Үндсэн хуулийн зөрчил үү, энгийн хуулийнх уу гэдгээс хамаарч маргааныг шийдэх учиртай
Хуульч, судлаач Д.Ганзориг
2014.12.26

Үндсэн хуулийн зөрчил үү, энгийн хуулийнх уу гэдгээс хамаарч маргааныг шийдэх учиртай

Хуульч, судлаач Д.Ганзоригтой Сонгуулийн хуулийг шинэчлэхтэй холбогдуулан сонгуулийн маргаан зөрчил, маргааны шийдвэрлэлтийн талаар ярилцлаа.

-Сонгуулийн маргаан шийдвэрлэлтийн хугацааг богиносгож, тодорхой шийддэг газартай болгох ёстой гэдэгт бүх талын байр суурь нийлж байна. Та үүн дээр ямар саналтай байгаа вэ?

Хууль эрх зүйн хүрээнд маргаан шийдвэрлэлт нь хамгийн төгсгөлийн шат. Манай хуулинд материаллаг эрх зүй, процессийн эрх зүй гэж хоёр хувааж авч үздэг. Таны тавьсан асуулт бол илүү процессийн талын асуулт.  Тиймээс эхлээд материаллаг шинжтэй буюу үндсэн зохицуулалтын талаар товчхон хэдэн зүйлийг ярилцья.

Монгол улсын Үндсэн хуулийн 16.9-т зааснаар хүн сонгох, сонгогдох эрхтэй. Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаар уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Энэ заалт нь үндсэн хуулийн гуравдугаар зүйлтэй уялддаг.

Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд зааснаар “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцон, мөн сонгож байгуулсан байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ”. Үүний дагуу сонгуулийн хууль тогтоомжийн чухал зүйлийг нэгдүгээр зүйлд зааж өгөх учиртай. Тэр нь засгийн эрх ард түмний мэдэлд болон сонгох, сонгогдох эрхийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг хууль байх ёстой гэсэн үг.

Дараагийн асуудал нь энэ эрх рүү хэрхэн халдаж, зөрчдөг вэ гэдэг асуудлыг ярья. Нэг нь сонгох ажиллагаа, нөгөө нь сонгогдох ажиллагаа. Зөрчил нь сонгох эрхтэй холбоотой, сонгогдох эрхтэй холбоотой гэсэн хоёр өөр байгаа учраас түүнийг шийдэх процессийн эрх зүй ч гэсэн өөр явагдана гэсэн үг. Чухам ийм л учраас би үндсэн суурийг ярьж байгаа юм шүү.

-Тэгвэл сонгох болон сонгогдох эрхтэй холбоотой ямар зөрчлүүд сонгуулийн үеэр гарч байна гэсэн үг вэ?

Хамгийн нэгдүгээрт сонгууль эрхлэн явуулахтай холбоотой зөрчил. Сонгуулиа яаж явуулах вэ, тойрог хэсгээ хэрхэн байгуулах вэ, сонгуулийн хороод өдөр тутмын үйл ажиллагааг хэрхэн явуулж, шийдвэрээ гаргах зэрэг асуудалтай холбоотой зөрчлүүд. Жишээлбэл тойргийн хороонд юм уу хэсгийн хороонд төрийн албан хаагч томилж болно, эсвэл болохгүй байлаа гэхэд үүнийг зөрчих нь зөрчил болно.

Хоёрдугаарт нь сонгогчийг бүртгэхтэй холбогдсон зөрчил. Иргэдийн идэвхгүй байдал үүнд нөлөөлдөг. Нэг хороон, дүүргээс шилжчихээд очсон газраа бүртгэлээ хийлгэдэггүй. Хуулийн хэлээр бол завсардаад явчихдаг. Тэгвэл энэ хүн Үндсэн хуулинд заасан сонгох эрхээ яаж эдлэх вэ гэсэн зөрчил сонгуулийн явцад их гардаг. Ялангуяа оюутнууд ийм асуудалтай. Гэхдээ 2012 оны сонгуулийн үеэр энэ зөрчил харьцангуй багассан нь цахим бүртгэлтэй холбоотой байсан.  

