З.Баянсэлэнгэ: Хүүгээ цэрэгт мордууллаа. Бие хүн болж төлөвшиг
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
2015.05.12

З.Баянсэлэнгэ: Хүүгээ цэрэгт мордууллаа. Бие хүн болж төлөвшиг

Нийслэлийн хэмжээнд энэ оны I ээлжийн цэрэг татлага өнгөрсөн баасан гаригт эхэлж гурван өдөр үргэлжлэв.

Хотын төвийн дүүрэг болох Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын үйл ажиллагаа болсон 24 дүгээр сургуульд эхэлсэн юм. Албанд татах тоо хэмжээтэй ч өмнөх жилүүдтэй харьцуулахад цэрэгт явах сонирхолтой залуус олон байгааг Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Ц.Эрдэнэбаатар ярьж байв. Дүүргийн цэрэг татлагын үеэр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хүүгээ үдэхээр ирсэн байв.

Төрийн түшээдийн хувьд хүүхдүүдээ цэргийн албанд явуулах тохиолдол ховор тул түүний байр суурийг сонирхоход “Өмнө нь би хорооны Засаг даргаар ажиллаж байхад цэргийн тоо гүйцэхгүй. Бид нэрсийн жагсаалт бариад тоогоо гүйцээхийн тулд хэсгийн ахлагч, айл өрх рүү ярьж хүүхдүүдээ явуулахыг шаарддаг байлаа. Одоо бол сонирхлоороо явах залуус олширсон байна.

Над шиг олон ээж хүүгээ цэрэгт мордуулж байна. Хүүгээ цэрэгт явуулах нь зөвхөн миний шийдвэр байсангүй. Цаг хугацаа алдмааргүй байна, тиймээс насандаа явсан нь дээр, мөн өөрөө сонирхолтой байсан. Энхийн цагт цэргийн алба хаана гэдэг эрэгтэй хүн болж төрсний, нэр төрийн баталгаа. Тиймээс цэргийн эрдэмд суралцаж бие хүн болж төлөвшиг. УИХ-д цөөхөн эрчүүд гурван жилийн алба хаасан байдаг.

Намайг хүүгээ цэрэгт явуулах гэж байгааг сонсоод гишүүд дэмжиж байсан. Хүүхэд бие хүн болж төлөвшдөг юм гэж байсан” гэв. Түүний хүү Т.Болдбаатар “Эмээ, өвөө маань бүгд цэргийн хүмүүс. Цэргийн алба хаана гэдэг нэр төрийн хэрэг. Бусдын өмнө бардам байж чадна. Тиймээс албаа нэр тэртэй хаагаад ирнэ” гэв.