Булхайтай нэр дэвшигч байхаас муу сонгогч, муу хууль гэж байхгүй
ШУА-ийн ФСЭХ-ийнУлс төр судлалын салбарын эрхлэгч, улс төрийн шинжлэх ухааны доктор Д.Баасансүрэн
2015.01.21

Булхайтай нэр дэвшигч байхаас муу сонгогч, муу хууль гэж байхгүй

90-ээд оноос хойш сонгууль болгоны дараа элдэв маргаан дэгдэж,  ёс юм шиг сонгуулийн хууль тогтоомжоороо оролдох нь гэм биш зан болсон. Сонгуулийн хууль, сонгуулийн тогтолцоог ойр ойрхон “хөндөх” нь улс төрчдөд ашиг сонирхлоо хамгаалан бэхжүүлэх, эрх мэдлийн дахин хувиарлалт хийх шалтаг,  төрийн эрхэнд дахин гарах боломж олгодог.

Сонгуулийн хуулийг зайлшгүй өөрчилж шинэчлэхтэй миний хувьд санал нийлдэггүй. Сонгуулийн хамаг алдаа дутагдал нь гагцхүү сонгуулийн хууль, тогтолцооны хэлбэрээс болсон юм шигээр ярьдаг.  Гэтэл төгс сонгуулийн хууль, сонгуулийн тогтолцоо гэж огтоос байдаггүй. Сонгуулийн хууль тогтвортой хэрэгжих тусмаа тэр нь тухайн  орчин нөхцөлдөө дасан зохицож, түүний сөрөг сул тал нь тодрон илэрч, засагдахын зэрэгцээ нөлөөллийн эерэг үйлчлэл нь улам бүр бэхждэг жамтай.

Сонгуулийн муу хууль гэж байдаггүй, тэгэх тусмаа муу сонгогч гэж байдаггүй. Харин муу нам, муу нэр дэвшигч гэж байх агаад тэдгээрийн балаг, хууль бус зохисгүй үйлдэл, бохир арга техногиос болж сонгууль шударга бус болдог.

Нэг нэр дэвшигчид ногдох улс төрийн намын сонгуулийн зардал хэрхэн өсч байна вэ?

 Шударга бус сонгууль болдогоос иргэд, сонгогчдын сонгуулийн идэвхи, оролцоо жилээс жилд буурах болсон. Шалтгаан нь иргэдийн намд итгэх итгэл алдарсан; ямар ч нэр дэвшигч  гарсан ялгаагүй; төрийн хариуцлага суларсан; мөнгөний сонгууль болдог, сонгуулийн амлалт биелдэггүй; сонгуулийн бохир арга технологи; сонгуулийн зөрчил маргаан; сонгуулийн байгууллага муу ажилладаг зэрэгтэй холбоотой.

Иргэд сонгуулийн хуулийг шинэчлэх өөрчлөхөөс илүүтэй сонгогчдын  саналыг засварлаагүй шударга сонгуулийг  хүсдэг болсон.

Гэвч өнөөдөр хүсэн хүлээсэн хүн нь нэр дэвшдэггүй учир зөвхөн  улс төрийн гол хоёр намаас нэр дэвшигчдийн төлөө санал өгөхөөс өөр аргагүй, сонголтгүй сонгууль болдог болсонд сэтгэл дундуур болсон.Төр барилцахад бэлтгэгдсэн боловч  мөнгөгүйн зовлонгоос болж оюуны чадвхитай нэгэн сонгуулийн гадна үлдэж байна.

Иймд “ашиг сонирхлын зөрчил”-тэй улс төрийн нам, улс төрчдийн захиалгаар  сонгуулийн хуулийг шинэчлэх бус сонгуулийн хувь заяаг шийддэг үндсэн субьект болох иргэд сонгогчдын санал бодолд тулгуурлан тэдний шууд оролцоотойгоор сонгуулийн хуулиа “хөндвөл” зохилтой.