ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг зохион байгуулах Үндэсний хороо хуралдав
Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага
2015.08.14

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг зохион байгуулах Үндэсний хороо хуралдав

Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны 09 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. 

Үүнтэй холбогдуулан ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсад зохион байгуулах Үндэсний хорооны гишүүд болон бусад албаны хүмүүс өнөөдөр /2015.08.14/ хурлын зохион байгуулалт, бэлтгэл ажлын явц байдлын талаар хуралдлаа.  

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблей нь тус байгууллагын 57 оролцогч улсын парламент хоорондын яриа хэлэлцээний гол механизм бөгөөд эдгээр улсын парламентуудын төлөөлөл болсон 323 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Тус Ассамблей ЕАБХАБ-ын үйл ажиллагаанд гишүүн орнуудын парламентын оролцоог дэмжих зорилгоор 1990 онд байгуулагдсан. Анхны албан ёсны чуулганаа 1992 онд Бүгд Найрамдах Унгар Улсын нийслэл Будапешт хотноо зохион байгуулсан юм.

Жил болгон гишүүн орнуудад ээлжлэн зохион байгуулагддаг парламентын ээлжит чуулганы үеэр цаг үеийн тулгамдсан асуудал болон ЕАБХАБ-ын үйл ажиллагааны талаар тунхаг бичиг гаргадаг. Чуулганы ажиллагаанд ЕАБХАБ-ын дарга оролцон үг хэлж, гишүүдийн сонирхсон асуултад хариу өгдөг уламжлалтай. Парламентын Ассамблей нь ЕАБХАБ-ын гишүүн орны парламент хоорондын яриа хэлэлцээний механизм болохын зэрэгцээ оролцогч орны сонгуульд ажиглагч илгээх, хүний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Ассамблейн төв байр Данийн Вант Улсын нийслэл Копенгаген хотноо байрладаг.

Манай улс тус байгууллагад гишүүнээр элссэн нь олон тулгуурт гадаад бодлогоо бэхжүүлэх, түүний дотор аюулгүй байдлын асуудлаар гишүүн орнуудтай хамтран ажиллах, мэдээлэл, туршлага харилцан солилцох, яриа хэлэлцээнд тогтмол оролцох нөхцөл бүрдэж байна.

Монгол Улс 2004 оны 12 дугаар сард Болгарын нийслэл Софи хотноо болсон Сайд нарын Зөвлөлийн 12 дугаар уулзалтын үеэр ЕАБХАБ-ын Азийн тав дахь түнш улс болсон. 2012 оны 12 дугаар сард Ирландын Дублин хотноо болсон Сайд нарын Зөвлөлийн 19 дүгээр уулзалтаар (2012 оны 11 дүгээр сарын 21-нээс) оролцогч орон буюу бүрэн эрхт 57 дахь гишүүн улс болсон.  

Хурал зохион байгуулах Үндэсний хорооны хуралд Улсын Их Хурлын дэд дарга, Үндэсний хорооны дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурлын гишүүн, Үндэсний хорооны Орлогч дарга М.Батчимэг, Улсын Их Хурлын гишүүн, Үндэсний хорооны гишүүн Л.Болд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний хорооны гишүүн Б.Болдбаатар, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Ц.Нарантунгалаг болон бусад албаны хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв