ЭЗ-ийн шинэчлэлийг шуурхайлах нь цаг үеийн гол зорилго
Монгол Улсад ардчилсан сонгууль болсны 25 жилийн ой тохиож буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдөр Төрийн ордонд АНУ-ын Гадаад харилцааны орлогч сайд, Төрийн департментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн товчооны орлогч дарга Сюзан А.Торнтон, АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Брайн Күүнц нартай уулзлаа.
Монголд ардчиллыг бэхжүүлэх, хүүхэд залуусын боловсрол, хэвлэл мэдээллийн эрх чөлөө зэрэг өргөн асуудлаар санал солилцсон энэ уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Л.Болд хэлэхдээ бид эх нутагтаа дэлхийн дахинаа гайхуулах ардчилсан шинэчлэлтүүдийг богино хугацаанд тайван замаар улстөрийн хүрээнд хийж иргэдээ эрх чөлөөтэй, эрх чөлөөнд дуртай, эрх чөлөөгөө хамгаалах чадвартай болгож чадсан. Гэсэн хэдий ч тэднийгээ дүүрэн жаргалтай, баян чинээлэг болгож чадаагүй байна гэжээ.
Ялангуяа Монгол бол залуучуудын орон. Залуу үе маань ардчилсан тогтолцооны үед өсч төлөвшиж буй ч ардчиллын үнэт зүйлсийн талаарх тэдний боловсролд анхаарах ёстой гэж тэрбээр ярив. Эдийн засгийн шинэчлэлтийг ардчилсан засаглалын хүрээнд шуурхай хийж ард иргэдээ тохь тухтай амьдруулах цаг, өдрүүдийг наашлуулах нь өнөөгийн бидний эрхэм зорилго. Энэ бол улстөрчдийн эх орон, ард олныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм хэмээн УИХ-ын гишүүн Л.Болд тэмдэглэн хэллээ.