З.Баянсэлэнгэ гишүүн "Зоригтой" шийдвэр гаргажээ
Засгийн газрын тогтоол, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалыг үндэслэн нийслэлийн Засаг дарга “2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” захирамж гаргасан. Үүний дагуу Улаанбаатар хотын хэмжээнд энэ оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн татлагыг энэ сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаа билээ.
Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын эрхэм гишүүн З.Баянсэлэнгэ “зоригтой” шийдвэр гаргажээ. Тэрбээр өөрийнхөө фэйсбүүк хуудсандаа “Миний хүү эр хүн болжээ. Цэргийн зарлан ирээд...Хүүгээ цэрэгт явуулахаар шийдлээ. Эр хүний явах ёстой алба. Давах ёстой даваа” хэмээн бичсэн нь олон хүний таашаалд нийцжээ.
Учир нь мөнгөтэй хөрөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд эр цэргийн албанаас чөлөөлөгдөж эрх дураараа дургиж байдаг болохоор эрхэм гишүүний энэ шийдвэр “зоригтой” харагдахаас ч яах вэ дээ. Түүний постыг дэмжигсэд “Ардын хүүхдүүд л цэрэгт явдаг, албан тушаалтан, хөрөнгөтнүүдийн хүүхдүүд цэрэгт явахаа больчихсон энэ үед ийм шийдвэр гаргаж байгаа нь энэ хүн ард түмнээсээ тасарчихаагүй байгаагийн нэг том илрэл гэж бодож байна” хэмээн сэтгэгдлээ үлдээсэн байна.
Ямартай ч сонгуулийн салхи сэвэлзэж эхэлсэн энэ цаг үед ард түмэнд хэрхэн таалагдах талаар улстөрчид толгойгоо гашилгаж байгаа нь мэдээж. Тэгвэл энэ мэт арга хэрэглэж эхэлбэл зүгээр л юм байна. Харин эрхэм гишүүн хэлсэн амандаа хүрч, хүүгээ эр цэргийн албанд мордуулна гэдэгт найдаж л сууя даа.