ХХАА-н сайчууд шагналаа гардлаа
Шагналыг засгийн газрын гишүүн Р.Бурмаа гардууллаа
2015.02.26

ХХАА-н сайчууд шагналаа гардлаа

Сар шинийн босгон дээр ХХАА-н сайд Р.Бурмаа Булган аймгийн Хутаг-Өндөр , Баян-Агт , Сайхан сум, Төв аймгийн Баянчандмань сумдад 2 өдөр ажиллаж салбарынхаа тэргүүний сайчуудад шагналыг нь гардууллаа. 

Сайд Р.Бурмаа Хутаг-Өндөр сумын малчид, тариаланчдын төлөөлөлтэй уулзах үеэрээ “Булган аймагт хөгжлийн ихээхэн боломж байна. Тэд төрөөс халамж , туслалцаа хэрэгтэй байна гэхээсээ илүүтэй хийж байгаа үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд төрийн зүгээс ямар зохицуулалт, дэмжлэг хэрэгтэй байгааг хэлж байна.

Тухайлбал, Хутаг-Өндөр суманд томоохон хэмжээний махны үйлдвэр ажиллахгүй байна, түүнийг орон нутагт нь ажиллахад нь дэмжих мөн боомт гаргаад өгөх юм бол Булган аймаг болоод бусад аймгуудад ХАА-н бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингээгээд экспортлох боломжтой.

Газар тариалангийн хувьд элеватор барих тал дээр дэмжиж өгвөл тэгвэл малынхаа тэжээлийн ургамлыг тарья, мөн үр тариагаа ч тариад орон нутгийнхаа хэрэгцээг хангаад зогсохгүй бусад хот, аймгуудад ч нийлүүлнэ, цаашлаад экспортлох ч боломж байна.

Мөн аялал жуулчлалын бүс байгуулах, загасны аж ахуй эрхлэх боломжтой , бүс нутгийн хэмжээнд бэлчээрийнхээ газрын зургийг гаргаад судалгаа хийсэн тухайгаа танилцууллаа. Энэ бүхэн нь Булган аймгийн эдийн засгийн хувьд хөгжих суурь бааз сайн байгааг харуулж байна” гэлээ. 

Булган аймгийн Баян-Агт сумын Баянхайрхан багийн малчин Б.Бат-Эрдэнийх 1990 онд 40 үхэртэй эхэлж байсан, одоо 700 үхэр, 1000 гаруй хонь, ямаатай, хоёр малчинтай бөгөөд 26 жил тасралтгүй мал малласны үр шимийг хүртэж “Улсын сайн малчин” хэмээх эрхэм хүндтэй алдрыг хүртлээ. Тэрээр, “Малыг улирал улиралд нь тохируулж маллах хэрэгтэй. Өвөл , хавар аль болох тогтуун, ойрын бэлчээрт хариулж, хотонд нь дулаан байлгана. Дулаан, хуурай хэвтэрт байгаа мал өглөө бэлчихдээ айвуу тайван, өдрийн ихэнхийг зогсож өнгөрөөхгүй, шууд яваад иддэг учир онд сайн ордог.

Шөнө даарч хоносон мал биеэ дулаацуулах гэж наранд ээж зогссоор байгаад өдрийн ихэнхийг аваад хаячихдаг. Ингэхээр орой 4-5 цагийн үед мал өл алддаг. Ялангуяа 0-1 насны малыг дулаан байлгахад их анхаарах хэрэгтэй. Зун, намрын улиралд эрт бэлчээж, орой хотлуулна” хэмээн мал маллах арга ухаанаасаа ярьж байлаа.
“Малын буян гэдэг бол Монгол сайхан орны минь буян, байгаль дэлхийн буян юм.

Тэр дундаа улсдаа адуугаараа тэргүүлдэг Булган аймгийн Сайхан сум бол дэндүү сайхан дэлгэр нутаг даа. Мал малласан ч бай, ямар ч ажилд хүн үнэн сэтгэлээсээ л хандаж чадвал тэр нь үр өгөөжөө өгдөг. Сэтгэл дутвал ажил дутдаг, ажил дутвал амьдрал дутдаг. Мал маллагааны хувьд гол зүйл бол цус, ясыг нь холтгож, үүлдэр угсааг нь сайжруулах явдал байдаг. “Цус, яс сайтай мал тарга хүч сайн авдаг” хэмээн Булган аймгийн Сайхан сумаас төрсөн “Улсын сайн малчин” Дамдинсүрэн хуучиллаа.

Монголдоо анх удаа сүүний автомат машин нэвтрүүлж, өдөрт 30 тонн сүү боловсруулах хүчин чадалтай үйлдвэр нээгээд амжилттай ажиллаж байгаа “Эко сүү” ХХК-ний Төв аймгийн Баянчандмань суман дахь үнээний ферм “Улсын тэргүүний фермер” шагналыг хүртлээ. Эднийх анх 6 жилийн өмнө 8 үнээтэйгээр аж ахуйгаа эхлүүлж байсан бол өдгөө хар тарлан болон Франц улсын Монтбильярд үүлдрийн нийт 105 толгой үхэр, саалийн 45 үнээтэй үхэр үржүүлдэг томоохон ферм болжээ. 

“Өдөр бүр өндөг” уриатай “Баян” шувууны аж ахуй нь 1 сая шувууны “Баян шувуу” төслийн эхний шат буюу 500 мянган шувууны аж ахуйг 20 шахам сая долларын хөрөнгө оруулалтаар байгуулж, улсын хэмжээнд хүнсэнд хэрэглэх нийт өндөгний 50 хувийг нийлүүлж байгаа зэрэг амжилтаараа 2015 оны шилдгүүдийг өнгөлж, “Улсын тэргүүний фермер”-ын шагналыг эзэн болж чаджээ.