З.Баянсэлэнгэ гишүүн хэлсэн амандаа хүрчээ
Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн татлага энэ сарын эхээр явагдсан билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын эрхэм гишүүн З.Баянсэлэнгэ “зоригтой” шийдвэр гаргасан тухай өмнө нь мэдээлж байв.
Тэрбээр өөрийнхөө фэйсбүүк хуудсандаа “Миний хүү эр хүн болжээ. Цэргийн зарлан ирээд...Хүүгээ цэрэгт явуулахаар шийдлээ. Эр хүний явах ёстой алба. Давах ёстой даваа” хэмээн бичсэн нь олон хүний таашаалд нийцсэн байсан.
Учир нь мөнгөтэй хөрөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд эр цэргийн албанаас чөлөөлөгдөж эрх дураараа дургиж байдаг болохоор эрхэм гишүүний энэ шийдвэр “зоригтой” харагдсан нь мэдээж. Түүнчлэн эрхэм гишүүн хэлсэн амандаа хүрч, хүүгээ эр цэргийн албанд мордуулна гэдэгт найдаж байгаа талаараа ч иргэд сэтгэгдэл үлдээсэн байсан.
Тэгвэл эрхэм гишүүн хүүгээ эр цэргийн албанд мордуулснаа батлах гэж эргэж очсон зургаа цахим хуудастаа оруулжээ. Тэрбээр “Хүүгээ эр хүн болж, олны дунд биеэ зөв авч явах ухаан сууж, аливаад сэтгэлийн ухаан хатуужилтай хандаж, зөв явж, авах гээхийн ухаанаар аливаад суралцаг гэж цэрэгт мордуулсан.
Карентин дээр эргээд очиход миний хүү бов бор болчихсон, ярьж хөөрөх нь хүртэл өөр хүн болсон мэт санагдлаа. Хэдий том хүн болсон ч гэсэн ээждээ жаахан хүүхдээрээ л харагдах юм” хэмээн сэтгэгдлээ үлдээжээ.