Хууль нь байхгүй учраас хуулийн хэмжээний журам гаргаад бид ажлаа явуулж байна
Нийслэлээс хувийн хэвшлийн ажил үйлчилгээг дэмжихийн тулд ямар арга хэмжээ авч байгаа талаар НИТХ-ын тэргүүлэгч Д.Баттулгаас тодрууллаа.
-Нийслэлийг хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран хөгжүүлнэ гэлээ. Тэгэхээр тэдний хэлдэг гол бэрхшээл хууль эрхзүйн орчин?
Ер нь, нийслэлийг хөгжүүлж дэлхийн хэмжээний хот болгоход өнөөдрийн хууль эрхзүйн орчин тийм ч таатай бус байгаа. Энэ бол хувийн хэвшлийн байгууллагуудад тохиолдож байдаг ганц бэрхшээл. Тухайлбал, Одоо газрын тухай хууль байна. Өнөөдөр нийслэлд газар байдаг. Газар бол нийслэлийн хамгийн том өмч.
Хэдэн жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар дэлхийн том эдийн засаг ирээд энэ гэр хорооллын газрыг чинь үнэлье гэж байсан. Тухайн үед долоон тэрбум гаруй төгрөг гэж байсан. Одоогийн үнэлгээ бол арав гаруй тэрбум төгрөг болсон. Гэтэл бид энэ мөнгийг эргэлтэд оруулахгүй явсаар ирсэн. Энэ бол нийслэлийн хамгийн том баялаг. Одоо ч эргэлтэд орж чадахгүй л явна. Үүнийг газрын тухай хуулиар болон бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэх ёстой.
-Ойрын хугацаанд шийдвэрлэхээр ямар хууль байна вэ?
Холбогдох хүмүүстэй нь уулзахад хаврын чуулганаар оруулж баталъя гэж ярилцаж байна. Үүгээр нийслэлийн хувьд эдийн засгийн хоёр дахь том хувьсал гарах юм. Тодорхой хуулиуд УИХ-д очихоор цаг хугацаа шаарддаг. УИХ дээр зарим хуулиуд нь муудаж гардаг. Тэгэхээр энд маш том лобби хэрэгтэй болдог. УИХ-д хотоос гарсан 14 гишүүн байдаг. Тэд нартай ойр байж, яриулж хуулийн цаана гарна. НИТХ-ын хувьд нэг л заалтаар асуудлыг шийддэг. Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62 дахь заалт бий.
Хуулиар зохицуулдаггүй харилцааг ИТХ шийдвэр гаргаж зохицуулах эрхтэй байдаг. Үүний дагуу НИТХ асуудлыг шийдээд явж байна. Жишээ нь, гэр хорооллын дахин төлөвлөлт гээд ярьж байхад гэр хорооллын дахин төлөвлөлт хот төлөвлөлтийн хуультай уялдаж явах ёстой. Газар албадан чөлөөлөх хуультай уялдах ёстой. Энэ хоёр хууль хоёулаа байхгүй. Тиймээс хуулийн хэмжээний журмыг гаргаж байна. Гэр хорооллыг дахин төлөвлөх журам. Ингэж л явахаас өөр арга байхгуй. УИХ-аас шийдвэр гаргаад түүнийг хэрэгжүүлээд явна гэвэл бидний бүрэн эрхийн хугацаа хүрэхгүй.