Монголын ардчиллын эхэлсэн түүхийг номоос харах боломжтой
Монгол Улсын ардчилалд шилжих үеийг гэрэл зургаар илэрхийлсэн Зориг Сан, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн хамтын бүтээл болох “Монголд ардчилал эхэлсэн түүх" хэмээх түүхэн гэрэл зургийн номын нээлт өчигдөр боллоо.
Энэхүү цомогт Монгол Улсад тайван замаар өрнөсөн ардчилсан хувьсгалын чухал мөчүүдийг англи, монгол хэл дээрх тайлбарын хамт гэрэл зургаар харуулжээ. Ардчилалд шилжсэн үеийн түүхэн дурсамжийг өнөөгийн монгол залуучууд болон ирээдүйн үе удамд өвлөн үлдээх энэхүү бүтээлийг Зориг Сан Монгол орон даяар ерөнхий боловсролын болон их дээд сургууль, номын сангуудад түгээхээр төлөвлөж байна.
Түүнчлэн зурган цомог бүхий энэхүү номыг БНОУХ Монгол Улсын ардчиллын туршлагаас судлах сонирхолтой байдаг Киргизстан, Мьянмар зэрэг улс орнуудтай хуваалцах юм байна. Цомгийн нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Л.Болд, С.Зориг агсны ах С.Баяр тэргүүтэй хүмүүс оролцлоо. Э.Бат-Үүл дарга “Өмнө нь хаана ч хэвлэгдэж байгаагүй зургууд энэ номонд орсон" хэмээн тодотгосон бол С.Баяр “Монгол Улс ардчилсан хувьсгалыг хэрэгжүүлэхэд нөлөөлсөн зүйл бол тайван замаар хийсэн явдал" гэлээ.