Өршөөлийн хуулийг бүхэлд нь үгүйсгэж болохгүй
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2015.08.14

Өршөөлийн хуулийг бүхэлд нь үгүйсгэж болохгүй

-Өршөөлийн хууль батлагдлаа. Энэ хууль маань 2006, 2009 онд баталж байсан өмнөх Өршөөөлийн хуулиудаас юугаараа ялгаатай вэ?

-Өмнөх Өршөөлийн хуулиудаар одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуульд заасан  хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэж ангилсан гэмт хэргийн ангиллаас хөнгөн хүндэвтэр болон болгоомжгүй гэмт хэргийг анх үйлдсэн хүнийг өршөөдөг, харин хүнд, онц хүнд гэмт хэрэгт өршөөл үзүүлж, ял хасдаггүй байсан.

Энэ удаагийн Өршөөлийн хуулийн түүх 2013 оны намраас эхэлсэн. 2013 оны намар эдийн засагт учирсан хүндрэлийг даван туулахтай холбоотойгоор сүүдрийн эдийн засагт байгаа мөнгөний эргэлтийг ил гаргаж хууль ёсны болгох, албан ёсны хөрөнгө оруулалт руу татан оруулж ирэх ёстой гэдэг бодлогыг УИХ гаргаж, Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Өршөөлийн хуулийг нэн даруй өргөн барь гэдэг чиглэлийг Засгийн газарт өгсөн. Тэр дагуу 2014 оны хавар Н.Алтанхуягийн Засгийн газрын үед би өөрөө Хууль зүйн сайд байхдаа Өршөөлийн хуулийг өргөн барьсан. Өршөөлийн хуулийн гол зорилго нь бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдэд чиглэж байсан. Хүнд суртал, хууль тогтоомжийн ойлгомжгүй, төвөгтэй байдлаас шалтгаалаад иргэд орлогоо нуун далдлах, татвараас зугтах, хуультай зөрчилдөх байдлаар буй болгосон хөрөнгөө иргэд гудсан дороо нууж байна.

Энэ нь эдийн засаг руу орохдоо бидний хэлдгээр мөнгө угаах гэмт хэрэг болчих гээд байна. Гаднын хөрөнгө оруулалтыг хөөгөөд гаргачихсан, хөрөнгө оруулалт дутагдалтай байгаа үед тэр нуугдмал хөрөнгийг ил болгохын тулд Өршөөлийн хууль гаргах хэрэгтэй юм гээд Өршөөлийн хуулийг өргөн барьсан. Дараа нь шинэ Засгийн газар гарч ирээд өмнө өргөн баригдсан Өршөөлийн хуулийг явцууруулаад зөвхөн Татварын өршөөлийн хууль болгож нэг удаа өргөн бариад, түүнийгээ дахин татаж аваад сая харьцангүй өргөн хүрээтэй үйлчлэх Өршөөлийн хуулийн төслийг өргөн барилаа л даа. Өмнөх Өршөөлийн хуулиудаас ялгаатай нь хүнд, онц хүнд зарим хэрэг дээр жил хасах байдлаар өршөөл үзүүлэхээр оруулж ирсэн. Гэвч хэлэлцүүлгийн явцад Засгийн газрын өргөн барьсан хууль бараг 75 хувиар өөрчлөгдөж, тэс өөр хууль болсон.

-Хууль батлагдсаны дараа та “Авлигачдыг өршөөхгүй гэсэн миний байр суурь ажлын хэсэг, байнгын хороо, нэгдсэн чуулган гээд бүх түвшинд уналаа” гэж жиргэсэн байсан. Хэн гэдэг гишүүд авлигачдыг өршөөх хуулийн заалтыг оруулж ирсэн юм бэ? Хуулийн хэлэлцүүлгийг хэдийгээр хаалттай явуулсан ч гэсэн одоо нэгэнт хууль батлагдсан учраас энэ талаар асууж болох уу?

-Өршөөлийн хуулийг хэлэлцэх процесс хаалттай дэгээр явагддаг. Гэхдээ хууль эцэслэж батлагдаад, хэрэгжиж эхлэхээрээ нээлттэй болно. Нээлттэй болсны дараа УИХ-ын гишүүүдийн төдийгүй намын бүлгүүдийн байр суурь бас ил болох байх. Одоо бол эцэслэгдээгүй байгаа учраас би хувь хүмүүсийн нэрийг хэлэхгүй. Засгийн газар бол баялаг бүтээгчид болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн залуучууд, хөнгөн, хүндэвтэр хэргүүд, бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд гэх мэт хүмүүст өршөөл үзүүлье гээд өмнөх Өршөөлийн хуулиудад тавигдаж байсан тэр л стандарын дагуу төслөө өргөн барьсан.

Түүн дээр нь зарим нэг албан тушаалын хэргүүд ороогүй юм бишүү гэдэг дээр би шүүмжилж байсан. Гэтэл хэлэлцүүлгийн явцад “Шударга ёс” эвслийн зүгээс авлига, хээл хахуулийн хэргүүдийг өршөөх санал оруулж ирсэн. Мэдээж үүн дээр гишүүд санал зөрүүтэй байсан. Эхлээд албан тушаалын тодорхой хэргүүд болон төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулсан хэргүүдийг өршөөлд хамруулахгүй гэдэг хаалт хийх ёстой гэж санал гаргаад хүчрээгүй. Сүүлдээ ядаж Засгийн газрын өргөн барьснаар хээл хахууль авсан, зуучилсан хоёр нь өршөөлд хамрагдахгүй гэдэг заалт нь үлдэх ёстой гэж зүтгээд барсангүй. Харамсалтай нь олонхиороо нөгөө талд нь шийдчихлээ.

