Мэндчилгээ
Мэндчилгээ
Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 94 жилийн ой, Эх орончдын баярын мэндийг нийт ард иргэд, намын гишүүд, дэмжигчид та бүхэндээ хүргэж, сайн сайхан бүхнийг хүсье. Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн тогтоож, хөгжил дэвшилд хүргэхийн төлөө амь нас, ажил үйлс, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан үе үеийн баатарлаг эх орончид, тэдний үр хүүхдүүд, МАН-ын гишүүд, дэмжигчдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Ардын Нам тусгаар тогтнолын төлөө тэмцлийн гал дунд эр зоригтой, эрэлхэг хөвгүүдийн санаачилгаар үүсэн байгуулагдсан эх орончдын нам юм.
Улс орны тусгаар тогтнолын төлөө тэмцэл, Халхын гол, дэлхийн II дайнд ялалт байгуулах, ард түмнээ эрүүлжүүлж, соён гэгээрүүлэх, хөдөө аж ахуйг хоршоолох, атар газрыг эзэмших, НҮБ-д гишүүнээр элсч, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, орчин үеийн шинжлэх ухааныг хөгжүүлж, огторгуй сансрыг эзэгнэх, аж үйлдвэржүүлэлт, хотжилт их бүтээн байгуулалт, ардчилсан өөрчлөлт бүхэн МАН-ын ахмад үеийн мянга мянган гишүүд, дэмжигчдийн түүхэн гавьяа байсныг хэн ч үгүйсгэхгүй биз ээ. Манай намыг үүсгэн байгуулагчид болон үе үеийн удирдлагууд, эгэл жирийн гишүүд нь эх оронч үзэл санааны манлайлагч, их бүтээн байгуулалтыг санаачлагчид байсаар ирсэн нь түүхийн үнэнээр нотлогдоно.
Эцэг өвгөд, эх орончид минь ийм баялаг түүх, бахдам үйл хэрэг бүтээснийг өнөөдөр бид бахархан тэмдэглэж байна. Өнөө үеийнхэн бид эх орныхоо шинэ түүхийн эзэд болцгоож, ирээдүйн амжилтын үндэс суурийг тавьж байна. Энэ суурь хэчнээн бат бөх байх тутам ирээдүй хойч үеийн залуус маань илүү ихийг бүтээх учиртай.
Олон баяраас онцлон тэмдэглэх ёстой эрхэм баяр бол Эх орончдын өдөр, эх орондоо хайртай иргэн бүрийн баяр байх ёстой. Эх оронч, эцэг өвгөдийн маань туулсан зам дурайж, дуссан хөлс нь хатаагүй байхад өөрсдийнхөө түүхийг дөвийлгөж, өвгөдийнхөө гавьяаг баллуурдах эрх өнөөгийн бидэнд байх учиргүй юмаа.
Эх оронч эрэлхэг хөвгүүдийн маань мөнхийн алдар гавьяа, түүхийн үнэн, он цагийн уртад бүдгэрээгүй улам ч тодорсоор байна. Ямар ч үед маргашгүй үнэн, мартагдашгүй гавьяа гэж бий. Бид эх орончид, баатруудаа эргэн дурсаж, алдаршуулж, зорилго, мөрөөдлийг нь хэрэгжүүлж, тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг үр хойчдоо үнэн зөвөөр ойлгуулж, үргэлж сануулж байх үүрэгтэй билээ.
Манай намыг 94 жилийн тэртээ үүсгэн байгуулагчид “Иргэн баян бол улс баян” гэсэн эрхэм зорилтыг бодлого, алсын хараагаа болгож байсан. Өнөөдөр энэ эрхэм зорилгыг Монгол Ардын Нам хэвээр хадгалан баримталж байна. Монголын улс төрийн ууган хүчин гэсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, алдаа оноондоо хатуужсан манай намын өмнө шинэ, шинэ зорилтууд, тавигдсаар байна.
Ачааны хүнд хэцүүг үүрэлцэж, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн хямралыг даван туулах, ажпын байрыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг дэмжих, бүтээн байгуулалтын том төслүүдийг эрчимжүүлэх, хөгжлийн урт, дунд хугацааны бодлого боловсруулан хэрэгжүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэхийн төлөө бид чармайн хамтран ажиллаж байна. Манай нам улс орныг эдийн засгийн хүндрэлээс гаргахад эв эеийг эрхэмлэн, хөгжлийн бодлогоо боловсруулж шийдвэрлэх, өөрчлөлт шинэчлэлтийг дэмжин шинэ утга агуулгаар баяжуулж, ард иргэдээ манлайлан ажиллах итгэл дүүрэн байна.
Монгол Улсын тусгаар тогтнол, ард түмний язгуур эрх ашгийн төлөө Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагчдын хүсэл эрмэлзлэл, үзэл санааг үргэлжлүүлэн түгээн дэлгэрүүлж, эх орончдынхоо баярыг улс орон даяараа өргөн дэлгэр тэмдэглэж буй нийт ард түмэндээ болон МАН-ын гишүүд, дэмжигчид та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсч, эх орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө хамтран зүтгэхийг уриалж байна.
Монгол сайхан эх орон минь цэцэглэн хөгжиж, үе үеийн эх орончдын алдар гавьяа өнө мөнхөд мандан бадрах болтугай.