Т.Энхцэцэг: Монголд банк олон ч орлого доогуур хүмүүс зээл авах бараг боломжгүй
Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Эдийн засгийн хөгжлийн үндэсний зохицуулагч Т.Энхцэцэг
2015.02.11

Т.Энхцэцэг: Монголд банк олон ч орлого доогуур хүмүүс зээл авах бараг боломжгүй

Дэлхийн зөн  олон улсын байгууллага 1990-иэд оны дунд үеэс Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ хугацаанд хүн амын амжиргааг дээшлүүлэх, ялангуяа ядуу гэр бүл, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн амьдралыг сайжруулахад багагүй хувь нэмэр оруулжээ. Бид хэлэлцүүлгийнхээ хүрээнд тус байгуууллагын Эдийн засгийн хөгжлийн үндэсний зохицуулагч Т.Энхцэцэгтэй уулзаж ярилцлаа.

- Дэлхийн зөн Монгол ОУБ сүүлийн үед өрхийн амжиргааг дэмжих чиглэлээр ямар ажлуудыг хийж байна вэ?

Дэлхийн зөн ОУБ нь орлого багатай, амжиргааны баталгаажих түвшнээс доогуур гэр бүлийн амжиргааг дээшлүүлэх цогц хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Манай төсөл, хөтөлбөрүүдэд хамрагддаг хүмүүс голдуу өрхийн үйлдвэрлэл болон бичил бизнес эрхэлдэг. Ингэхдээ өрхийн амжиргааг тогтворжуулах сургалт, хөрөнгө оруулалтын дэмжлэгийг хослуулдаг. Эцсийн зорилго нь Монгол улсад ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах.

Сүүлийн үед бид өрхийн орлогыг нэмэх, ядуурлыг бууруулах зорилготой, тодорхой цаг хугацааны дараа үр дүн нь гарах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал “36 сарын төгсөлтийн цогц аргачлал” нэртэй нэн ядуу өрхүүдэд зориулсан төслийн ажлыг эхлүүлээд явж байна. СХД-ийн Баянхошуу, Толгойт, ХУД-ийн нийт 1050 нэн ядуу өрхийг сонгож авсан. 36 сарын дараа эдгээр өрхүүд тогтвортой амжиргаатай болсон байх ёстой.

Түүнчлэн манай зорилтот бүлэг дотор эдийн засгийн идэвхтэй, бичил бизнес эрхэлдэг хүмүүс байдаг. Тэднийхээ хүрээнд бизнесийн жижиг бүлгүүдийг ажиллуулдаг. Одоогоор бараг 1000 орчим бүлгүүд байна. Бүлгүүд хорших, зохион байгуулалтад орох, нэг нэгнээсээ суралцах замаар хөгждөг. Бидний зүгээс сургалтын баазаар хангаж, зарим хөрөнгө оруулалтыг өгч, шаардлагатай бол банк болон банк бус санхүүгийн байгууллагуудтай холбож өгдөг. Мөн үзэсгэлэн худалдаа мэтийн тусгай арга хэмжээ зохион байгуулах замаар хийсэн бүтээгдэхүүнээ борлуулахад нь тусалдаг. Дэлхийн зөнгийн 33 салбар 17 аймаг, нийслэлийн 8 дүүрэгт ажиллаж байна. Төсөл хөтөлбөрийн үр дүнг шууд болон шууд бусаар сая гаруй хүн хүртдэг гэж хэлж болно.

Тухайн өрхийг эдийн засгийн даван туулах чадвартай болгох нь бидний нэгэн гол зорилго. Төсөл хөтөлбөрт хамрагдсан бүлгүүдээс ашиг орлого нь нэмэгдээд, хоршоо болоод аж ахуй нэгжийн хэлбэрт шилжчихсэн, цаашдаа бусдын дэмжлэггүй өөрийгөө аваад явчихсан жишээ олон. Өнгөрсөн хугацаанд 100 гаруй хоршоо үүссэн байдаг.

Дэлхийн зөн орон нутагт идэвхтэй ажилладаг. Эхлээд бид тухайн орон нутагт эдийн засгийн үнэлгээг хийж эдийн засгийн ямар дэд салбаруудад түшиглээд өрхийн амжиргааг дээшлүүлж болохыг тодорхойлдог. Голдуу гар урлал, сүлжмэл, хүнсний ногоо тариалалт, мах махан бүтээгдэхүүн, сүү сүү бүтээгдэхүүн гэсэн үндсэн таван чиглэлд өрхүүд түлхүү ажилладаг нь харагдсан.

- Орлого багатай, ядуу өрхүүд амжилттай бичил бизнесийг эрхлэн явуулахад хөрөнгө мөнгөний бололцооноос гадна санхүүгийн анхан шатны мэдлэг зайлшгүй хэрэгтэй байдаг. Тэгэхээр дэлхийн жишигт энэхүү мэдлэгийг ямар тогтолцоогоор дамжуулж олгодог вэ?