Би хувьдаа Эдийн засгийн ил тод байдлын хууль, Өршөөлийн хууль хоёр хоёулаа гарах ёстой гэдэг дээр 100 хувь зогсч байсан. Нэг талаас шоронжсон гэгддэг Эрүүгийн хуулийнхаа үр дагаврыг нэгдүгээрт багасгана. Нөгөө талаас баялаг бүтээгчдээ хуулийн байгууллагын гох дэгээнээс суллаж өгнө. Энэ хууль ажлын байр бий болгож, Монгол Улсын эдийн засгийг хөл дээр нь босгохын төлөө зүтгэж яваа жирийн иргэдэд үйлчлэх ёстойгоос биш хууль тогтоогч, албан тушаалтнууд өөрсдөдөө зориулж хууль гаргаж болохгүй гэдэг байр суурьтай байсан. Харамсалтай нь хэлэлцүүлгийн эцсийн хоёр хоногт энэ хууль орвонгоороо эргээд, гадагшаа иргэддээ чиглэх ёстой байсан хууль маань өөрсөддөө зориулсан хууль болоод явчихсан. Тиймээс би Өршөөлийн хууль дээр татгалзсан санал өгсөн.

-АТГ-ынхан ч гэсэн “Энэ хуулиас бид өөр үр дүн хүлээж байсан. Бидний төсөөлөөгүй үр дүн гарчихлаа” гэж хэлсэн. Тантай ижил байр суурьтай гишүүн ер нь хэр олон байсан бэ?

-Ижил саналтай байсан гишүүдийг бол нэрлэж болно. Хууль зүйн байнгын хороон дээр “Энэ асуудал дээр бид цөөнх шүү” гэж албан ёсоор зарлаад чуулганд саналаа оруулсан хоёрхон гишүүн бий. Ж.Бямбацогт гишүүн надтай хамт цөөнх болсон. Чуулган дээр бол энэ байр суурь дээр арваад гишүүн кноп дарсан.

-“Хаалттай хуралдааны протоколыг үзвэл эмгэнэлт хошин шог болно” гэж та жиргэсэн байсан...

-Хөшигний ард будаггүй нүүрийг нь хараад суухаар уур, эгдүү хоёр зэрэгцдэг л юм. Телевизийн камерийн өмнө гарахаараа шударга үнэний туйл болоод явдаг нөхдүүд “Хээл хахууль, хууль бусаар хөрөнгөжихтэй холбоотой гэмт хэргийг өршөөхгүй” гэдэг заалт ажлын хэсэг дээр олонхийн дэмжлэг аваад Байнгын хороо руу ороход бэлэн болчихсон байхад “Миний санал буруу тоологдсон байна” гэж маргааш нь дахиж ажлын хэсгийг хуралдуулаад саналыг өөрчлөөд оруулаад ирэх жишээтэй. Нөгөө мундаг хуульч, нөгөө олон шударгачууд, ард иргэдийнхээ төлөө авлигачдыг дүүжлэхээс наагуур загнадаг хүмүүс маань ханцуй дотроо юу бодож, юу найруулж явааг харахаар хэний ч дургүй хүрнэ л дээ.

-Ардчилсан намын одоо байгуулах гэж байгаа Засгийн газрыг барьцааллаа, нэг хүнд зориулж хууль баталлаа гэж яриад байна. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Олон нийтийн сүлжээгээр, иргэдийн дунд бол тийм уур амьсгал явж байна. Гэхдээ бид туйлширч болохгүй. Өршөөлийг хуулийг батлахгүй байх ёстой гэдэг байр суурь байж болохгүй. Шоронжсон эрүүгийн хууль, буруу бодлогын үр дүнд шоронд үйл тамаа үзэж, өдөр хоногоо тоолоод сууж байгаа маш олон ээж, маш олон аав, олон хүүхдүүд байгаа. Энэ бүх хүмүүсийн төлөө Өршөөлийн хуулийг гаргах ёстой. Нөгөө талаас шоронд ордоггүй юм гэхэд өдөр тутамдаа хуулийн байгууллагын шахалт дарамтанд олж байгаа жаахан орлогоо тонож дээрэмдүүлээд явж байгаа баялаг бүтээгчид бас байна.

Тэдний төлөө Өршөөлийн хуулийг гаргах ёстой. Гэхдээ “чоно борооноор” гэдэг шиг энэ хүмүүсийн төлөө сайн бодлогын хажуугаар суганд нь юм хавчуулаад явуулчихаж болохгүй л дээ. Нөгөө авлигачид, албан тушаалтнууд нь суганд хавчуулагдаад гараад явчихаар олон нийтэд хууль ёсны тогтолцоонд итгэх итгэл алдарч эхэлж байна. Шударга ёсны хэмжүүр гэдэг чинь зүгээр эрх мэдэлтэй хэдэн хүн өөрийнхөөрөө хууль тогтоож тоглохыг хэлдэг юм биш үү, шударга ёс гэдэг сонгуулийн өмнө ярьдаг уриа, сонгуулийн дараа нулимаад хаядаг хоосон үг юм байна гэдэг бодол руу хүмүүс явж эхэлнэ. Хууль ёсонд итгэх олон нийтийн итгэл алдарвал өнөөдөр нэг, хоёр хүнийг өршөөснөөсөө илүү улс орноо самрах дараагийн тохироо болно.

Тиймээс бид Засгийн газрын тогтворгүй байдал, УИХ доторхи үл ойлголцол гэдэг өөрсдийн тавьсан жүжгийн төлөө улс орны ирээдүй, том эрх ашгийг зольж болохгүй. Хууль ёс, шударга ёсны наад захын үнэлэмжийг нулимж болохгүй. Үүнд хэмжээ хязгаар байх ёстой. АН-ын хувьд үнэхээр Засгийн газраа байгуулах гээд УИХ дээр нөхцөл байдал эмзэг байгаа. Өөрсдөө хүсч энэ замаар явсан, одоо ухсан нүхэндээ уначихаад байна. Энэ арчаагүй байдлаасаа улс орны хувь заяаг золин байж гарах гэж оролдох нь АН-ын өөрийнх нь мөн чанар биш гэж би хувьдаа итгэдэг. АН-ын гишүүний хувьд энэ байрь суурь дээрээ хатуу зогсоно.

Гэхдээ АН авлигатай тэмцэнэ гээд АТГ-ыг улс төрийн зорилгоор ашигладаг хүмүүсийг өөгшүүлээд байж болохгүй. Энэ чинь ялгаатай. Том бодлогоороо бид авлигатай тэмцэнэ. Гэхдээ хууль, хүчний байгууллагуудыг өөрсдийн явцуу эрх ашигт үйлчлүүлж байгаа тэр хүмүүсийн үйл ажиллагааг ч бас таслан зогсоох ёстой. Үүний тулд хуулийн орчноо сайжруулах ёстойгоос биш бүгдийг өршөөгөөд, буруу зөвгүй бүгдийг нь нэг дор булчихаад дээр нь гарч зогсоод “болчихлоо” гээд гараа угааж болохгүй л дээ.

-Та ч өөрөө хэллээ. Өршөөлийн хуулийг гаргах эхний зорилго нь шоронжсон хуулийн үр дагаврыг арилгах гэж. Гэтэл сүүл рүүгээ “ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулж” гэдэг малгай өмсгөөд, эцэстээ нөгөөх нь “нэг хүнд зориулсан өршөөл” ч болж байх шиг. Ингэхээр иргэдийн итгэл алдарна биз дээ?

-АН 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр, 25 жилийн турш бүтээх гэж оролдож явсан үнэт зүйлээ хаяад дөрлүүлсэн бух шиг хэн нэгэн, хэсэг хүмүүст хөтлүүлээд явж болохгүй ээ. АН-ын ард сонгогчид ч байна, дэмжигчид ч байна. Энэ намд олон жил зүтгэж явсан ахмадууд харж байна. Энэ хүмүүсийн итгэл найдвар нэг хүнийг аврах шийдвэрийн золиос болж болохгүй. Үнэхээр гэмт хэрэг хийгээгүй л гэж байгаа бол шүүхээр хэргээ шийдүүлээд, цагаатгагдаад явах ёстой. Харин Өршөөлийн хууль бол өөр. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг энэ хуульд хамруулж, ялаас хэлтрүүлдэг юм. Тийм учраас энэ хуулийг ингэж хавтгайруулан гаргаад, өөрсдөө өршөөгдөнө гэж найдаад, үүнийхээ золиосонд энэ хуулийн жинхэнэ үр шимийг хүртэх ёстой жирийн хүмүүсийг нэр хүндгүй болгож болохгүй шүү дээ. Эр нэг алдаж, эрэг нэг нурдаг гэдэг. Тэр алдсан иргэдэд төрөөс үзүүлж байгаа өршөөл, энэрлийг үнэ цэнэгүй, утга учиргүй болгож болохгүй.

-Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо барагдуулна гэж амласан тохиолдолд өршөөлд хамруулна гэсэн. Гэтэл Г.Дэнзэн, Л.Гансүх нарын хувьд жишээ нь өөрсдийгөө гэм буруугүй гэдэг. Тэгвэл тэд өршөөлд хамрагдахгүй гэсэн үг үү?

-Өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаа хүн бол шүүх рүү л очих байх. 2009 оны Өршөөлийн хуулийн дараа Л.Гүндалай ийм алдаа гаргаж байсныг би санаж байна. Өршөөлийн хуульд хамрагдаж, өөрөө гэм буруугаа хүлэээж гарын үсэг зурчихаад дараа нь “Намайг цагаатгалаа, би хэрэг хийгээгүй” гэж хэвлэлээр гарч ярьсан. Араас нь хуулийн байгууллага “Уучлаарай, та гэм буруугаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар өршөөлд хамрагдсан шүү” гэж тайлбар хийж байсан. Тиймээс өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаа бол Өршөөлийн хуульд хамрагдах тухай биш, харин шүүхээр асуудлаа шийдвэрлүүлж гэм буруугүй гэдгээ нотлуулахын төлөө явах ёстой. Харин “би гэм буруутай даа, төвөг” гэж үзэж байгаа, эсвэл хуулийн буруу бодлогоос шорон луу ачигдахад хүрч байгаа иргэд бол мэдээж хэрэг өршөөлд хамрагдах байх.

-Авлига, албан тушаалын хэргийг өршөөлд хамруулах заалтыг оруулж ирсэн “Шударга ёс”-ныхон маань өөрсдөө гаргасан саналдаа ямар тайлбар зүүсэн бэ? Авлигатай хоёр нүүр гаргалгүй тэмцэнэ гэж амласан АН-ын бүлэг яагаад тэднийг зогсоож болсонгүй вэ?

-Ямар тайлбар зүүснийг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан зарчмын зөрүүтэй ийм санал оруулж ирсэн. Улс төрийн нөхцөл байдал болон цаг хугацааны ойлгомжгүй байдал энэ увайгүй саналыг бодит хууль болох хүртэл түлхчихэв үү л гэж би хувьдаа харсан. Байнгын хороо болон чуулган дээр Хууль зүйн сайд ч өөрөө байнга хэлж байсан. Өргөн барьсан хуулийн өнгө зүс өөрчлөгдлөө. Шаардлагатай гэвэл би хуулийн төслөө татаж авна шүү гэж. Цаашаагаа энэ үйл явц илүү хурдацтай явсан. Яагаад ийм хурдацтай явчихсан бэ гэдэг шалтгаан бол тодорхой. Улс төрийн бүх намтай хамтарсан Засгийн газраас МАН-ын зургаан сайдыг гаргасан.

Дараачийн зургаан сайдад ямар хүмүүс орж ирэх вэ гэдэг асуудал үндсэндээ АН болон “Шударга ёс” эвслийн тохиролцоонд суурилах ёстой болсон. Хуулийн тогтолцоон дотор юуг шударга, шударга бус гэж үзэх вэ, төр хэнд цээрлэл үзүүлж, хэнийгээ өршөөх вэ гэдэг бодлого өөрөө тэр тохиролцооны хэрэгсэл болсон нь эмгэнэлтэй. Нэг зүйлийг хэлэхэд хууль батлагдаж дуусан дуустал Хууль зүйн сайд өөрийн зарчим, байр суурь дээрээ байсанд талархах ёстой. АН хүний эрхийг эрхмэмлэдэг, хуулийн буулган дор хэлмэгдэж яваа хүмүүсийн төлөө зоригтой алхам хийнэ гэдэг.