Гурав дах төрлийн зөрчил нь нам нэр дэвшигчийг бүртгэхтэй холбоотой. Тойргоо байгуулаад хүмүүсээ бүртгэчихлээ. Гэтэл сонгогдох гэж байгаа хүмүүсийн асуудалд жишээлбэл намыг нь бүртгэхгүй байх, шаардлага хангаагүй гээд эрх бүхий байгууллага шийдвэр гаргачихдаг. Ингээд тэр хоёрын хооронд бас үл ойлголцол маргаан үүсдэг.

Түүнчлэн нэр дэвшигчийг өөрийг нь бүртгэхгүй байх тухай асуудал.

-Нам дотроо хүмүүсээ жагсаахдаа шалгуур тавих, мөнгөний босго зэрэг хуулинд заагаагүй асуудал гарвал тэр зөрчил мөн үү?

Нэг зүйлийг сайн бодох хэрэгтэй. Ямар этгээдүүдийн хооронд уг асуудал үүсч байна гэхээр хуулийн хэлээр бол хувийн эрх зүй гэж үздэг. Нам ба иргэн хоёрын хооронд үүссэн. Миний ярьж байгаа нь төрийн байгууллага ба иргэний асуудал. Тэр зөрчил бол намын дотоодын асуудал гэсэн үг.

-Хамгийн их гардаг зөрчил маргааныг хууль бус сурталчилгаа гэдгийг судлаач нар хэлж байсан л даа?

Сонгуулийг зохицуулж байсан хуулиудыг харахад сурталчилгааг хэрхэн явуулах вэ гэдэг асуудал нь илүү төвөгтэй. Хүмүүс ямар нэг байдлаар хүмүүсийн саналыг хатуу үгээр хэлвэл худалдаж авах, ямар нэг байдлаар өөртөө татах, эд зүйл тараадаг, дуу хуур бүжиг наадам гээд зөндөө зүйлээр татдаг.

Иймэрхүү аргаад 2012 оны сонгуулиар багассан нь илүү хатуу хориглосон заалттай болсонтой холбоотой.Өөрөөр хэлбэлСонгуулийн жил хийж болохгүй үйлдлүүдийн тухай, нөгөөдөх нь яг сонгуулийн явцад хийж болохгүй үйлдлүүдийг нарийн зааж өгсөн. Урьд нь янз бүрийн байдлаар хийдүүлээд зөрчиж болдог байсан.

-Гэхдээ л хориглоод байхад зөрчүүд гараад байгаа нь ямар учиртай юм бэ. Хариуцлага хяналтын механизм сул байна уу?

Гэхдээ бас хориглоод байхад зөрчил гараад байсан. Зөрчил гарахаар нөгөө талын нэр дэвшиж байгаа хүмүүс СЕХ-нд хандаж, арга хэмжээ аваач гэдэг. Хуулиараа бол СЕХ нэгэнт тийм асуудал хөндөгдвөл хуулинд заасны дагуу шийдвэрлэх ёстой. Нэр дэвшигчийн жагсаалтаас хасч, торгож болно. Бас тойрогт нь шийдээд явах боломжтой. Үүнтэй холбоотой шийдсэн шийдээгүй, нотлогдсон нотлогдоогүй иймэрхүү маргаанууд их байдаг.

Дараагийн зөрчил нь санал хураалт явуулах болон тооллоготой холбоотой. Тухайн өдөр үүссэн буюу сонгуулийн өдөр гарсан зөрчлийн асуудал. Ингээд цаг хугацааны хувьд хэрхэн хэзээ үүссэн зөрчлүүд вэ гэдгээс шалтгаалж шийдэх асуудал яригдана. Нөгөө л хамгийн их гардаг нь буруу зөв тоолсон гэх маргаан. Машинаар тоолдог болсонтой холбоотойгоор гараар тоолдгоос илүү хамаагүй дэвшил гарсан гэж судлаачийн хувьд боддог. Нөгөө талаас машинаар тоолоход асуудал байна гэвэл гараар давхар тоолчиход буруудахгүй. Ер нь түүн дээр цаг зав хүн хүч гаргаад дахиад тоолох л хэрэгтэй. Ингээд асуудлыг шийдээд мухарлаад явах хэрэгтэй. Хөндлөнгийн комисс шалгах ёстой. Иргэд өөрсдөө ч тоож болно, ямар  нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй этгээд тоолох нь тодорхой.

