Ээж хүү хоёрын “баярт мөч”
“Ээжийн энхрий хөвгүүд өслөө, эх орны хүү боллоо. Аавын алдрай хөвгүүд өслөө, ард түмний хүү боллоо” хэмээн МУГЖ Д,Жаргалсайхан дуулсан байдаг.
Ээж, аавын энхрий хөвгүүд нэг л өдөр цэрэгт явж, эх орныхоо төлөө тангараг өргөдөг уламжлалтай. Тиймдээ ч энхрийлж өсгөсөн хүүгээ цэргийн тангараг өргөхийг харж зогсох нь ээж аавүүдийн бахархал дүүрэн баярт мөч байдаг бизээ.
Өчигдөр Төв аймгийн Алтанбулаг суманд байх Шинэ цэргийн төвд 500 гаруй шинэхэн цэргүүд тангараг өргөх ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ оролцлоо. Учир нь түүний хүү энэ хавар цэрэгт татагдсан бөгөөд тангараг өргөж зогссон хүүгээ хайрлаж, бахархах сэтгэлээр дүүрэн байснаа өөрийн фейсбүүк хуудсанд бичжээ.
Олны танил эрхмүүдийн хүүхдүүд цэрэгт явсан тухай мэдээлэл бараг гардаггүй. Харин гишүүний хувьд “Хүүгээ эр хүн болж, олны дунд биеэ зөв авч явах ухаан сууж, аливаад сэтгэлийн ухаан хатуужилтай хандаж, зөв явж, авах гээхийн ухаанаар аливаад суралцаг гэж цэрэгт мордуулсан. Каринтин дээр эргээд очиход миний хүү бов бор болчихсон, ярьж хөөрөх нь хүртэл өөр хүн болсон мэт санагдлаа. Хэдий том хүн болсон ч гэсэн ээждээ жаахан хүүхдээрээ л харагдах юм” гэж өөрийн цахим хуудсандаа өмнө нь бичиж байсан билээ.