2015.03.02

Үндэсний бүтээгдэхүүнийг яг тамирчидтай адил дэмжих ёстой

Ш.Баярмаа нь "Саран эх" ХХК-ийг 2004 онд байгуулснаас хойш  Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүний салбарт 10 гаруй жил ажиллаж байна. Тэрээр энгийн нэгэн үйлдвэрлэгч боловч Монгол оронд үндэсний үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх талаар сонирхолтой санаанууд дэвшүүлснийг сийрүүлэн хүргэж байна.

Өрхийн үйлдвэрлэл хэтэрхий тархай бутархай бүтэцтэй учраас хөгждөггүй

Өнөөдөр жижиг, дунд бизнес эрхэлдэг 3000 орчим ААН байна. Мөн өрхийн бизнес хийдэг өчнөөн хүмүүс бий. Өрхийн үйлдвэрлэгчид голдуу том компаниудад туршлага олоод биеэ дааж гарсан хүмүүс байдаг. Монголд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжихгүй байна. Яагаад гэвэл хэтэрхий тархай, бутархай. Тархай бутархай учраас хүчтэй болж чаддаггүй.

Жижиг дундыг хөгжүүлье гэж олон жил ярьж байгаа ч энэ олон жижиг дунд үйлдвэр, өрхийн бизнес эрхлэгчдийг үндэсний ашиг сонирхолд нийцсэн тодорхой стратегийн дагуу нэг зүгт чиглүүлээгүй. Энэ бол миний хамгийн санаа зовдог асуудал.

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлого ам, ажил хоёроороо зөрдөг. Жижиг дундаас дээш хэмжээнд өчнөөн мөнгө хийж байгаа мөртөө огт татвар төлдөггүй хүмүүс байдаг. Гэтэл манайх шиг дунд хэмжээний компаниудаас нэг ч төгрөг дутаалгүй бүх татварыг нэхэж авдаг. Бидний хийж буй бараа бүтээгдэхүүн, өрхийн түвшинд хийж буй бараа бүтээгдэхүүний өртөг асар их зөрөөтэй нь мэдээж. Компаний журмаар албан бүртгэлтэй, дунд үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагууд хавьгүй өндөр өртөгөөр бараа үйлдвэрлэдэг. Гэтэл борлуулалтын түвшинд очихоороо өрхийн үйлдвэрлэгчийн хийсэн бараанаас чанараараа ялгардаг ч  үнээрээ ялгардаггүй. Нөгөө их шингээсэн өртөг зардлын ашиг тус хаачив?

Өөрөөр хэлбэл жинхэнэ үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлээ ялгаж заагласан, ангилалтай бодлого явуулах хэрэгтэй гэж хэлэх гээд байна. Өрхийн бизнест бага татвар ногдуулж болно. Гэхдээ жижиг том гэлтгүй бизнесийн үйл ажиллагаанд хяналт байх ёстой. Үнэхээр тухайн хүн өсч өндийх гэж буй жижиг үйлдвэрлэгч, эсвэл тийм дүр эсгэсэн, орлогоо нуусан этгээд үү гэдгийг улс мэдэж баймаар.

Лоббидох, ар өврийн хаалга хэрэглэх боломжгүй дунд үйлдвэрүүд хамаг юмаа шавхаж байж татвараа төлдөг. Олигтой өргөжиж ч чаддаггүй. Компаниудаас татвар хураагаад байгаа мөртөө төрийн сан хоосроод байна гэж ярьдаг. Татвар төлөгчдийн тэр их мөнгө хаачсан юм бүү мэд.

Ноос ноолуурын салбараар жишээ аваад ярихад жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжье л гэж байгаа бол Хятад руу ноолуураа шууд түүхийгээр нь гаргадаг тэр урсгалыг л зогсоочих хэрэгтэй. Тэгвэл үндэсний компаниуд хангалттай түүхий эдтэй болно. Манай компаний хувьд том захиалга авлаа гэхэд хүссэн хэмжээ, өнгөөрөө утас авах боломжгүй байдаг. Ямааных нь тоо өсөөд байгаа мөртөө ноолуур нийлүүлэгчдээ ямар нэг байдлаар гадны зах зээлээс хамгаалдаггүй. Ядаж ноолуурын сезоны үед зээл өгчих хэрэгтэй ш дээ. Монгол хүнд таван төгрөг нь үлдэг л дээ.

Манай улсад банкны систем нь хүртэл үйлдвэрлэгчдийнхээ эсрэг чиглэсэн бодлоготой. Сая Чингис бондоос би 300 сая төгрөгийн зээл эргэлтийн хөрөнгөтэй хүссэн ч 100 саяын зээл авсан. Барьцааны хөрөнгө маань хүрээгүй. Хэдийгээр би банканд 200 саяын барьцаа гаргасан ч надад 100 саяын зээл л өгсөн.

Компани мөнгө муутай болохоор боловсон хүчнээ ч бэлдэж чаддаггүй, тоног төхөөрөмж ч авч чаддаггүй. Ийм нөхцөлд дунд үйлдвэр яаж том үйлдвэр болох юм бэ?

