Монгол судлаач залуус малчны хотонд зочилно
2015.07.27

Монгол судлаач залуус малчны хотонд зочилно

Гадаадын залуу монгол судлаачдын зуны сургуулийн нээлт өнөөдөр БСШУЯ-нд болж буй ажээ.  

Энэ жилийн зуны сургуулийг БСШУЯ-ны сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг монгол судлалын гол төвүүдтэй хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Ирээдүйн монгол судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцааны дунд тусгай сургалт зохион байгуулснаараа монгол судлалын залгамж холбоог бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд бодит үр дүн болно гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм.

2015 оны залуу монгол судлаачдын зуны сургуульд Орос, Герман, Швейцар, Чех, Унгар, Польш, Турк, Казакстан, Хятад, Япон, БНСУ, БНАСАУ зэрэг 12 орны 19 их сургууль, судалгааны төвөөс 30 залуу судлаач, оюутнууд оролцохоор хүрэлцэн иржээ. Энэ удаагийн зуны сургуулийг монгол ахуй, монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний төв гэсэн хоёр өөр орчинд зохион байгуулна. Залуу судлаачид хөдөө малчны ахуй амьдралын дунд монгол бичгийн хэл, монгол ярианы хэл, монгол ахуйтай танилцах хичээлийг үзэхээс гадна Улаанбаатар хотод ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх-Археологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль зэрэг монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний гол төвүүдэд судалгааны тодорхой чиглэлээр нэртэй эрдэмтдийн лекц сонсох юм.