Монголд банк олон ч орлого багатай, тодорхой ажилгүй, эсвэл дөнгөж бизнесээ эхэлж байгаа, бизнес нь тогтоогүй иргэдийн хувьд банкны зээлийн үйлчилгээ тохиромжтой байж чаддаггүй. Бүр ядуу өрхүүд бараг зээл авах боломжгүй. Энэ асуудлыг шийддэг дэлхий нийтийн нэг аргачлал байдаг. Үүнийг хадгаламж, зээлийн бүлэг гэж нэрлэдэг. Дэлхийн 100 гаруй оронд төрөл бүрийн ОУБ-ууд хэрэгжүүлсэн, үр дүнгээ өгсөн аргачлал. Дэлхийн Зөн Монгол байгууллагын хувьд 2012 оноос хойш манай 25 салбар дундын хадгаламж, зээлийн бүлгүүдийг зохион байгуулах ажлыг хийлээ. Үр дүнд нь 5066 гишүүн, 355 орчим бүлэг үүслээ. Нийт хуримтлуулсан хадгаламжийн хэмжээ нь бараг 250 гаруй мянган долларт хүрээд байгаа юм.. Дундын хадгаламж гэдэг нь  иргэд дундаа тогтмол хугацаанд бага хэмжээгээр хадгалж, тэрнээсээ зээл маягаар аваад буцааж төлөхийг хэлдэг. Дээрх гишүүдийн 1000 гаруй нь ямар нэгэн хэмжээгээр зээл авч өрхийн болон хүүхдийнхээ сургуулийн хэрэгцээг хангаад зогсохгүй, зарим нь бичил бизнесээ эхлэх гарааны хөрөнгийг босгож байна.

Мөн энэхүү аргачлал нь нэн ядуу өрхүүдэд санхүүгийн мэдлэгийг хамгийн энгийн байдлаар ойлгуулж, тогтмол хадгаламж хуримтлал хийх зуршлыг бий болгож өгч байна. Ингэснээр тэд өрхийн орлого зарлагаа зөв зохицуулж сурахын сацуу амжиргаагаа аваад явах боломжийг олгож байна. Дэлхийн Зөн нь эдгээр хүмүүсийг санхүүгийн байгууллагын найдвартай харилцагч болгохыг зорьдог. Монголд бичил санхүүгийн хэрэгцээ маш их байгаа.

- Танай байгууллагын зорилтот бүлэгт эмэгтэйчүүдийн эзлэх хувь, оролцоо ямар байна вэ?

Нийгмийн шинж чанараас болоод ч тэр үү өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес эрхэлдэг, ялангуяа орон нутгийн түвшинд манай төсөл, хөтөлбөрүүдэд хамрагддаг орлого багатай иргэдийн 70-80 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Нэг бүлэг 10-15 гишүүнтэй байлаа гэхэд тэдний 3-4 нь эрэгтэй байх жишээтэй. Ер нь Монголын бичил бизнесийн секторт эмэгтэйчүүдийн оролцоо түлхүү байдаг. Өрхийн амжиргааг авч явахад эмэгтэй хүний үүрэг маш чухал. Гэхдээ бид хоёр хүйсийн төлөөллийг аль болох эн тэнцүү эдийн засгийн үйл ажиллагаанд оролцуулахыг хичээдэг.

- Бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд маань зах зээлд ямар орон зай, боломж байна вэ? Хэнд, юуг борлуулж болох вэ?

Дээр хэлсэнчлэн бид аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө юун түрүүнд эдийн засгийн үр ашигтай, ядуурлыг бууруулах, орон нутагт нэмүү өртгийн сүлжээ үүсгэх эдийн засгийн дэд салбаруудын үнэлгээг олон улсын аргачлалаар хийдэг. Эндээс харахад эмэгтэйчүүд маань голдуу гар урлал, оёдол, сүлжмэл, хүнсний ногоо тариалалтын чиглэлээр өрхийн үйлдвэрлэл явуулдаг. Тэдний гол бэрхшээл бол бараа бүтээгдэхүүнээ борлуулах. Тиймээс бид тэдэнд эхлээд хэнд юуг зарж болох вэ гэдгээ тандаж мэдэх хэрэгтэй гэж зөвлөдөг, сургалт явуулдаг. Түүнчлэн бүх ажлаа өөрөө хийх гээд байлгүй бизнесийн ажлаа хэрхэн зохион байгуулахад сургадаг. Гэхдээ мэдээж бид бүх зүйлийг өмнөөс нь хийж өгч чадахгүй. Тиймээс бичил бизнес эрхлэгчдээ холбогдох төрийн байгууллагуудтай холбож өгдөг.

- Монгол улсын хэмжээнд өрхийн амжиргаа, жижиг дунд үйлдвэрийг дэмжих олон улсын болоод дотоодын төсөл, хөтөлбөрүүд хэрэгждэг бөгөөд тодорхой үр дүн өгдөг.  Өөрөөр хэлбэл ямар нэгэн бизнес эхлүүлэх, хэн нэгнээс хөрөнгө босгох боломж үргэлж байдаг. Гэтэл орон нутагт иргэдийн амьдрал сайнгүй хэвээрээ. Таны бодлоор үүний шалтгаан нь юу вэ?

Бидний хийж байсан нийгэм, эдийн засгийн оролцооны судалгаанаас харахад орон нутагт мэдээлэл маш дутмаг байдаг нь харагдсан. Иргэдийн бизнесийг дэмжих байгууллагууд байгаад байдаг. Гэтэл тэдгээр байгууллага, иргэдийг холбох мэдээллийн суваг байдаггүй. Өөрөөр хэлбэл гар урлал эрхлэх хүн ажлаа эхлэхийн тулд хэнд хандахаа мэддэггүй. Мэдээллийн энэхүү хоосон орон зайг дүүргэдэг тогтолцоо баймаар. Ийм тогтолцоог бий болгоход эхлээд нийгэмших ажлууд хийгдэж байх ёстой. Өөрөөр хэлбэл нийгэмд болж буй үйл явцад хүмүүсийг татан оролцуулж байх хэрэгтэй. Орчин тойронтойгоо ойлголцож амьдардаггүй хүн өөртөө итгэлгүй болж ямар нэгэн санаачлага гаргаж чаддаггүй.