Монгол хэл, бичиг, монгол ахуйтай танилцана
Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдардаг залуу монгол судлаачдын зуны сургалтыг манай улс гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургалтад 12 орны 30 залуу Монгол орныг сонирхон, судлахаар иржээ. Тухайлбал, Орос, Герман, Швейцар, Чех, Унгар, Польш, Турк, Казахстан, Хятад, Япон, БНСУ, БНАСАУ зэрэг орны залуу судлаачид Монголд ирээд байгаа юм.
Тэдний сургалтын хөтөлбөр өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Энэ удаагийн зуны сургалт хоёр хэсэгтэй. Эхний ээлжинд судлаачид малчны ахуй амьдралын дунд монгол хэл, бичиг, монгол ахуйтай танилцах хичээлийг үзэх аж.
Харин хоёрдугаар хэсэгт Улаанбаатар хотод ирж Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх археологийн хүрээлэн, Монгол Улсын Боловсролын их сургууль зэрэг монгол судлалын гол төвүүдэд сургалтад хамрагдах юм байна.