Гэтэл энэ алхмынхаа нөгөө талд авлигатай хийх тэмцлээ мохоочихлоо. АН дотор ч гэсэн үүний эсрэг зогссон гишүүд бий. Авлига, албан тушаалын хэргийг өршөөж болохгүй ээ, АН-ын 2012 оны мөрийн хөтөлбөрт маш тодорхой байгаа. Бид энэ мөрийн хөтөлбөрөөсөө зугтаж, олон нийтэд худал хэлж болохгүй. Амласан амлалтаасаа биелүүлж чадаагүй олон зүйл байгаа боловч амлалтаасаа ухарч, 180 хэм эргэж явсан түүх бидэнд байхгүй шүү. Хэрвээ бид авлигыг өршөөсөн хууль гаргах юм бол амлалтаасаа ухарсан явдал болно гэж хэлсэн гишүүд бий. Харамсалтай нь цөөхөн байсан. Үнэнийг хэлэхэд улс төрийн хар зах дээр юу ч хамаагүй зарж болно гэж боддог увайгүй байдал газар авч байгаад л би харамсаж байна. Ил тод байдлын тухай хуулийг хэлэлцэж байхад маш олон гишүүн цээжээ дэлдэж, авлигчдыг өршөөж болохгүй гэж хашгирч байсныг та санаж байна уу?

-Тийм ээ. МАН тэргүүлээд бараг бүгдээрээ...

-Тэр үед би чуулган дээр хэлж байсан. Та нар наад үгээ Өршөөлийн хууль хэлэлцэхэд санаарай. Авлигатай огт хамаагүй Ил тод байдлын хууль дээр нэг л их ариун гэгээн улс авлигачдыг өршөөхгүй гээд цээжээ дэлдээд байдаг. Жинхэнэ Өршөөлийн хууль нь орж ирээд, авлига албан тушаалын хэргийг өршөөлд хамруулахгүй гээд санал хураалгахаар таг дуугүй болоод, ханцуй дотроо тохироод явчихдаг шүү. Яг энэ дүр зураг чинь давтагдах вий гэж хэлсээр байтал тийм зүйл болсон. МАН-ын гишүүдийн нэг, хоёроос бусад нь хуралдаанд орж ирээгүй.

Бүгд дуугүй дэмжсэн. Тэгэхээр хүссэн хүсээгүй засаг байгуулж, сандал ширээнд суух гэж байгаа хэсэг нь нүдээ аниад, чихээ бөглөөд явах нь дээр гэж бодсон байх. Ийм л байдлаар Өршөөлийн хууль батлагдлаа. Гэхдээ авлигачдыг өршөөсөн гэдгээр нь Өршөөлийн хуулийн ач холбогдлыг бүхэлд нь үгүйсгэж болохгүй. Нөгөө баялаг бүтээгчдээ хуулийн байгууллагын гох дэгээнээс гаргахын тулд, алдаж эндсэн иргэдээ төр нэг удаа өршөөж хэлтрүүлэхийн тулд, шоронжсон хуулийн таагүй үр дагаврыг арилгахын тулд Өршөөлийн хууль зайлшгүй гарах ёстой байсан. Тиймээс Өршөөлийн хуулийг бүхэлд нь үгүйсгэх, эсвэл бүхэлд нь сайшаах тухай яриа байхгүй.

-Гэхдээ Өршөөлийн хууль ойр ойрхон гараад байгаа юм биш үү?

-Өнгөрсөн 25 жилийн дотор зургаан удаа Өршөөлийн хууль гаргасан байна. Дунджаар дөрвөн жилд нэг удаа гэсэн үг. Сүүлийн өршөөлийн хууль 2009 онд гарсан, зургаан жилийн дараа өнөөдөр гарч байна. Гэхдээ Өршөөлийн хууль ийм ойрхон гараад байгаагийн цаад шалтгаан нь бидний социализмын үеэс уламжилж авсан Эрүүгийн эрх зүйн уламжлалтай холбоотой. Социализмын үед хүмүүсийг үнэ төлбөргүй хөдөлмөрлүүлэх нь коммунизмын бүтээн байгуулалтын нэг том хэрэгсэл байлаа шүү дээ.

Нэг бол “сайн дурын” гэдэг нэрийн дор коммунист субботникоор ажиллуулдаг, эсвэл хүмүүсийг шоронд оруулж, колонид явуулж байгаад үнэ төлбөргүй хөдөлмөрлүүлдэг байлаа. Хөдөлмөрийн тэр зах зээлийг байнга нэмэгдүүлж байхын тулд өчүүхэн алдаан дээр нь дөрөөлөөд л шорон луу ачиж байх ёстой. Энэ бодлого өнгөрсөн 25 жилд ч үргэлжилсэн. Шоронжсон Эрүүгийн хууль гэж шүүмжлээд байгаа гол шалтгаан энэ. Үүний үр дагавар л Өршөөлийн хууль болж гараад байгаа юм. Тиймээс бид Эрүүгийн хууль тогтоомжоо сайжруулахгүйгээр “Өршөөлийн хууль ойр ойрхон гараад байна” гэдэг шүүмжлэлийг зогсоож чадахгүй.

-Өршөөлийн хуулийн агуулга ингэж өөрчлөгдөж гарсан нь Монгол Улс олон улсын өмнө гэрээ конвенциор хүлээсэн үүргээсээ ухарсан зүйл болсон уу?

