүлж ажиллаж чадсан уу. Хуулийг Шударга ёс эвслийнхэн өргөн барьсан. Тэд намын дарга Н.Энхбаярыг намын дарга болгохын тулд ийм алхам хйисэн гэж үзэх хүмүүс олон байна. Хэрвээ Н.Энхбаярын нэр Шадар сайдад өргөн баригдвал МАН татгалзсан хариу өгч чадах уу?

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

-Эдийн засгийн ил тод байдлын хуулийг УИХ-д дөрвөн удаа орж ирсэн. Бид сөрөг хүчин байхдаа ч хамтарсан Засгийн газрын үед дэмжээгүй. Хамтарсан засгийн үед бид татварыг нэмэхгүй байх, татварын 10 хувийг нэг хувь болгох хуулийн төслүүдийг өргөн барьсан. Огт дэмжиж байгаагүй. Харин МАН-ыг засгаас хөөж гаргангуутаа дээрх хоёр хуулийг баталлаа. Бид долдугаар сарын 7-ны өдөр завсарлага авсан байсан ч ээлжит бус чуулган зарлаад баталчихлаа. Байнгын хороо, нэгдсэн чуулган дээр эхчүүд, эмэгтэйчүүд, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг л өршөөе гэдэгтээ хатуу байр суурьтай байсан. Эхний хэлэлцүүлгийн үед эсрэг кнопоо дарсан ч үр дүнд хүрээгүй. Тиймээс эцсийн хэлэлцүүлэгт бид оролцоогүй. Тэд 45-уулаа, бидний кноп нэмэр болохгүй байсан учир тэгж шийдсэн.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Ардчилсан намын хумсаа нуухдаа их сайн. Энэ дөрвөн жилд АН-ын нүцгэн үнэнийг ард түмэн харлаа. Бид үнэндээ хүчин мөхөстсөн. Тиймээс тэнд сууж нэр төрөө сэвтээх хэрэггүй байсан.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат:

-Өршөөлийн хуульд бид хувь хүний асуудлыг огт хэлэлцээгүй. Сайд нарын томилгоонд МАН байр суурь илэрхийлэх боломжгүй. Шадар сайд ч тэр, зургаан сайдын хувьд ч одоогоор УИХ-д өргөн барьсан асудал байхгүй учир энэ талаар байр суурь илэрхийлэх боломжгүй гэсэн хариуг өглөө.