МАН-ын бүлэг мажоритар системийг 100 хувь дэмжинэ
МАН-ын бүлэг
2015.03.02

МАН-ын бүлэг мажоритар системийг 100 хувь дэмжинэ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, гишүүн Я.Содбаатар нар намрын чуулганы үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын намрын     чуулган хуулийн дагуу батлах ёстой хуулийн төслүүдээ баталснаас гадна шинэчлэлийн Засгийн газарт хариуцлага тооцож буруу бодлого, бодлогогүй үйл ажиллагааг нь     зогсоосон нь хамгийн чухал гэж МАН-ын бүлэг дүгнэжээ.

МАН засагт орохдоо эдийн засгийн уналтыг зогсоох, ажлын байрыг хадгалах, цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, төсвийг хэмнэх, 2016 оны сонгуулийг нэг мандат, нэг тойргоор зохион байгуулах, сонгогчдын саналыг гараар тоолох, иргэд сумын Засаг даргаа өөрсдөө сонгох, нэгдсэн нэг төсөвтэй болох, эдийн засгийн хямралаас гарах хөтөлбөр боловсруулах, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, парламентыг боловсронгуй болгох гэх мэт олон зүйл дээр АН-тай санал нэгдэж гэрээ байгуулсан байна.

МАН- ын бүлэг нэг мандат, нэг тойрог буюу мажоритар системийг 100 хувь дэмжиж байгааг бүлгийн дарга С.Бямбацогт онцолсон юм. Үүнийгээ ч чуулганы завсарлагаанаар иргэдээсээ асуухаар төлөвлөжээ. Тус бүлгийн гишүүд хаврын чуулган эхэлтэл УИХ-д өргөн барьсан төслүүдээ боловсронгуй болгоход анхаарахаас гадна, гишүүд тойрогтоо ажиллахдаа иргэдээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг асуухаар төлөвлөжээ. Өөрчлөлт оруулахаар болбол ямар асуудлыг шийдвэрлэх ёстой вэ, УИХ-ын гишүүдийг жагсаалтаар сонгох нь зөв үү, сумын иргэд Засаг даргаа өөрсдөө сонгодог болох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зөв үү гэх мэт олон зүйлийг асуух юм байна.

Намрын чуулганы төгсгөлд хэлэлцсэн хувьчлах төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад МУИС, ШУТИС, ХӨСҮТ-ийг оруулж ирснийг МАН эсэргүүцэж хасуулсан гэдгийг онцоллоо. УИХ дахь МАН-ын бүлэг Хөдөлмөрийн сайд С.Чинзоригтой хамтран 2015-2025 оны хооронд хоёр үө шаттайгаар ажилгүйдлийг бууруулах бодлогын баримт бичгийг боловсруулж байгаа гэдгийг Н.Номтойбаяр гишүүн танилцуулав.

Мөн тэрээр тэтгэврийг үе шаттайгаар нэмэхээр болсныг дуулгасан юм. Эхний ээлжид энэ сард тэтгэврийн доод хэмжээ буюу 207 мянгыг 235 мянган төгрөг болгон нэмж байгаа аж. Мөн тэтгэврийн доод хэмжээнээс дээш 500 хүртэлх мянган төгрөгийн тэтгэвэр авдаг иргэдийнхийг 22 мянга, 500 мянгаас дээш тэтгэвэр авдаг иргэдийнхийг 20 мянган төгрөгөөр нэмэхээр болсон байна.МАН-ын бүлгийн гишүүд дээрх мэдээллийг өгснийхөө дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Тавантолгойн хэлэлцээрийн талаар УИХ-ын нэр бүхий 16 гишүүн М.Энхсайхан сайдад асуулга тавьсан. Асуулгынхаа хариуг авсан уу?

Я.Содбаатар: МАН-ын бүлэг энэ асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Энэ ажлын хэсгийг би ахалж байна. Энэ хүрээндээ мэдээлэл цуглуулж байгаа. Харин М.Энхсайхан сайдад тавьсан асуулгын хариу албан ёсоор ирээгүй.

-Намрын чуулган завсарлахын өмнөхөн “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухайн хуульд өөрчлөлт оруулчихлаа. Анх 2013 оны намар үүнийг хэлэлцэж танай намын бүлэг нэлээд хүчтэй эсэргүүцэж байсан. Харин сая ямар өөрчлөлт оруулсан болоод танай бүлэг дэмжив ээ?

С.Бямбацогт: Засгийн газраас өргөн барьсан “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухайн хуулийн төслийг нэлээд өөрчилсөн. Бараг “Урт нэртэй’’ хуулийг бүхэлд нь хүчингүй болгоод бүх газар ашигт малтмал эрж хайх, олборлох боломжтой болгох хуулийн төслийг Засгийн газар өргөн барьсан байсан.

Үүнийг нь УИХ дахь МАН-ын бүлэг нэлээд эсэргүүцэж байж 60-70 хувийн өөрчлөлт оруулсан. Тухайлбал, гол, горхины эх бүрэлдэх газарт хэзээ ч хайгуул, олборлолт хийхгүй болгосон. Мөн усны сав газраас 200 метр дотор олборлолт хийхгүй.

Харин усны сав, ойн сан бүхий газарт өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийчихсэн аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж олборлолт явуулах эрх олгож байгаа. Ингэхдээ өндөр болзолтойгоор эрх олгоно. Тухайлбал, нэг мод үгүй хийсэн бол 10 мод тарих ёстой гэх мэт нөхөн сэргээлтийн хатуу болзол тавьж байгаа.

Үүнийг зарим хүн нэмж хайгуул болон олборлолтын лиценз олгох нь гэж ойлгож магадгүй. Тийм зүйл байхгүй. Шинээр ямар ч лиценз олгохгүй.

Я.Содбаатар: Анх өргөн барьснаар баталсан бол 1300 гаруй лицензтэй талбайн үйл ажиллагааг сэргээх байсан юм. Харин сая баталсан төслөөр бол 120 орчим талбайн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр болж байгаа. Олборлолт явуулаад нөхөн сэргээлтгүй хаячихсан олон газар бий. Энэ газруудыг нөхөн сэргээх асуудлыг бас тусгасан. Олборлолт хийж байсан үеийнх нь хөрөнгө оруулалттай уялдуулан нөхөн төлбөр тооцно.