Бие даагчдын засагт орж ирэх хувилбар
Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн шийдлийн Засгийн газрын хувь заяа хаашаа эргэх нь тодорхой бус байна.
Уг нь АН-ын Гүйцэттэх зөвлөл, улмаар УИХ дахь бүлэг нь хуралдаж МАН- ыг засгаас гаргаж, зургаан сайдыг нь хөөнө гэж шийдвэрлэсэн ч энэ нь цаасан дээр буусан төсөл болтлоо багагүй хугацаа орох бололтой. Харин энэ болтол зарим газар зуны халуунаас улс төрийн халуун нь давамгайлж байгаа ажээ. Дараагийн сайд нарыг тодруулах, ирээдүйн улс төрийг тодорхойлох гэсэн таамаг хаа сайгүй явж байна. Үүнээс бодитой байх нэг таамгийг хүргэе.
УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ намрын улс төрийг нааш татаж, ээлжит бус чуулганыг ирэх сарын 3-нд хуралдуулна гэж мэдэгдсэн. Энэ хурлаар хэлэлцэх гол асуудал нь, зарлаж байгаа үндсэн шалтгаан нь МАН-ын зургаан сайдыг огцруулж, орны хүмүүсийг нь томилох. Гэвч УИХ-ын дарга З.Энхболд АН-ын дотоод уур амьсгалаас шалтгаалаад ээлжит бус чуулган зарлах захирамжаа өнөөг хүртэл гаргахгүй байгаа бололтой.
Эх сурвалжийн өгүүлж буйгаар Засгийн газрын хувь заяатай холбоотой асуудлыг намрын чуулганаар ярих ёетой гэсэн байр суурьтай хэсэг АН дотор ч бат зогссоор байгаа юм билээ. Энэ нь л Их хурлын даргыг эргэлзүүлж, нэг ёсондоо АН-ын дотоодод засгаас хөөгдөж буй МАН-аас ч том асуудал үүсгэсэн бололтой юм.
Улс төрд хөшигний цаана өрнөж буй энэ бүх үйл явц бие даагчдын хувьд хүчээ авах боломж болж байгаа гэнэ. Тэд МАН-ыг засгаас хөөхөд оронд нь засагт орох боломжуудыг судалсан байна. Мэдээж 2012 оны сонгуулийн дараа АН бие даагчдыг хамтарч ажиллая гэж урьсан боловч тэднийг засагтаа оруулаагүй. Нэг Байнгын хороо өгөөд л орхисон. Яагаад гэвэл, бие даагчид бол ардаа намгүй ердөө бие даагчид л байсан шүү дээ.
Иймээс энэ удаад бие даагч гишүүд рейтинг өндөр яваа Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-д элсэж, улмаар Засгийн газарт орж ирэх боломжийг судалж байгаа юм байна. Бүр тодруулбал, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн тэргүүтэй бие даагч гишүүд ХҮН-д элсэх замаар Засгийн газарт орж ирэх магадлал өндөр байна. Яагаад заавал ХҮН гэвэл С.Ганбаатар гишүүн энэ намын угшилтай нэгэн. Тиймээс тэрийгээ суурь болгож бие даагчдаа энэ намд элсүүлэх гэж байгааг эх сурвалж өгүүллээ.
Бие даагчдын гаргаж буй энэ хувилбар нөгөө талдаа буюу АН-д ч таалагдаж байгаа гэнэ. МАН-ыг засгаас хөөх шалтгаанаа ярьснаа биелүүлдэггүй, ажил хийлгэдэггүй гэж тайлбарлаж байгаа АН-ын хувьд илүү рейтинг өндөртэй яваа намтай нийлэх нь засагт нь хэрэгтэй гэж тооцжээ. ХҮН-ын хувьд шинээр байгуулагдсан ч рейтинг өндөртэй, боловсон хүчин сайтай нам. Харин бие даагч гишүүн С.Ганбаатарын хувьд Монголын топ-10 улстөрчийг тэргүүлж яваа улстөрчөөр нэрлэгдээд байгаа билээ.