"Тавантолгойн гэрээ ил тод байх хэрэгтэй
Ардчилсан намын бүлэг
2015.04.07

"Тавантолгойн гэрээ ил тод байх хэрэгтэй

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан болсны дараа  өнөөдөр /2015.04.06/ Монгол Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Тавантолгой төслийн талаар гурван зүйл заалттай шийдвэр  гаргасан болохыг танилцуулав. Нэгдүгээрт, АН-ын бүлэг бусад намын бүлэгтэй хамтарсан ажлын хэсэг байгуулах нь зүйтэй юм байна. Хоёрдугаарт,хэлэлцэгдэж байгаа гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай. Гуравдугаарт, УИХ-аар хэлэлцүүлсний дараа гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан болохоо мэдээллээ.

Мэдээллийн үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлэхдээ “Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг 100 хувийн ирцтэй хуралдсан. Бүлгийн гишүүд Тавантолгой төсөлтэй холбоотой гэрээг УИХ-д тайлбарлаж, хэлэлцүүлнэ үү гэдэг хүсэлтийг Ерөнхий сайдад тавьсан. Үүний дагуу асуудлыг УИХ-аар хэлэлцүүлнэ. Харин уг асуудлыг маш яаралтай буюу 14 хоногийн дотор хэлэлцэж өгнө үү гэдэг хүсэлтийг Засгийн газрын тэргүүний хувиар би УИХ-ын даргад тавьсан.

Асуудлын талаар ойлголцсон, Тавантолгойн хэлэлцээр үргэлжилнэ гэж үзэж байна. Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагч, консерциумынхаа төлөөлөгчидтэй уулзаж, энэ чиглэлийн зохицуулалтуудыг хийнэ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар УИХ-аар хэлэлцүүлэх асуудлаа бэлтгэх юм.

Өчигдөр би олон нийтэд хандан мэдээлэл хийхдээ Монгол Улсын эдийн засгийг тэлэх зорилгоор том төслүүдээ хөдөлгөх шаардлагатай гэдгийг хэлсэн. Энэ асуудал 1-2 долоо хоног үргэлжилнэ. Цаашид үл ойлголцол гаргахгүйн тулд УИХ-аар асуудлыг хэлэлцүүлээд, дараа нь Засгийн газар холбогдох шийдвэрээ гаргана” гэлээ.

УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн үеэр өнөөдөр гарын үсэг зурах гэж байсан гэрээний төслийн талаар мэдэгдэл хийсэн болохоо онцлон тэмдэглэв.

Мөн тэрээр, "Тавантолгой бол монголын нийт иргэд хувьцаа эзэмшдэг онцлогтой компани. Ийм том хэмжээний гэрээг нийт хувьцаа эзэмшигчид, мэдэж ойлгож, юу хийх гэж байгаагаа ухамсарлах ёстой.

Тиймээс энэ ил тод байх хэрэгтэй хэмээн үзэж, уг төсөлтэй холбоотой гэрээг олон нийтэд нээлттэй байлгахыг шаардаж, вэб сайтад өнөөдөр байршуулсан. Мөн УИХ-ын гишүүдэд тараасан" гэв.

Мөн тэрээр Засгийн газрын үйл ажиллагаанд УИХ хяналт тавих бүрэн эрхтэй болохыг тэмдэглэн хэлээд, Ерөнхий сайдыг уг асуудлыг УИХ-д өргөн барьсан тохиолдолд цаг алдахгүй хэлэлцэж, шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдсэн болохыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.