-Монгол Улсад олон улсын өмнө гэрээ конвенциор хүлээсэн үүрэг бий. Гэхдээ “Бид ийм зүйлийг гэмт хэрэг гэж үзэж хариуцлага тооцно” гэдэг үүрэг хүлээснээс биш “Ийм хэргүүдийг ялаас өршөөн хэлтрүүлэхгүй” гэдэг үүрэг хүлээгээгүй. Тиймээс иргэдээ өршөөн хэлтрүүлж байгаа нь олон улсын өмнө хүлээсэн гэрээ конвенциор хүлээсэн үүрэгтэй зөрчилдөөгүй. Харин Монгол Улсын төр өөрөө бодлогынхоо гүнд төрийг өөрийг нь үнэгүйдүүлж, төрийн шийдвэрийг хар зах зээл дээр зарахад хүргэж байгаа авлигатай хатуу тэмцэх ёстой.

Төрийн шийдвэрийг дотооддоо худалдаж авч болж байна гэдэг чинь гаднаас илүү их мөнгө орж ирээд худалдаж авахад хялбархан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бол үндэсний аюулгүй байдлын ч асуудал. Үндэсний аюулгүй байдлыг сууриар нь ганхуулахад хүргэж байгаа авлигыг таслах зогсоож, төрийн төмөр нүүр гаргах нь Монголын төрийн үндэсний аюулгүй байдлын бодлого. Монголыг хүчтэй байгаасай гэж гадныхан хүсэхгүй нь тодорхой. Тэгэхээр тэр гадныхны хүслээс ч хавьгүй давуу, бидний уг чанарт байх ёстой зүйл бол авлигатай тэмцэх хүсэл. Энэ хүслээ ингэж уландаа гишгэж болохгүй шүү дээ. Энэ бол Засгийн газрыг зургаан сайдыг хэн яаж хуваарилж авах вэ, цаашид энэ Засгийн газар ямар байх вэ гэдэг улс төрийн тохирооноос хавьгүй үнэтэй зүйл.

-2009 оны Өршөөлийн хуулиас эхлээд гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогдоогүй, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргүүдийг өршөөлд хамруулдаг жижиг тогтчих шиг боллоо. Яагаад?

-Өмнөх таван өршөөлийн хууль тавуулаа тийм. Өршөөлийн хууль гарч, өршөөж хэлтрүүлж байна гэдэг нь гэм бурууг өршөөж байгаа хэрэг биш. Тухайн гэм буруутай үйлдэлд төрөөс оноосон ялыг л өршөөн хэлтрүүлж байгаа юм. Тиймээс энэ хүн гэм буруутай юу, үгүй юу гэдгийг заавал шийддэг. Хүн өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан бол өршөөлийн хуульд хамрагдана. Би гэм буруугүй, асуудлаа шүүхээр шийдүүлнэ гэвэл шүүхээр эцэслэн шийдсэнийх нь дараа өршөөлийн хууль үйлчилнэ. Энэ зарчим өнөөдрийг хүртэл гарсан зургаан удаагийн Өршөөлийн хуульд зургууланд нь үйлчилж байгаа. Тэр бүү хэл социализмын үеийн өршөөлийн хуульд ч яг энэ зарчим үйлчилж байсан. Гэхдээ шийддэг хууль зүйн техник нь өөр байсан л даа.

Хуучин бол УДШ-ээс тайлбар хийгээд, тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийг иш татах байдлаар хэрэглэдэг байсан. Одоо бол УДШ хэрэг маргаан шийдвэрлэхээс гадуур урьдчилсан байдлаар хууль тайлбарлах эрх хязгаарлагдсан учраас Өршөөлийн хуульд нь бичиж өгсөн. Би өөрөө санал гаргаад хуульд “Нэгдүгээрт гэм буруугаа хүлээн зөвшөөрөх ёстой. Хоёрдугаарт учруулсан хохирлоо барагдуулахаа илэрхийлэх ёстой” гэдэг хоёр нөхцлийг оруулсан. Тэгэхгүй бол Өршөөлийн хууль ял өршөөх биш, гэм бурууг өршөөх тухай хууль болж хувираад гэмт хэрэггүй улс болж хувирна.

Гэм буруутай эсэхийг шүүх тогтоож, хуулиар ял оноодог юм. Энэ ял төрийн цээрлэл учраас тэр цээрлэлийг нь төр өршөөж байгаа юм. Гэм буруугийн асуудлын цаана хохирогчийн эрх хөндөгддөг. Нөгөө талаас шүүгдэгчийн ч эрх хөндөгдөнө. Тиймээс хохирогч, шүүгдэгчийн эрхийг хэн нэгэн, төр булааж авч болохгүй. Төр оноосон ял зэмээ өршөөж болно. Харин хохирогчид учруулсан хохирлыг өршөөхгүй. Чадахгүй.

-Тэгвэл энэ зарчим сая гарсан Өршөөлийн хуульд суусан гэсэн үг үү?

-Тийм. Хуулийн аравдугаар зүйлд байгаа, Өршөөлийн хууль ил болохоор харагдана. Энэ заалтыг суулгахын тулд бас хөөрхөн хэрүүл болсон.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуульд нэр дэвшүүлэх эрхээ олж авахын тулд авлигийн хэргийг өршөөлд хамруулах заалтыг захиалгаар оруулж ирлээ гэдэг. Харамсалтай нь үнэн худлыг нь бид баталж чадахгүй...

-Би ч бас батлахгүй. Гэхдээ улс төрийн нөхцөл байдал бол тэр үр дагаврыг шууд харуулж байгаа. Нөхцөл байдалд дүгнэлт өгөх чадвартай хүн болгон л тэгж харах байх. Өршөөл хууль гарч байгаатай холбоотойгоор хоёр юмыг зааглаж сайн харах ёстой. Хуулийн байгууллагын эрх мэдлийг улс төрийн арга хэрэгсэл болгож, хэн нэгнийг хэлмэгдүүлдэг, хийгээгүй хэргийг нь хийсэн болгодог, нэр төрийг нь гутаадаг алдаа завхрал Монголд байгааг үгүйсгэж болохгүй.

