"Алтан унага"-ны эзэн тодорлоо
"Алтан унага"
2015.02.13

"Алтан унага"-ны эзэн тодорлоо

Анхдагчдын өлгий Булган хангай адуугаараа, айргаараа улс орондоо алдартай. Үүнийг батлах нэгэн баяртай мэдээ нь Булган хангай тэр дундаа Сайхан сумын малчид 2013 оноос 3 жил дараалан “Алтан унага”-ны эзэд боллоо.

Энэ удаагийн “Алтан унага”-ны эзнээр Сайхан сумын малчин Даваагийн Цэнгэл тодорч шагналаа гардан авлаа.

Монголын Үндэсний Радиогоос 36 дахь жилдээ бэлтгэн хүргэж байгаа “ТӨЛ ТАВАН ЭРДЭНЭ” нэвтрүүлгийн ХААЯ-тай хамтран шалгаруулдаг “Алтан төлийн эзэн” шагналын “Алтан унага”-ны эзнээр ийнхүү Даваагийн Цэнгэл 100 гаран унага авч хүртэж байгаад нутгийн иргэд бид магнай тэнэгэр байна.

Шагналыг МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь хүрэлцэн ирж гардууллаа. Мөн аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан болон Сайхан сумын удирдлагууд, иргэд хамт шагналыг хүлээн авах ёслолын ажиллагаанд оролцлоо.

Шагналын эзэн хэлэхдээ: Залхуурахгүй бол хөдөө л амьдрал байна. Адуугаа өглөө хурааж шуугин давхих нь адуучин хүний жаргал. Гэхдээ энэ амжилт бол дан ганц миний хүч хөдөлмөр биш. Энэ нуга, айл саахалтын бүгдийн маань хүч юмаа хэмээн хуучиллаа. Тэрээр Аймгийн “Алдарт уяач” бөгөөд түүний аав “Мянгат малчин” байжээ.

2013 онд Баасандамба
2014 онд Н.Батчулуун
2015 онд Д.Цэнгэл нар 3 жил дараалан “Алтан унага”-ны эздээр тодорсон Сайхан сумын малчид юм.

Айрагтай адуутай нутгаас олон жил дараалан “Алтан унага”-ны эзэд тодорно гэдэгт итгэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

780