Яагаад бүлгүүд Тавантолгойн асуудлыг хэлэлцсэнгүй вэ ?
Өчигдөр УИХ дахь намын бүлгүүд энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдэд ямар байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
2015.04.20

Яагаад бүлгүүд Тавантолгойн асуудлыг хэлэлцсэнгүй вэ ?

Төрийн ордонд өчигдөр УИХ дахь намын бүлгүүд энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүд дээр харилцан ярилцаж байр сууриа илэрхийллээ.

Дахин төлөвлөлтийн журам Үндсэн хуулиас давсан гэв

МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Сумъяабазар нар мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар “Сонгуулын нэгдсэн хууль”-ийн төслийн талаар саналаа солилцож, намын бүлгээс томилогдсон ажлын таван гишүүн энэ баасан гариг гэхэд мэдээлэл өгөхөөр үүрэг болгосон гэдгийг УИХ дах бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр хэлсэн. Харин гишүүн Д.Сумъяабазар гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудалд иргэд нэлээд бухимдалтай байгааг  онцолсон. 

Тэрээр “Өнгөрсөн долоо хоногт МАН-ын гишүүд Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт явагдаж  буй 24 байршлийн 16-тай нь газар дээр нь очин иргэдтэй уулзах үеэр компаниуд иргэдийн хоорондын үл ойлголцлын гол шалтгаан нь газрын метр квадратын үнийг багасгаж, зах зээлийн ханшаас доогуур үнэлж байгаа гэлээ. Дунджаар 35-37 ам.доллараар үнэлж байна гэв.

Харин 0.7, 0.6, 0.5 га газрыг жижиг м2 хэмжээтэй орон сууцаар солих санал тавьж байгаа нь иргэдийг бухимдуулж байгаа гэв. Түүнчлэн Хан-Уул дүүргийн нэхмэлийн шарын байруудад дахин төлөвлөлт хийхээр эрх авсан компанийг иргэд хууль бус гэж үзсэн асуудлууд нэлээд бий. Мөн зөвхөн хоёр айлын газрыг чөлөөлөөд түүндээ суурийг нь ухаад орхисон зүйлүүд 24 байршлын 90 хувьд нь байгаа юм.

Жишээ нь Сүхбаатар дүүргийн 15-р хороо буюу Дамбадаржаагийн орчим амьдардаг хоёр иргэний мансарттай давхар байшинг нураалгаж газрыг нь чөлөөлөөд, суурийг нь ухаад орхисон байдалтай хоёр жил хагас болжээ.

Энэ хугацаанд хоёр айлын өрхийн тэргүүнүүд нас бараад, үр хүүхэд нь түрээсийн байранд амьдарч байгаа эмгэнэлтэй тохиолдлууд байна” гэдгийг хэллээ. Түүнчлэн дахин төлөвлөлтийг зохицуулж буй журам нь үндсэн хуулийг давсан, хүний эрх зөрчсөн зүйл болоод байгаа гэлээ.

Энэ үеэр сэтгүүлчид УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас асуулт асуулаа.

-Таван толгойн асуудлаар намын бүлэг байр сууриа нэгтсэн үү ?

Гишүүдэд болон бүлэгт энэ талаар мэдээлэл ирээгүй. Байр суурь бол тодорхой. 2.1 сая иргэдийн 1072 хувьцааг шударга зарчмын дагуу хүртүүлэх. Хоёрдугаарт Монгол улсын хууль тогтоомж, тэр дундаа татвартай холбоотой асуудал хуулийн дагуу шийдэгдэх  ёстой. Гэхдээ хараахан мэдээлэл ирээгүй байна.

-Сонгуулийн тухай хуулинд намын бүлгээс ажлын хэсэг гарсан гэсэн ямар гишүүд орсон бэ ?

МАН-ын намын бүлгээс УИХ-ын нэр бүхий таван гишүүн орсон. Үүнд С.Бямбацогт, Ө.Энхтүвшин, Д.Оюунхорол, Су.Батболд, О.Содбилэг нар орсон.

Ард нийтийн дунд санал асуулга явуулах хуулийн тогтоолын төслийг өргөн бариад арав хонож байхад Засгийн газрын зүгээс хариу өгөөгүй байна. Гэхдээ хуулийн хугацаа дуусаагүй байгаа. Заавал хуулийн хугацааг дуустал хүлээх ёстой юу гэдэг талаар өнөөдөр МАН-ын дарга М.Энхболдоос лавлана. 

Ардчилсан намын дарга З.Энхболд сэтгүүлчидтэй хийсэн зангиагүй уулзалтын үеэр  санал асуулгыг ард түмний хүсэл зорилгод нийцэхгүй гэсэн байр суурь илэрхийлж байна лээ.

Н.Батцэрэг: Гишүүний тангарагт "Тойргийн төлөө" гэсэн үг байдаггүй

Харин эвслийн бүлэг хуралдаанаар юу хэлэлцсэнийг бүлгийн дарга Н.Батцэрэг сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Эвслийнхэн Ерөнхийлөгчийн өргөн барьсан “Ирээдүйн өв сан”-ийн тухай хуулийг ярилцаж горимын санал гаргахаар болсон аж. Учир нь хуулийн төсөл тус бүлгийн гишүүдэд орой тараагдсан тул судлаж, танилцах хэрэгтэй байгаа энэ үеэр сэтгүүлчдэд хэллээ.

