И.Алтантуул: Нэг л өдөр миний нар гарна аа
Арьсан эдлэл урлагч Игорийн Алтантуул
2015.02.12

И.Алтантуул: Нэг л өдөр миний нар гарна аа

Дуртай зүйлээ хийх нь бясалгал хийж байгаа мэт сайхан байдаг

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.

Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмжих асуудлыг хөндлөө. Бид энэ удаад арьсан эдлэл урлагч Игорийн Алтантуултай ярилцлаа.

 Тэрээр 2004 онд Үйлдвэр урлалын дээд сургуулийг Арьсан урлалын ангийг төгсч,  дөрвөн жилийн турш хувийн хэвшилд ажиллаж байгаад, 2009 оноос хувиараа, гэрээрээ арьсаар бүх төрлийн эдлэл хийх ажилдаа шамдан оржээ. 2012 оноос ЧД-ийн Бизнес инкубатор төвд харьяалагдаж, бойжих болсон байна. Тэрээр өөрөө үйлдвэрлэл явуулахын зэрэгцээ “Үлэмж чанар” сургалтын төвд гэрээт багшаар ажиллаж, хүмүүст урлал хийхийг заадаг.

-“Дэгжин” брэндийг хэзээнээс гаргасан бэ?

2009 оноос хойш л гаргасан. Нөхөр маань “Дэгжин” брэндийг логог хийж, зурсан. Нөхөр амралтын өдрөөр миний жижиг зүйлсийг хийдэг. Манай нөхөр их сайн зурдаг. Цүнхний хээ, зурагнууд, арьсан зургийг маань

зурж өгдөг.

Бид хоёр адилхан мэргэжилтэй. Гэхдээ би л арьсан эдлэлээ дагнан хийж байгаа.

-Арьсаар ямар төрлийн бүтээгдэхүүн хийдэг вэ?

Арьсаар ханийн чимэг, загасны уурганы гэр, хутганы гэр, бууны гэр, бүх төрлийн цүнх, спортын цүнх, энгийн болон гоёлын тэлээ, женсин цүнх, эрэгтэй эмэгтэй түрийвч, гар цүнх, жижиг түлхүүрийн оосор, косметик, үзэг балны гэр зэрэг арьсаар юу хийж болох тэр бүгдийг хийдэг.

-“Дэгжин” брэнд бусад цүнхнээс юугаараа давуу байдаг вэ. Ялангуяа импортын цүнхнээс өнгө хийц, чанараар хэр вэ?

Хүнээ татахын тулд чанарыг эрхэмлэдэг. Манай цүнхны дотор тал сэмэрч урагддаггүй. Бат бөх. Цүнхэн дотроо үнэртэй усаа асгачихлаа гэхэд юмнуудаа гаргаж тавиад хатаахад, арьсныхаа өнгө рүү уусч ордоггүй. Даавуун дотор бол шууд уугаад арьс руугаа шингээчихдэг дутагдалтай шүү дээ.

Манай цүнхний дотор тал нэвтэрдэггүй учир яг энэ материалаар эмнэлгийн цай хоолны сав зөөдөг уут хийсэн. Халуун савтай цай асгарахад нэвт гоожихгүй, шүүрч явж байгаад гаргаад асгахад болно.

Манай цүнхний арьс нь лак сайтай. Тоноглол бүрийг хаддаг учир тийм ч амар салж унахгүй. Тухайн хүнийхээ загвар, хэрэглээнд тааруулдаг. Бариул, цүнхний ёроол, оосор хэсгүүдээр арьсыг маш сайн сонгож хийсэн учир бусад цүнхнүүд шиг амархан халцарч, муухай болохгүй.

Цүнхний ёроол их элэгддэг учир хатуулга хийж өгдөг. Хэрвээ манайхаас авсан цүнхний цахилгаан, оёдол асуудалтай болвол бид дор нь засварыг нь  хийгээд өгчихдөг.

Оосор урт бол богиносгоно. Аль болох хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийн төлөө ажилладаг. Хэрвээ зүгээр энгийн дэлгүүрт орвол тэнд байгаа цүнхийг л авахаас өөр аргагүй. Харин үйлдвэрлэгчийн гар дээрээс шууд авах нь өөрийн хүсэлд нийцүүлэх боломжийг олгодгоороо үнэхээр давуу.

-Арьсан цүнх учраас үнэтэй гардаг уу. Импортын бөөний цүнхтэй хэрхэн өрсөлдөж үнээ тогтоодог вэ?

