“Үлийн цагаан оготны тархалт, үр дагавар, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг болно
УИХ-ын Өргөдлийн Байнгын хорооны гишүүн С.Ганбаатар болон бусад төлөөлөгчид 2015 оны 01 сарын 5-11-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгийнуур, Их тамир, Өндөр-Улаан, Чулуут сумд, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Баянговь, Богд сумдад бэлчээрийн нөхцөл байдал, ашиглалт, үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээ, “Ногоон алт” төслийн хэрэгжилттэй танилцаж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажилласан.
Ийнхүү орон нутагт ажиллаж, нөхцөл байдалтай танилцсаны дагуу үлийн цагаан оготно эрчимтэй тархаж, малын бэлчээрийг их хэмжээгээр сүйтгэж байгаа асуудлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх зорилгоор 2015.01.16-ны өдрийн 14.00 цагт “Үлийн цагаан оготны тархалт, үр дагавар, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөлтэй хамтран Төрийн ордны Б танхимд зохион байгуулахаар боллоо.
Хэлэлцүүлэгт үлийн цагаан оготнын тархалтад хамгийн их нэрвэгдсэн Архангай аймгийн Өгийнуур сум, Завхан аймгийн Баянтэс сумын төлөөлөгчид, бэлчээр ашиглагчдын холбооны төлөөлөл, энэ чиглэлийн мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид оролцоно.
Уг хэлэлцүүлгийг зохион байгуулснаар үлийн цагаан оготнын тархалтыг зогсоох, устгах оновчтой арга замыг тодорхойлох, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний үр дүнг сайжруулах, малчдын оролцоог нэмэгдүүлэх, цаашид авч хэроэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулан эрх бүхий этгээдүүдэд танилцуулахаар болсон байна.