Үүнийг бид засах ёстой. Үүнийг засахгүйгээр цааш явбал улс үндэстнийхээ итгэлцлийг бүрдүүлж чадахгүй. Хоёрдугаарт Өршөөлийн хууль нь АТГ, хуулийн байгууллагуудын алдаа завхралд дөрөөлөөд авлига, албан тушаалын хэрэгтнүүд, төрийн шийдвэрийг хар зах дээр зарж хувийнхаа амьдралыг дээшлүүлдэг, улс үндэстнийхээ арх ашгийг гаднын байгууллагад худалдчихаад нүүрээ ширлээд зогсч байдаг нөхдүүдийг хуульт ёсны гадуур дур зоргоороо авирлах баталгаа болж хувирч болохгүй.

-Н.Энхбаяр дарга өршөөлд хамрагдаж ялгүйд тооцогдоод сонгуульд нэр дэвших эрхээ авчихлаа гэж үзье. Тэр нөхцөлд тухайн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өршөөлд хамрагдсан гэж ойлгох нь, тийм үү?

-Болох гэж байгаа процессийн тухай хүн болгон таамаглал дэвшүүлж болно. Би түрүүн болсон фактыг ярьсан. 2009 оны Өршөөлийн хууль батлагдсаны дараа тухайн үед УИХ-ын гишүүн байсан Л.Гүндалай өршөөлд хамрагдсан. Эрүүл мэндийн сайд байхдаа албан тушаалаа ашиглаж төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, хандивын машиныг хамаатан садандаа өгсөн гэх асуулоаар шалгагдаж, тэр нь нотлох баримтаар бэхэжчихсэн байхад Өршөөлийн хууль гарсан. Байцаагч нь дуудаад “Та гэм буруугаа хүлээн зөвшөөрвөл Өршөөлд хамруулж хавтаст хэргийг чинь хаагаад ялаас чөлөөлж болно” гэхэд “Хүлээн зөвшөөрөхгүй” гэж гарын үсэг зуралгүй тойрч зугтаад дөрвөн сар болсон. Дараа нь өөрөө “Өршөөлийн хууль гарчихаад байхад намайг цагаатгахгүй байна” гэж мэдэгдэл хийхээр байцаагч нь дахиж дуудаад гарын үсэг зуруулсан байдаг.

Зурсныхаа дараа “Би гэм буруугүй учраас хуулийн байгууллага намайг цагаатгалаа” гэж дахиад мэдэгдэл хийсэн. Тэгэхэд нь хуулийн байгууллага “Өршөөлийн хуульд хамрагдсан хүн цагаатгагддаггүй юм. Та гэм буруугаа хүлээсэн учраас ялаас хэлтрүүлсэн. Та бол гэмт хэрэгтэн мөн, харин танд оногдох ялыг л өршөөлөөр хэлтрүүлсэн” гэдэг тайлбарыг араас нь хийж байсан. Энэ удаагийн Өршөөлийн хууль ч яг тийм зарчимтай. Өршөөлийн хуульд хэн нэгэн хамрагдаж байгаа бол гэм буруутай гэсэн үг. Өөрөө үүнийгээ хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Өмнөх таван удаагийн Өршөөлийн хууль ч, социализмын үед гарсан өршөөлийн хуулиуд ч тийм л байсан. Сая батлагдсан өршөөлийн хуулиас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлэх” гэдэг заалтыг хасчих гээд хөөрхөн л юм болсон. Эцсийн бүлэгт олонхи хохирогчдын эрх ашгийг хамгаалж үлдсэн.  

-Хуулийн төсөлд “Өршөөлд хамруулснаар хохирлыг нөхөн төлөхээс чөлөөлөхгүй. Хохирлын хэмжээ үндэслэлгүй гэж үзвэл иргэн, аж ахуй нэгж, байгууллага иргэний хэргийг хянан шийдвэрлэх журмын дагуу шүүхэд хандаж болно” гэдэг заалт байсан. Тэр заалт хэвээрээ батлагдсан гэсэн үг үү?

-Тэгсэн. Протоколд бас давхар тэмдэглүүлсэн байгаа, Өршөөлийн хууль нийтэд ил болсны дараа харагдах байх. Шийдвэр гүйцэтгэх байгууллага ч бас амлалт авсан байгаа. Шүүхээр тогтоогдсон хохиролтой, ял эдэлж байгаа хүмүүс өршөөгдөж гарвал хохирол төлөх ажиллагааг шийдвэр гүйцэтгэх байгууллага албадлагаар хэрэгжүүлнэ. Шүүхээс ял аваагүй хүмүүсийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлэх ёстой. Тэр нь иргэний шүүх дээр нотлох баримт болж очино. Иргэний шүүх дээр тэр хүмүүс гэм буруугийн талаар маргахгүй, харин хохирлын хэмжээн дээр маргаж болно. Надаас нэхэж байгаа хохирол хэтэрхий их байна гэж маргаж болно шүү дээ. Энэ эрхийг нь бол хөндөж болохгүй.

-Авлига, албан тушаалын хэрэг, төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулсан хэрэгт хохирогч нь төр болно биз дээ. Гэхдээ төр хохирлоо нэхэмжлээд төлүүлж байсан түүх байдаг юм болов уу?         

-Авлига гэдэг бол өрөө хэцүү үзэгдэл. Авлига гэдэг үгийг бид урьдчилсан сэргийлэх байдлаар хэрэглэдэг болохоос биш яг гэмт хэрэг дээр хэрэглэдэггүй. Гэмт хэрэг дээр бол албан тушаалаа урвуулах, хэтрүүлэх, төсвийн хөрөнгийг зориулолтын бусаар зарцуулах, эсвэл хээл хахууль авах, зуучлах гэж хэлдэг. Хээл хахууль авах гэмт хэрэг бол хохиролгүй гэмт хэрэг. Хохирогч нь нийтийн ашиг сонирхол байдаг боловч шууд хохирол гардаггүй. Гэхдээ гэмт хэрэг үйлдэж байгаа зүйл нь хээл хахуулийн зүйл байдаг учраас гэмт хэргийн улмаас олсон орлогыг нь хураадаг.