Арьсан цүнх маань 75-80 мянгад хийгддэг. Тэгээд хамгийн гол нь энэ бол Монгол хүний гараар хийгдсэн, Монгол арьсан Монгол цүнх. Түүнээс гадна ледрин цүнх нь 45-50 мянгатай байдаг. Үнийн хувьд хямдханд орно.

-Хэрэглэгчийн сэтгэхүй давамгайлсан өнөө үед хийж бүтээе, үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж яваа тань үнэхээр бахархалтай байна. Гэхдээ манай хүмүүс өндөр хөгжилтэй орны брэндийн цүнх, арьсан эдлэл, загварыг өнөөгийн үйлдвэрлэгчдээс шаардаж байгаа нөхцөлд та бүхэн хэрхэн ажиллаж байна вэ?

Тийм ээ. Яг үнэн. Үүний тулд маш их судлагаа хийдэг. Ер нь үйлдвэрлэгч хүн өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх ёстой.

Дүүргийнхээ Бизнес инкубатор төвд хамрагдсанаар сургалт мэдээллийг цаг алдалгүй авч байгаа.  Мөн янз бүрийн үзэсгэлэн худалдаанд оролцож, хэрэглэгч захиалагчдад өөрсдийгөө таниулдаг.

Хэрвээ инкубатор төв байхгүй байсан бол би рекламаа хийж чадахгүй байх байсан. Би 2009-2012 он хүртэл яг гэрээрээ хийж байхдаа захиалагч, хэрэглэгчдээ найзын хүрээнээс гарч чаддаггүй байсан. 2012 оноос хойш инкубатор төвтэй нийлж, сургалтын төвд багшлах болсноос хойш боломж их нээгдсэн. Үзэсгэлэн бүр дээр нэрийн хуудсаа тарааж байгаа.  

Үзэсгэлэнд оролцсоноор хэрэглэгч нартайгаа илүү ойр дотно ярилцаж, үнэ хямдруулах болон таалагдсан цүнхэн дээрээ нэмэлт зүйл хийлгэх нь чөлөөтэй байдаг.

Мэдээж хэрэглэгчдийн шаардлага өндөр учир энгийн нэг жижиг үйлдвэрлэгч би бүтээгдэхүүнээ улам сайжруулья гэхээр тоног төхөөрөмж, мөнгөний дутагдалд ордог. Тоноглолын тал дээр гурван өнгийн л яг л нэг загвараар дотоодын бүх үйлдвэрлэгчид ажиллаж байгаа. Өөрөө гадагшаа явж шинэ тоног авчирвал илүү сайн болно л доо.

-Хүмүүсийн хэрэглээнд тулгуурлаж бүтээгдэхүүнээ хийдэг байх. Захиалгаар ихэвчлэн хийдэг үү. Хаанаас захиалах вэ?

Тийм ээ. Өөрсөдтэй нь ярилцаж байгаад загварыг нь гаргаж, хүсэл сонирхолд нь нийцүүлэн, хэлбэр хэмжээнд нь тааруулаад хийдэг. Бүх төрлийн арьсаар хийнэ.

Сүүлийн үед Солонгосоос женсэн материал оруулж ирж байгаа. Бас burberryгийн цүнхний материалаар хийж байгаа. Захиалгаа Фэйсбүүк дээр degjincollection гэсэн хаягаар ороод өгч болно. 

Лайк дарж бидэнтэй нэгдэж, цүнхээ захиалаарай. Жил гаруйн өмнө нээгдсэн хэрнээ идэвхжүүлэлтийг нь сая мэдээд хүнээс зөвлөгөө аваад гайгүй болж байгаа.

-Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдэд ямар бэрхшээл тулгардаг вэ. Таны хувьд?

Цүнх болгон тодорхой хэмжээний стандарттай. Тэр стандартын дагуу хэлбэр хэмжээгээр өөрийнхөө санаатай нэмж хослуулаад зурж хийдэг. Гэтэл үзэсгэлэн худалдаанд оролцож байхад хүмүүс үйлдвэрлэгчид миний цүнхийг өөр брэндтэй төстэй юм байна гэж хэлдэг нь их хэцүү байсан. Уг нь өөрөө хийсэн шүү дээ.

Хүний толгойноос гарч байгаа учраас төстэй байж болно. Бас нэг хэцүү зүйл нь материал дээр гацдаг. Хувь дэлгүүрээс авахад үнэтэй болохоор өртөг өндөр л цүнх гардаг.

Өөрөө хөрөнгө мөнгө сайтай бол гаднаас өөрөө яваад материалаа авчраад массаар нь үйлдвэрлэвэл хямдхан өртөгтэй гарна. Захиалгаар цорын ганц гэдэг утгаараа үнэтэй гарна. Гэхдээ зарим хэрэглэгчид нөгөө хужаагийн ледрин цүнхтэй харьцуулаад үнэтэй гэж санадаг.

