Агентлагуудын үүргүүдийг холбож, ажил үүргийг нь нэгтгэх ёстой
Хүнс хөдөө аж ахуйн яам
2015.01.12

Агентлагуудын үүргүүдийг холбож, ажил үүргийг нь нэгтгэх ёстой

ХХАА-н сайд Р.Бурмаа, дэд сайд Б.Батзориг нарт Швейцарийн хөгжлийн агентлагийн “Малын эрүүл мэнд” төслийн менежер С.Батсайхан, МЭҮГ-ын хэлтсийн дарга Т.Баатар, ахлах мэргэжилтэн Т.Болортуяа нар Монгол Улсын мал эмнэлгийн салбарыг олон улсын жишигт хэрхэн нийцүүлэн сайжруулах талаарх танилцуулга хийлээ.

Уг танилцуулгаар манай улсын малын тоо толгой хэт олон байгаа нь бэлчээрийн доройтол, талхдалтад хүргэсэн төдийгүй малчдын амьжиргаа, орлого муу хэвээр, мал эмнэлгийн үйл ажиллагаа ч оновчгүйгээс мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт байдаггүй зэрэг нь эдийн засагт эерэг нөлөө авчрахгүй байна. Нөгөөтэйгүүр, өнөөгийн мал эмнэлгийн үйл ажиллагаа, хяналт ХХААЯ-ны харьяа Мал эмнэлэг, үржлийн газар, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтах МХЕГ-т хуваагдсан байгаа аж.

Өөрөөр хэлбэл, МЭҮГ нь өвчний урьдчилан сэргийлэлт, хяналт ба зоонозын асуудал, мал эмнэлгийн лабораторын үйлчилгээ, мал, эмнэлгийн эмийн бүртгэл, малын эмч нарт лиценз олгох асуудал хариуцдаг. Харин МХЕГ хүнсний болон малын гаралтай бүтээгдэхүүний, мал эмнэлгийн, Экспорт, импортын, хилийн хяналт зэргийг тус тус хариуцдаг аж.

Тиймээс агентлагуудын үүргүүдийг холбож, ажил үүргийн хувьд нэгтгэсэн бие даасан Улсын мал, эмнэлгийн газар гэж байвал олон улсын жишигт нийцэхээс гадна мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнийг бүрэн хянадаг болж, хүн амын хүнсний аюулгүй байдал бүрэн хангагдаж, махны экспортын хэмжээ ч нэмэгдсэнээр малчдын амьжиргаа сайжирч, эдийн засаг өсөх аж.

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас ч Монгол Улсад малын мал эмнэлгийн нэгдсэн тогтолцоо дутагдалтай, малын ерөнхий эмч чухал шаардлагатай хэмээх зөвлөмж өгч байжээ. Энэ зөвлөмжийг биелүүлбэл хөдөө аж ахуйн салбарт олон эерэг үр дүн гарах юм байна.