Холбооны гишүүн бол оролцуулахгүй гэдэг

Салбар болгонд нэг нэг холбоо бий. Манай салбарт ноос ноолуурын холбоо гэж бий. Доор нь байдаг компаниудаас гиүүшнчлэлийн татвар авдаг. Анх 500 мянган төгрөгний гишүүнчлэлийн татвар авдаг байхад нь би өгдөг байсан. Гэтэл холбоо ажлаа хийхгүй байна. ХХААЯ-нд очоод улсын шугамаар ямар нэг юманд оролцох гэхээр холбооны гишүүн биш бол оролцуулахгүй гэдэг. Ажлаа хийхгүй байгаа холбоонд зүгээр мөнгө өгөх ёстой гэж үү? Мишээл дээр үзэсгэлэнд орох гэхээр холбооны гишүүн биш гэхээр бас оруулдаггүй. Би үүний учрыг олно гэж бодож байгаа.

Олимпод тамирчдаа дэмждэг шиг үндэсний бүтээгдэхүүнээ алдаршуулах хэрэгтэй

Ямааных нь тоо өсөөд байгаа мөртөө ноолуур нийлүүлэгчдээ ямар нэг байдлаар гадны зах зээлээс хамгаалдаггүй.

Монгол улс тамирчдаа олимпийн дэвжээнд алдаршуулдагтай адил үндэсний бүтээгдэхүүнээ гадны том үзэсгэлэн, шоун дээр алдаршуулах ёстой. Бид Дубай хотод болсон шоунд бие дааж оролцоод ирсэн. Тэнд ирсэн олонхи компаниуд нь улсаасаа дэмжлэгтэй. Африкийн нэг жижиг орон хүртэл улс нь бүх зардлыг нь даагаад, бүтээгдэхүүнийг нь сурталчлаад явж байх жишээтэй.

Хэрэв төрөөс бодлоготой дэмжээд өгвөл Монголын мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн хаана ч гологдохгүй. Ялангуяа гар урлалын бүтээгдэхүүнийг гадаадад сайн сурталчилмаар байна. Дорж гэдэг нэг нөхөр гэртээ маш сайхан монгол гутал хийгээд л нөгөөдхөөрөө монголчууддаа гайхуулаад л байдаг. Гэтэл өрхийн үйлдвэрлэл нь өргөжиж чаддаггүй. Орлого багатай хэвээр. Харин Италид ингэж гутал хийдэг хүн хамгийн баян байдаг. Үнэндээ 32 угалз гараар хатгаж урладаг урчууд Монголоос өөр газарт байхгүй шүү дээ.

Үндэсний бүтээгдэхүүнийг сурталчлахад хэвлэл мэдээллийн үүрэг их. Саяхан Монголд Fashion нэртэй үндэсний бүтээгдэхүүн сурталчилдаг телевиз гарч ирснээ чимээгүй болчихлоо. Би уг нь их баярлаж байсан юм.

Жижиг дунд үйлдвэрийг салбар бүрээр нь, шат болгонд нь бойжуулж хөгжүүлэх хэрэгтэй

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих инкубатор төвүүд гэж хаа саагүй байна. Уг нь сайхан санаа ч ажил нь дэндүү цалгардуу. Миний бодлоор нутаг дэвсгэрийн харъяаллаар бус салбар бүрээр нь инкубаторчилж тэр олон өрхийн үйлдвэр эрхлэгчдийг нэгтгэмээр. Энэ чинь холбооны хийх ёстой ажил байхгүй юу. Ноос, ноолуурын холбоо л гэхэд өөрийн салбарын өрхийн үйлдвэрлэгч, жижиг үйлдвэрүүдээ зохион байгуулалтад оруулаад үйл ажиллагааг нь дэмжих ёстой. Жишээ нь гаднаас их хэмжээний захиалга ирлээ гэж бодоход холбоо нь 10 жижиг компанийг нэгтгээд, төрөөс тэр захиалгыг хийх эрхийг нь аваад өгчихвөл үр дүнтэй. Яам нь бас холбооддоо тодорхой үүрэг өгөх ёстой.

Түүнчлэн өрхийн үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэрийг шат шатаар нь хөгжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл гэртээ юм хийдэг хүмүүсийг дэмждэг нэг систем байвал зүгээр. Тэд зөвхөн дотоодын зах зээлд л ажиллана. Харин хөлөө олчихсон жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гадагш нь сурталчилдаг өөр нэг систем байг л дээ. Энэ ажлыг холбоо, яам хоёрын аль нэг нь хийж болно. Яаман дээр жижиг дунд үйлдвэрийн газар гэж байдаг ч чухам юу хийдгийг нь бид ойлгодоггүй.

Хонх нь дуугаравч дамар нь таг

Манай жижиг, дунд үйлдвэрүүд гадагш бүтээгдэхүүнээ нийлүүлэх цаг нь болоогүй.  Төрийн зүгээс санаачлага гаргаж олон улсын шаардлагад нийцсэн улсын стандартыг шийдэж өгмөөр байна. Хэдийгээр мэргэжил, боловсролын хувьд гадаад зах зээлд ажиллачихмаар хүмүүс байгаа ч гаднаас том захиалга орж ирлээ гэхэд үйлдвэрийнх нь хүчин чадал хүрдэггүй. Түүнээс гадна Европын зах зээлд зориулсан Монголын стандарт гэдгийг хийгээгүй. Одоогоор хийж байгаа сурагтай. 2016 он гэхэд Европод мал аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой болно гэж бодож байна. Ингэвэл бараа бүтээгдэхүүнээ айх ичих зүйлгүй Европод гаргах болно. Уг нь Монголын 2500 нэр төрлийн бараа Европ руу татваргүй гарах бололцоотой. Харамсалтай нь өнөөдөр бид хэдэн мянган захиалга оллоо ч гэрээ хийх гэхээр нөхцөл нь байдаггүй. Хонх дуугаравч дамар нь таг гэдэг шиг.