Генералуудад хүндэтгэл үзүүлэв
Генералууд
2015.04.27

Генералуудад хүндэтгэл үзүүлэв

Монгол  Улсын Зэвсэгт хүчний даргалах бүрэлдэхүүнд офицер, генерал цол олгож эхэлсэн ойгоор төр засаг генералуудад хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Энэ уламжлалын дагуу Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.04.24/ генералуудыг хүндэтгэн, баяр хүргэв.УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ “Монголын үе үеийн алтан мөрдөстнүүд ахмад үеийнхээ уламжлалыг хадгалж, эгэл  цэрэг дайчидтайгаа бие, сэтгэлээрээ ямагт хамт байж, тэднийг эцэг, эхийн ёсоор халамжлан сургаж, аюулгүй орчинд үүргээ нэр төртэй биелүүлэх, өсөж хөгжих нөхцөл, боломжоор хангахын төлөө зүтгэж байна.

Эрхэм генералууд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд Монгол Улсын Зэвсэгт хүчний даргалах бүрэлдэхүүнд офицер, генералын цол олгож эхэлсний 71 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэе” гээд Монгол Төрийн багана бат бэх байж, Монгол генералуудын үйлс дэлгэрч байх болтугай хэмээн ерөөлөө.Энэ үеэр Монгол генералуудын өдрийг тохиолдуулан хүндэтгэн баяр хүргэсэн УИХ-ын даргад талархаж буйгаа илэрхийлэн “Монгол генерал төв”-өөс дурсгалын зүйлийг гардуулсан юм. 

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр болон албаны бусад хүмүүс байлцсан юм.1944 оны 4 дүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн 11  гарамгай зүтгэлтэнд генерал цол олгож байжээ. Түүнээс хойш 71 жилийн хугацаанд зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагуудаас 163 генерал цолтон төрөн гарсан байна.

Монгол Улсын цэргийн дээд цол нь хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генерал, армийн генерал байсан бол 2006 онд “Цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль”-д өөрчлөлт орсоноор барууны өндөр хөгжилтэй орнууд, НАТО-гийн гишүүн орнуудын жишгээр бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал цолнууд хэрэглэхээр болсон юмхэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.