Улсын хэмжээнд гурван газар том хэмжээний түймэртэй байна
Онцгой байдлын ерөнхий газар
2015.04.22

Улсын хэмжээнд гурван газар том хэмжээний түймэртэй байна

Зүүн гурван аймагт гарч буй хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан газар дээр нь ажиллахаар  Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүхээр  ахлуулсан баг 12,00 цагт явлаа.

Өнгөрсөн өвөл цас бага орсноос үүдэлтэй түймэр эрт эхэлсэн. 2015 оны 2-р сарын 4-нд анхны  түймэр гарчээ. Одоогоор улсын хэмжээнд  14 аймгийн 44 суманд, 77 түймэр асч байгаагаас 37 нь   Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад гарч, нийт түймрийн  50 орчим хувь болоод байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гурван томоохон түймэр асч байна. Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Хэнтий аймгийн Норовлин, Баян-Адарга, Батноров сумд, Дорнод аймгийн Баян-Уул сумдад   гурван том  түймэр асч байна.

Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх зүүн аймгууд руу явахаасаа өмнө ОБЕГ-т ажиллаж, зарим үүрэг өгсөн юм. Тэрбээр    хээрийн түймрийн  шалтгааныг арилгахыг чухалчлав. Сар гаруй үргэлжилж байгаа түймэрт  хүний амь нас эрсдээгүй сайн боловч айл өрх орон гэргүй болж,  олон мал, их хэмжээний газар нутаг, бэлчээр шатаж байна гээд   цаашид үргэлжлэх магадлал өндөр байгаа тул Онцгой байдлын алба байнгын  өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллахыг үүрэг болгов. Мөн орон нутгийн төр захиргааны байгууллага яаралтай, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч байх,  ард иргэдийг дайчлан ажиллуулах, Улсын нөөцийн өвс тэжээл, бусад техник хэрэгслийн бэлэн байдлыг хангахыг үүрэг болголоо. Энэ үеэр улсын нөөцийн бэлэн байдлын талаар ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн  газрын дарга Х.Батбилэг мэдээлэл өгсөн. 

Хээрийн түймрийн гол шалтгаан   иргэдийн  анхаарал болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй байгааг мэргэжлийн байгууллага анхааруулж байна. Мөн цурман дахь гал дахин асах, хил дамнан түймэр орж ирж буй, салхины хурд өндөр, тогтворгүй байгаа зэрэг нь үндсэн шалтгаан болж  байна. Хамгийн сүүлийн мэдээгээр Дорнот аймгийн Дашбалбар, Чулуунхороот сумын нутгаар ОХУ-аас түймэр ирж байгаа дээр хүч тавин ажиллаж байна.  Зүүн гурван аймагт гарч буй түймэр дээр эдгээр аймгуудаас гадна Говьсүмбэр, Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтэс, төр захиргааны байгууллага, иргэд ажиллаж байна.

Улсын хэмжээний байдлаар нийт түймрийг унтраахаар Онцгой байдлын албанаас 950 алба хаагч, 86 автомашин, Хилийн цэргээс 246 алба хаагч, 15 автомашин, Цагдаагийн байгууллагаас 15 алба хаагч, орон нутгаас 2883 иргэн, 310 автомашин, 47 мотоцикль, нийт 4094 хүн, 418 автоамшин тус тус дайчлагдан ажиллаж байна.

Ойн түймэр дөрвөн газар гарсан боловч цаг алдалгүй унтрааж чадсан байна.