-Зөрчил маргаанууд цаг хугацааны хувьд хэзээ гарснаас шалтгаалж зөрчлийг шийдэх учиртай гэлээ. Хэрхэн шийдэх ёстой вэ. Хуулийн шинэчлэлд хэрхэн тусгах ёстой бол?

Аливаа маргааныг шийдвэрлэх нь зөрчигдсөн эрхийг сэргээх тухай асуудал байдаг. Хууль ёсыг сэргээхэд чиглэдэг. Гэтэл болоод өнгөрсөн зүйл, зөрчигдсөн эрхийг сэргээх нь вэ гэдэг айхтар том асуудал.

Сонгуулийг хараад байхад шүүхээр шийдэж болдог. Гэхдээ үнэхээр хүний эрхийг сэргээж чадсан уу гэхээр чадаагүй байдаг. Тэгвэл тэгэхийн ач холбогдол нь юу юм бэ. Сонгуулийн өмнө сонгуулийн процессийн дунд явагдаж байгаа маргааныг тухай тухайн үед нь хуулиар зохицуулаад шийдээд явж болно. Яг хуулийн зохицуулалтын л асуудал. Яагаад гэвэл сонгуулийн процесс маань богино хугацаанд болоод өнгөрдөг учраас тэр хугацаанд шийддэг байгууллагууд нь яаж нотлох баримтаа цуглуулах вэ, яаж хүмүүсээс лавлагаа авах вэ, хуулиа судлах вэ гээд олон ажиллагааг хийгээд маргаанаа шийддэг талаас нь хуульчлах хэрэгтэй.

-Одоогийн хүчин төгөлдөр байгаа хуулиар үүнийг зохицуулж өгсөн үү, өгөөгүй юу?

Нарийвчилсан зохицуулалт нь байхгүй. Харьяаллын бол тусдаа асуудал. Хууль бус сурталчилгаа хийсэн гомдол гарахад холбогдож байгаа болон гомдол гаргагч тал хэд хоногийн дотор гомдлоо гаргах вэ, ямар байгууллага гомдлыг хэдий хугацаанд шийдэх вэ гээд нарийвчлах ёстой.

-Өнөөгийн байдлаар Иргэний шүүх дээр иргэний маргааны дагуу урт хугацаагаар шийдээд байна гэж улс төрчид хэлж байсан?

Иргэний хэрэг хянах шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиараа ерөнхий зохицуулалтаар явчихдаг учраас 60 хоног, эсвэл 14+14 хоног, маргаан урт хугацаанд үргэлжилдэг. Гэтэл 14 хоног хүлээх ч боломжгүй зөрчлүүд байна. 3 хоногийн дотор шийдэх, 7 хоногийн дотор шийдэх маргаан байна. Сонгууль болохоос зургаан хоногийн өмнө гомдол гарвал маргааныг шийдэх зургаан л хоногийн  шийдэх ёстой.

Тэгвэл хэрхэн шийдүүлэх вэ. Гэхдээ одоогийн хуулинд зохицуулж өгөөгүй учраас сонгуулийн хуулийн шинэчлэлд толгой гашилгаж байгаа зүйл бол энэ.

- Зөрчигдсөн эрхийг сэргээхийн мөн чанар юу вэ?

Өнөөдөр ерөөсөө шийдэж чадаагүй хуульчдийн дунд маргаан дагуулдаг асуудал нь харьяаллын асуудал. Үндсэн хуулийн цэц нь юугаа шийдэх вэ, захиргааны хэргийн шүүх нь юугаа шийдэх вэ. Ер нь эхлээд ямар эрх зүйн харилцаа үүсч байгааг бодолцох хэрэгтэй. Хэрвээ нийтийн эрх зүйн маргаан мөн юм бол нийтийн эрх зүйн эх сурвалж хэрэглэгдэх нь тодорхой.

Тэрийг хэрэглэдэг шүүхүүд нь тусдаа. Хоёр л байгууллага оролцоно. Үндсэн хуулийн цэц орно. Ялангуяа Үндсэн хуулинд зааснаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэрийн талаарх асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг.

Нөгөө нэг нь шүүх тэр дундаа Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх ёстой. Манайд өмнө нь 2000-2006 онд захиргааны хэргийн шүүхээр шийдүүлж байсан практик бий.

