Хэвлэл мэдээллийн төлбөртэй сурталчилгааг багасгах хэрэгтэй
УИХ-ын гишүүн, Иргэний зориг ногоон намын дарга С.Оюунтай сонгуулийн хуулийн шинэчлэлийн асуудлаар ярилцлаа.
Мэргэжил: Геохимич
Ажилласан жил: 26
Туршлага: УИХ-ын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2007-2008 онд Гадаад хэргийн сайд, 2012 оноос 2014 он хүртэл Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар ажилласан.
Сонгуульд маш их мөнгөөр оролцож байгааг болих хэрэгтэй. Тэгэхэээр одоо шинэчлэгдэх сонгуулийн хууль, улс төрийн намын санхүүжилтын хуулинд сонгуулийн санхүүжилтад хязгаарлалт тавих, доошлуулах заалтыг оруулмаар байна. Ялангуяа сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн төлбөртэй сурталчилгааг багасгах, минутыг нь хасах зохицуулалтыг хийх хэрэгтэй. Би 2004 оноос өмнөх парламентад сонгуулийн хуулийн ажлын хэсэгт ажиллаж байхдаа, телевиз радиогоор төлбөртэй сурталчилгааны хэмжээ 10 хувиас хэтрэхгүй гэсэн заалтыг санаачлаад оруулахад дэмжлэг авч байсан.
Гэтэл би болон манай намыг зарим нэг телевизүүдээр гаргахгүй гээд хоёр жилийн турш бойкотлосон жишээ бий. Учир нь өөрсдийнх нь мөнгө олдог хэрэгсэл, мөнгийг нь хааж боолоо гэж хаалт тавьсан. Уг нь нийгмийн эрх ашгийг бодож санаачилсан ажил юм шүү дээ.
Дахин хэлэхэд ИТХ-ын төлөөлөгчдийг бүрдүүлэх, УИХ-ын гишүүдийг бүрдүүлэх улс орноо авч явах, шийдвэр гаргах сонгуулийн ажилд бүхнийг мөнгөөр худалдаж авч болохгүй гэдгийг хэлмээр байгаа юм. Өмнөх сонгуулиудаар бүтэн 24 цагийн турш сурталчилгаа явуулдаг байдал одоо л арай л багассан ч хангалттай хэмжээнд хүрээгүй л байна.
Түүнээс гадна санхүүжилтыг одоохондоо ил тод болгосон ч хязгаарыг багасгах шаардлагатай. Сонгуулийн зардлыг бууруулах ёстой гэсэн үг. Түүнчлэн одоо болтол зохицуулагдаагүй хэвлэл мэдээллийнхэн ойлгож дэмждэггүй нэг зүйл бол сонгууль явагдах хугацаанд төлбөртэй, сонгуулийн сурталчилгааг зөвхөн реклам, шторкоор хязгаарлаж, бусад зүйлс нь төлбөртэй байж болохгүй гэдэг асуудал. Уг нь үүнийг маш олон орон хууль гаргаад хэрэгжүүлээд явж байгаа.
Намайг дэмжээрээ гэдэг реклам шторк нь тодорхой хязгаартайгаар төлбөртэй явж болно. Харин ярилцлага, тойм, нэвтрүүлэг, мэдээ, парламентын мэтгэлцээн нь төлбөртэй байхыг хориглодог. Тэгж байж санхүүжилтэд хязгаарлалт тавигдана. Тэгэхгүй бол хэн хамгийн их мөнгө төлсөн нь хамгийн их давуу байдлыг олж, олны саналыг авах гээд байдаг. Улс орныг хэн удирдах вэ гэдэг сонгууль явж байхад ард түмний сонголтод мөнгөөр нөлөөлөх нь маш буруу.
Үүнээс гадна бас нэг ярих ёстой зүйл нь эмэгтэйчүүдийн квотын асуудал. 2012 оны сонгуулиар манай нам бусад намуудаас хамгийн түрүүнд намынхаа дүрмэндээ эмэгтэйчүүдийн квотын асуудлыг оруулж өгч чадсан. Нэр дэвшигчдийн бүтэцдээ ч оруулж өгч чадсан. Түүнчлэн Үндэсний хороо, Улс төрийн зөвлөл, Нарийн бичгийн дарга нарын бүтэцдээ эмэгтэйчүүд 30 хувь гэдгийг суулгаж өгсөн. Гэхдээ харамсалтай нь цөөхөн суудалтай учир нэг их нөлөөлж чадахгүй байгаа. Уг нь парламентад хамгийн их суудал эзэлж буй намууд үүнийг хийж чадвал маш их том дэвшил болно.
Өнөөдөр дэлхийн улс орнуудын парламентад эмэгтэйчүүд 22 орчим хувьтай оролцож байгаа. Цаашдаа 30 хувь болгохын төлөө ажиллаж байна. Зөвхөн улс төр гэлтгүй компанийн засаглалд, ТУЗ-ийн гишүүдэд хүртэл эмэгтэйчүүдийн оролцоог маш их ярих боллоо. Учир нь судлагаанаас үзэхэд эмэгтэйчүүдийн оролцоо бизнес, компанийн үр ашигт эергээр нөлөөлж байгаа юм.
Энэ бол хэдхэн эмэгтэйчүүд дарга болох гээд байгаа хэрэг биш. Дэлхий нийт урагшаа хөл нийлүүлэн ахлахад, хөгжил, дэвшлийг авчирхад, иргэнийхээ төлөө сайн сайхан шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо маш чухал гэдгийг харуулж байгаа юм.