Ямар хэмжээний хахууль авсан байна, тэр хэмжээгээр орлогыг нь хураана. Тэр бол Өршөөлийн хуульд бичсэн бичээгүй Эрүүгийн хуульдаа байж байгаа. Албан тушаалаа урвуулан ашигласан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэрэг дээр бол бодит хохирол яригдана. Хохирогч нь төр байдаг. Энэ тохиолдолд ямар хэмжээний хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс төлүүлэх вэ гэдгийг тухайн яам, агентлаг, төрийг төлөөлж байгаа байгууллагуудаас нотолсон хэмжээгээр тодорхойлогдоно. Гэхдээ Монгол Улсад одоогоор яг ийм байдлаар араас нь хөөцөлддөг төрийн соёл, уламжлал, туршлага алга.

-Тэгэхээр “хохирол нөхөн төлүүлэх” гэдэг мань цаасан дээр үлдчих юм биш үү?

-Сэтгүүлчид өөрсдөө ямар хүмүүс яаж өршөөгдөв, энэ хүмүүсийн гэмт хэрэг үйлдсэн баримт фактын ард хохирол гэж харгадахуйц юу байна гэдгийг хайж илрүүлэх байдлаар эрэн сурвалжлаад явбал олон нийтийн хяналтад орно. Олон нийтийн хяналтад ороод ирэхээр хүссэн хүсээгүй хохирол төлүүлэхээр шахаж таарна. Ер нь бол авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэнэ гэдэг ганц хуулийн байгуулллагын ажил биш. Сэтгүүлчид, олон нийт гээд маш олон хүмүүс хамтарч, “шүгэлдэж”, гэрэл тусгаж байж ил гаргадаг, шийдэгддэг асуудал. Энэ Өршөөлийн хуулиар авлига, албан тушаалын хэргийг өршөөчихөөр хуульч хүний хувьд надад нэг эмзэглэл үүсээд байгаа юм. Хуулийн засаглал, хуулийн тогтолцоо өөрөө ямар ч үнэ цэнэгүй болж байна.

Гудамжны хулгай, дээрмийн юм уу, жирийн иргэнтэй холбоотой хэргийг хуулийн байгууллага илрүүлэхэд төвөг бэрхшээл бага. Айлгаж заналхийлээд, сүрдүүлээд, ажил, албан тушаалас нь авч шидчих гээд байдаггүй. Ихдээ л уурлаад хараал хэлдэг. Гэтэл авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэж байгаа хуулийн байгууллагын ажилтнууд өдөр тутамдаа амьдралаараа тоглуулах хэмжээний эрсдэлтэй тулгарч, дарамтанд байдаг. Тэр бүхнийг сөрж зогсоод, зориг гаргаад явж байхад 2-3 жил шалгасан хэргийг нь нэг өдрийн дотор юу ч биш болгочихоор тэр хүмүүс юуны төлөө амьдралаараа, ирээдүйгээрээ эрсдэн байж ийм ажил хийсэн бэ гэдэг асуултад хариулт байхгүй болчихож байгаа юм. Өдөр шөнөгүй утасдахад нь “Уучлаарай, би хуулиа сахиж байна” гэдэг үгийг хэлэх зориг хэр баргийн хүнээс гаргахгүй. Гэтэл “Уучлаарай, би хуулиа сахиж байна” гээд утсаа тавьсан мөрдөгч рүү маргааш энэ хууль гарахад “Харав уу, чи” гээд тавлан утас цохих хүн хэд гарах бол. Тийм учраас хуулийн байгууллагыг өөрийг нь хүчгүй болгож байгаа ийм үзэгдлийг өөгшүүлээд цааш нь явуулах уу үгүй юу, энэ нь хэдэн хүний сайдын суудал, сандал ширээтэй дүйцэх үү үгүй юу. Үүнд л бухимдаад байна.

-Яг энэ тухай АТГ-ын ахлах комиссар Э.Амарбат ярьж байсан. Юуны төлөө бид нойр хоолгүй энэ эрсдэлтэй ажлын араас явав, маргааш дахиад ямар шийдвэр гарах бол, цаашдын хандлага яаж явахыг төсөөлөхгүй байна гэж байна лээ. АТГ-ыг алга болгох сонирхол үнэхээр улстөрчдөд бодитой байна уу?

-Энэ асуудал дахиад л хоёр талтай. Гэхдээ бөөрөнхийлөөд байх шаардлагагүй. Авлига гэдэг зүйл үндэсний аюулгүй байдлын суурийг ганхуулж байна. Монгол Улс байх уу үгүй юу, энэ төр засаг иргэдийнхээ итгэлийг дааж явах уу үгүй юу, Монгол Улсын иргэд 1990 онд олж авсан тусгаар, бие даасан эрхтэйгээ үлдэх үү үгүй юу гэдгийг шийдэх хэмжээнд хүртэл заналхийлж байна шүү дээ. Төмөр замын олон жилийн хэрүүлээс авахуулаад маш олон асуудал дээр авлигажсан олигархи улс төрч, шийдвэр гаргагч аль улсын эрх ашгийн төлөө явж байна гэдгийг харж байгаа. Тийм учраас үүний эсрэг зогсох хууль, хууль сахиулах байгууллага, шударга албан хаагчдынхаа хүсэл эрмэлзлийг мохоож болохгүй. Энэ бол бараг нэг номерын асуудал.

Нөгөө талдаа хуулийн нэрээр ажилладаг хүмүүс хуулиасаа өөр хэн нэгний заавар чиглэлээр ажилладаг байж бас болохгүй. Хоёр талтай болчихоод байна шүү дээ. Нэг талдаа хүмүүс хуулийн байгууллага хэн нэгний захиалга гүйцэлдүүлдэг, өшөө авах хэрэгсэл болчихлоо гэж шүүмжилдэг. Гэтэл нөгөө талд үүнийг засч сайжруулахын оронд алдаан дээр нь дөрөөлөөд хуулийн байгууллагыг орвонгоор нь алга болгох тухай яриа байж болохгүй. Бид асуудлыг хоёр тийш нь савуулахаасаа илүү хаанаа асуудал байна гэдгийг хайдаг эрүүл, зөв бодлого, оюун санааны эрэл хайгуул хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ маань улстөрчдийн талцаж хуваагддаг, хоёр хана руу давуулж шиддэг гар бөмбөг болж хувирах нь.