Гэхдээ зааглахад учир байна. Яаж зааглах вэ. Судлаачийн хувьд тодотгож хэлэхэд ямар хуулийн зөрчил үүсээд байна гэдгээ их сайн бодох хэрэгтэй. Үндсэн хуулийн шинжтэй зөрчил, маргаан үүсээд байгаа бол Үндсэн хуулийн шүүх буюу цэц шийдэх ёстой. Хэрвээ Ердийн хуулийн буюу сонгуулийн хуулийн маргаан үүссэн бол захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх боломжтой.

-Үндсэн хуулийн цэцэд ирдэг гомдлуудыг харахад иргэд олон нийтийн зүгээс сонгох, сонгогдох эрх зөрчлөө гээд ханддаг. Эдгээрийг бүгдийг нь шийдвэрлэдэг гэсэн үг үү?

Манай Үндсэн хуулинд зааснаар иргэний эрхийг хамгаалах систем өөрөө тодорхой. Хамгийн нэгдүгээрт шүүх шийдвэрлэх, шүүгч хүн иргэнйи эрхийг нь хамгаалаад сууж байгаа учраас сонгох, сонгогдох эрхийг нь авч хэлэлцэж болно. Өөрөөр хэлбэл намайг нэр дэвшигчид бүртгэхгүй байна, намын жагсаалтаас хасчихлаа гэж хандаж болно. Үндсэн хуулийн зөрчил үү, энгийн хуулийн зөрчил үү.

Гэтэл өнөөдрийг хүртэл энэ зааг ялгааг гаргаагүй учраас харьяаллын асуудал үүсээд л байна. Маргаан шийдвэрлэх процесс хэрхэн явагдах вэ, хэд хоногийн хугацаанд яаж шийдэх нь тодорхой болж байж асуудал шийдэгдэнэ. Бусад маргааныг бодвол онцлог маргаан гэж бодох ёстой.

Сүүлийн үеийн судлаач нар бүгдээрээ онцлог маргаан гэж үзээд түргэн хугацаанд шийдье гэсэн шийдэлд хүрсэн. Гэхдээ хэт яарч болохгүй. Учир нь том эрхийн асуудал. Хоёрдугаарт бүх асуудал сонгох, сонгогдох эрхийг хамгаалахад чиглэгдэх ёстой. Харьяаллыг бол шийдэхэд асуудал үүсэхгүй.

-2000-2006 онд сонгуулийн маргааныг Захиргааны хэргийн шүүх шийдэж байсан. Давуу тал нь юу байсан юм бол. Яагаад Иргэний шүүхэд шилжүүлэв?

Иргэний шүүхийг бодвол илүү мэргэшсэн байдаг нь хамгийн давуу тал. Тухайн үед Захиргааны хэргийн шүүхийн хэргийн харьяалалд багтдаг байгууллагуудын жагсаалтад СЕХ байсан. СЕХ гэдэг энэ байгууллага захиргааны хэргийн шүүхийн харьяалалд багтаж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гээд цэцийн шийдвэр гарсан учраас Иргэний шүүхэд шилжсэн.

Сонгуулийн хууль тогтоомж бол нийтийн эрх зүйн эх сурвалжид ордог. Одоогийн байдлаар иргэний шүүх шийдээд явж байгаа. Иргэний шүүх муу биш. Гэхдээ сонгуулийн маргааныг онцлог маргаан гэж авч үзэх учиртай.

-Үндсэн хуулийн цэц сонгуулийн ямар маргаан гомдлыг шийдэж байгаа вэ?

Үндсэн хуулийн 66.2.1-д зааснаар Үндсэн хуулийг зөрчсөн маргааныг хянан шийдвэрлэнэ гээд дараах маргаантай асуудлаар дүгнэлт гаргана гэсэн байдаг.

Үүнд УИХ ба түүний гишүүний ба ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуулинд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргана. Өөрөөр хэлбэл сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуулинд нйицэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргана гэсэн үг.

Хувь хүний хувьд сонгуультай холбоотой маргаан бол сонгох, сонгогдох эрх яригддаг ч шүүхийн түвшинд, шүүхийн шатанд шийдвэрлэх боломжтой гэж хардаг. Учир нь ердийн хуулийн зөрчлийн асуудал яригддаг.

-Ярилцсанд баярлалаа.