-Амжилтанд хүрсэн эмэгтэй хүмүүс ихэнхидээ ямар нэгэн зүйлээ золиосолсон байдаг. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

Би гэр бүлээ ч, ажлаа ч зэрэг авч явна гэж боддог. Нөхөр маань дандаа

нэг өдөр чиний нар гарна аа гэж хэлдэг. Үнэхээр л нэг л өдөр миний нар гарна гэдэгт итгэдэг.

Хамгийн гол нь ар гэр маань, нөхөр минь намайг их дэмждэг учир би олон зүйлд санаа зовдоггүй. Заримдаа захиалга ихтэй үед хүүхдээ аав ээждээ даатгаж, нөхрийнхөө хоолыг хийхгүй үе байдаг.

-Та ер нь яагаад арьсан эдлэл, цүнх сонирхох болсон юм бэ. Юу нөлөөлсөн гэж боддог вэ?

Миний ойр орчмын бараг бүх хүмүүс хувийн бизнестэй. Ээж маань улсын цэцэрлэгт насаараа багшилсан их мундаг эмэгтэй байдаг.

Хорь гаруй жил ажиллахдаа 110 дугаар цэцэрлэгийн бүх хүүхдүүдийн тэмцээн, уралдааны  хувцас, дээл малгайг оёдог байсан. Тэтгэвэрт гарсан ч гэсэн ээжийг дуудаж хувцсаа оёулдаг. Би багаасаа ээждээ тусалдаг байсан. Тэгсээр байгаад сонирхолтой болсон юм болов уу.

-Та шантрах үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?

Би уг нь их хөнгөхөн, үсэрчих гээд байдаг хүн л дээ. Гэхдээ бас үнэнч

зантай. Заримдаа шантраад суух үед манай нөхөр намайг зоригжуулж ухааруулдаг.

Чи нэгэнт зорьсон юм чинь яах юм бэ, хэдэн сайхан насаа энэ ажилд зориулж байгаа юм чинь эцсийг нь хүртэл яваарай гэдэг. Би тэгээд л тайвширч, урам зориг авдаг даа.

-Арьсан эдлэл хийхийн сайхан нь юу байдаг вэ. Та мэдрэмжийг авдаг вэ?

Бясалгал хийж байгаа юм шиг болдог. Яагаад гэхээр өөрөө дуртай зүйлээ, чин сэтгэлээсээ хийж байгаа болохоор дотор нь уусчихдаг. Ажил, гэр бүл, унаа тэргэнд стресстчихээд цүнхээ хийгээд суухад үнэхээр сайхан болдог.

Учир нь манай ажил нэг бүрчлэн технологио бодож хийдэг учир өөрийн эрхгүй тайвширч, гадаад ертөнцөөс тасардаг. Хувь хүн өөрөө ямар нэгэн зүйлд сонирхолтой байвал сэтгэл нь сайхан болдог гэж би боддог. Би хоббигоо ажил болгосон.

-Таны ойрын болон цаашдын зорилго юу вэ?

Гэр бүл талаас гэвэл дахин нэг хүүхэдтэй болно. Цаашдаа бол өөрийн гэсэн дэлгүүртэй болохыг хүсдэг.

Бусад үйлдвэрлэгч найзуудтайгаа бүтээгдэхүүнээрээ төрөлжиж нийлээд брэндийн дэлгүүртэй болж, урдаа худалдаагаа хийнгээ, хойноо үйлдвэрлэл явуулдаг болохыг хүсч байна.

-Та өөрөө үндэсний үйлдвэрлэгч. Бусад үйлдвэрлэгчээ хэрхэн дэмждэг вэ?

Өөрөө үйлдвэрлэгч болохоор гутал, ээмэг зүүлтээ дотоодоос авахыг боддог. Одоо ч гэсэн миний зүүсэн ээмэг, гутал манай

үйлдвэрлэгчдийнх. Цүнх, тэлээгээ би өөрөө хийсэн. Оймс бол Янмалыг сонгодог. Жийнсээ Урбанаас авдаг.

Манай худалдан авагчид ч гэсэн үндэсний үйлдвэрлэлээ их дэмждэг. Үндэсний зүйлээрээ гангарах дуртай болсон. Нэг дээл хийлгэлээ гэхэд үндэсний цүнх хийлгэхийг боддог. Ер нь үндсэрхэг болчихсон.

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилтыг хүсье.