Алдаа бол байгаа, АТГ-ыг би байнга шүүмжилдэг. Ганц АТГ биш, цагдаагийн байгууллага, тагнуулын байгууллага ч тэр, гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж, хүний эрхэнд халдаж байна, хууль ёсноос гадуур байна, зарим тохиолдолд мөнгө, эрх мэдэлд дөрлөгдөж байна гэж байнга шүүмжилдэг. Гэхдээ үүнийг бид хуулиар л засах ёстой.

Гэтэл тэр ажлаа хийж өгөхгүй мөртлөө өшөө авч байгаа юм шиг буцаагаад байгууллагыг нь татан буулгаж, алга болгож болохгүй. Яагаад эрүүгийн хуулийг батлахгүй байгаа юм. Яагаад процессийн хуулиудаа шинэчлэхийг хүсэхгүй байгаа юм. Яагаад байгууллагуудынхаа хууль тогтоомжийг иргэний хяналтанд оруулж, ил тод болгоод зүй зохистойгоор ажиллуулах чиглэлд хийсэн саначлага болгоныг унагаад байгаа юм. Тэгсэн мөртлөө яагаад байгууллагыг өөртөө авах, дарга нь хэн болох дээр зодолдоод байдаг юм. Улстөрчдийн энэ арга барил буруу байна.

Нөгөө талдаа АТГ-ынханд ч гэсэн би хатуу хэлдэг. Та бүхэн нэр хүндтэй, олон нийтийн итгэлийг даахуйц байхыг хүсч байгаа бол хуулийнхаа хүрээнд ор, хуулиас гадуур алхам битгий хий. Цагдаа, тагнуулын байгууллага ч ялгаагүй. Хууль чинь тодорхойгүй байгаа бол хуулиа сайжруулах тал дээр хууль тогтоогчидтой хамтарч ажилла. Түүнээс биш хэн нь хүчтэй вэ гэдэг бүлэг, фракцийн өрсөлдөөнд зэвсэг болж яваад байж болохгүй шүү. Хэрэв тэгвэл олон нийт та бүгдийг өмөөрч дуугарахаа болино. Олон нийт та нарыг дэмжихгүй бол улс төрчид хэзээ ч өөрсдийнх нь эсрэг явдаг хүмүүсийг дэмждэггүй юм гэж. Энэ бол бодит дүр зураг.

-Өршөөлийн хуулийн үйлчлэх хугацааг яаж тогтоосон бэ?

-Хүчин төгөлдөр болсноос хойш үйлчилнэ. Гэхдээ өршөөлд хамруулах гэмт хэргийг Засгийн газар УИХ-д хууль өргөн барьсан өдрөөр хязгаарласан байгаа.

-АТГ-ынхан “Бидэнд албан тушаалын 200 гаруй хэргийг шалгаж шийдвэрлэсэн. Ялаа эдэлсэн, дууссан, ялаа авсан гээд. Энэ хүмүүсийг бүгдийг өршөөчихөөр бидний ажил бараг 100 хувь үгүйсгэгдлээ гэж ярьж байна лээ. Дээр нь Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан хуульд АТГ-ын харьяалж шалгадаг 10 гаруй төрлийн гэмт хэргийн долоог нь өөр байгууллага руу шилжүүлэхээр хийсэн байсан. Та харсан уу?

-Харсан. Н.Алтанхуяг гишүүний өргөн барьсан хуульд авах ч юм бий, хаях ч юм бий. Зуун хувь сайн, муу гэж би хэлэхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг буюу гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллагын өөрсдийн үйлдсэн гэмт хэргийг АТГ өөрсдөө шалгана гэж байж болохгүй. Тийм учраас тэр сонирхлын зөрчлийг арилгах ёстой гэдэг Н.Алтанхуяг гишүүний санаачилга зөв. Гэхдээ АТГ-т өмнө шалгагддаг байсан хэргийн харьяаллыг энэ хоморгонд нь аваад явчихаж болохгүй. Аль нь зөв бэ гэдгийг нарийвчилж ярина уу гэхээс аль нэг хүний талд орж, аль нэгэнтэй нь дайсан болж байгаа юм шиг саваад байж болохгүй. Өршөөлийн хууль дээр АТГ-ын гомдоллодог зөв.

Яагаад гэвэл энэ хуулиар тухайн байгууллагын шалгаж шийддэг бүх хэргийг өршөөчихсөн. Энэ байгууллагын өнгөрсөнд хийсэн болон ирээдүйд хийх ажлыг тэглэчихээр энэ байгууллага үндсэндээ хийх ажилгүй болчихож байгаа юм. Авилга, албан тушаалын хэргүүд гудамжинд гардаг хулгай, дээрмийн хэрэгтэй адил амархан илэрдэг юм биш. Байнгын далд, нууцлагдмал байдаг, үйлдэгдсэнээсээ хойш дор хаяж 5-10 жилийн дараа илэрдэг. Тийм учраас өнөөдөр энэ байгууллагын шалгаж байгаа бүх хэргийг өршөөчихөөр дор хаяж өнөөдрөөс урагшаа таван жилийн дотор илрээгүй бүх хэргүүд “0” зааж байна гэсэн үг. Дараагийн таван жилд илэрч болох байсан тэр бүх хэргүүд байхгүй болж байна гэсэн үг.

Эцэст нь хэлэхэд Өршөөлийн хуулийг бүхэлд нь үгүйсгэж болохгүй. Зууны 90 хувь нь зөв зүйтэй. Зөвхөн суган дотор нь нэг буруу юм явчихсан. Тэр бурууг л засах ёстой.