Ер нь уул уурхайн салбараас болон Төрийн өмчийн ашигтай ажиллагаанаас орсон орлогыг зөвхөн төсвийн орлогод авчихдаг биш зардал давсан орлогоор хуримтлал хийж дахиад санхүүгийн бусад хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар хуримтлалаа өсгөдөг менежмент маш чухал гэлээ.

Мөн Ерөнхийлөгчийн өргөн барьсан “Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох” тухай хуулийг тус бүлгийнхэн дэмжиж байгаа аж. Түүнчлэн сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа “Сонгуулийн нэгдсэн хууль”-ийн төслийн талаарх байр сууриа УИХ-ын  гишүүн Ч.Улааны гаргасан хувилбарыг албан ёсных болгож магадгүй гэдгийг бүлгийн дарга хэллээ. Энэ хувилбар нь “Монгол улс бүхэлдээ нэг тойрог.

Харин нам эвслүүд 76 нэр дэвшигчийг дэвшүүлж, сонгогч зөвхөн хүнийг дугуйлж, тухайн санал нь намынхаа сагсанд орох хэлбэрээр явагдах аж. Ингэснээр нэр дэвшигчид намаар эрэмлэгддэг байдлыг хасч сонгогчоороо эрэмблэгдэх юм.  

Угаас УИХ-ын гишүүний тангарагт тойргын эрх ашгийн төлөө өгдөггүй “Ард түмний элч бөгөөд” хэмээн өргөдөг учраас үндэснийхээ төлөө ажиллах хэрэгтэй байгаа онцоллоо.

Энэ үеэр сэтгүүлчид Тавантолгойн гэрээний талаарх байр суурийг нь сонирхоход “Албан ёсоор гэрээний төсөл нь өргөн баригдаагүй байхад хэвлэл мэдээллээр гарж буй хүмүүсийн байр суурь, санал санаачилгыг асуудал болгон хэлэлцэх нь учир дутагдалтай. Миний хувьд бол тодорхой мэдээлэлтэй байгаа” хэмээн хэллээ.

Ц.Даваасүрэн: Оюутолгой ашиггүй байна

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр болсон бүлгийн хуралдаанаар хэлэлцсэнтэй асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Тэд Ойн тухай хуульд амьдралд нийцэхгүй байгааг дурьдаад, долоон аймгийг хамраад байгаа ой хээрийн  түймрийг унтраахад цэргийн ангиудыг дайчлах шаардлагатай гэж үзэж байгаагаа хэллээ.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Оюутолгойн хоёр дах санхүүжилтийн талаар зөвлөлийн байр суурийг илэрхийллээ. Тэрээр “Оюутолгойн хоёр дахь санхүүжилтын  асуулт өнөөдрийн анхаарал татах асуудал болоод байна. Ерөнхий сайд Оюутолгойг хөдөлгөнө гэж яриад байгаа. Гэхдээ Оюутолгой явж байгаа төсөл.

Хамгийн гол нь бидний хүлээсэн, тэдний яриад байсан үр дүн гарахгүй байгаад асуудал байна. Байнгын хороо ахалж байсан хүний хувьд 2014 онд Оюутолгойн гүйцэтгэл ямар байв гэдгээр би өнөөдөр мэдээлэл өгье.

Одоо бол Оюутолгой амьдралын үнэнд гүйцэгдсэн. Тухайн үед үр дүн гараагүй учраас бид урьдчилж ашигтай төсөл биш гэж хэлж байсан. Энэ том төсөл, цаашаа явах ёстой. Өнөөдрийн Эрдэнэтийн чирж яваа ачааг хоёр дахин хуваалцах төсөл байсан боловч харамсалтай нь, тийм үр дүн  гараагүй.

Оюутолгой өнгөрсөн жил 805.7 мянган зэсийн баяжмал ачуулснаас 189 мянган тонн нь цэвэр зэс. Өнгөрсөн  жилийн зэсгийн дундаж ханшаар бодоход энэ нь 1.2 тэрбум доллар. Алт 19.5 тонн. Энэ нь 880 сая доллар. Энэ хоёрыг нийлүүлбэл, хоёр тэрбум ам.доллар буюу 3.6 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Үүнээс татварт хамгийн их буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 111 тэрбум төгрөг төлсөн. Нийтдээ 300 тэрбум төгрөг татварт төлсөн. Үүнээс өрөндөө аваад Монголд 100 сая доллар ч орж ирж чадахгүй байгаа юм. Гэтэл удирдлагын зардалдаа үүнээс их мөнгө авч байгаа.

Энэ онд энэ хэмжээнээс арай жаахан их 820 мянган тонн зэсгийн баяжмал ачуулна гэсэн таамаглал байна. Үүнээсээ 307-310 тэрбум төгрөгийг татварт өгч, өрөө авна. Нийт борлуулалтынхаа 4-5 хувийг Монголд үлдээж байна. Бид үүнийг л яриад байгаа юм. Түүнээс Оюутолгойг явуулахгүй гэсэн зүйл огт байхгүй. Гол нь ашиггүй байна.  Үүнийг засч, харилцан үр, ашигтай болгож байж хоёр дахь шатны хэлэлцээрийг явуулах ёстой” гэлээ.

Харин АН-ын бүлгийн хуралдаан тодорхойгүй шалтгааны улмаас үдээс хойш хуралдсан. Бүлгийн хуралдаанд Сонгуулийн нэгдсэн хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа Сонгуулийн нэгдсэн хуультай холбогдуулж мэдээлэл хийсний дараа гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулж, саналаа хэлсэн аж.