Жижиглэнгийн шатахууны үнэ 10-20 хувь буурах нөхцөл бүрдсэн
Хойд хөршийн мөнгөн тэмдэгтийн ханшийн өөрчлөлт бидэнд ямар нөлөөтэй вэ гэдэг асуулт манайхны дунд сонирхол татаж буй.
Хэдийгээр шатахууны импортоос бусдаар Монгол Улс, ОХУ-ын хоорондын худалдааны эргэлт анхаарал татахаар их биш ч хоёр орны иргэд визгүй зорчдог болсон, худалдааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх томоохон зорилтууд тавьсан, хамгийн түрүүнд Төв банк хооронд рубль, төгрөгийн своп хэлцэл хийж, худалдаагаа рублиэр хийхээр тохиролцох гэж байгаатай холбоотойгоор рублийн ханшийн өөрчлөлт бидэнд илүү их хамаатай ч болж мэдэхээр байгаа юм.
Ялангуяа жилд ойролцоогоор 1.4 тэрбум ам.доллар зарцуулдаг импортын шатахууныхаа төлбөрийг рублиэр хийдэг болчихвол ам.долларын гадагшаа урсгалаа багасгаад зогсохгүй шатахууны үнэ арай хямд тусах ч боломж гарахыг үгүйсгэхгүй. Ингээд зарим эдийн засагч, шинжээчээс хямд рубль бидэнд ямар ашигтай талаар тодрууллаа.
Экспорлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандорж "Орос, Монголын хооронд хийдэг худалдаа бага биш шүү дээ. Ялангуяа манай улс Оросоос импортоор их зүйл авдаг. Нефть бүтээгдэхүүнээ бараг 100 хувь худалдан авдаг. Рублийн ханш 40 гаруй хувиар унаснаар импортоор авч байгаа бүтээгдэхүүний өртөг буурна.
Нефть бүтээгдэхүүн, уулын үйлдвэрүүдийн болон бусад салбарын тоног төхөөрөмж сэлбэгийн үнэ хямдарна гэсэн үг. Хоёрдугаарт, Оросоос орж ирдэг хүнсний барааны үнэ буурах боломжтой. Өөрөөр хэлбэл, импортын худалдан авалт хийж байгаа. Монгол Улсын хувьд эерэг өөрчлөлт. Өнгөрсөн сарын 14- нөөс визгүй зорчиж эхэлсэн учир ганзагын наймаа, бага хэмжээгээр бараа худалдан борлуулагчдад эергээр нөлөөлж эхэлнэ.
Гэхдээ рублийн ханшийн уналтын эсрэг Орос улс үе шаттайгаар арга хэмжээ авч ажиллаж байна. Тиймээс рублийн ханшийн уналт урт хугацаанд үргэлжлэхгүй байх. Тэгэхээр богино хугацаанд ч гэсэн манай импортлогчдод эергээр нөлөөлнө гэсэн үг. Нефть импортлогчдод рублийн уналт эергээр нөлөөлж байгаа. Нефть бүтээгдэхүүний үнэ ганцхан Орост ч биш дэлхий нийтээр уналттай байна. Гэхдээ дотоодод зарж байгаа жижиглэнгийн шатахууны үнэ буурахгүй байна.
Рублийн ханш 40 гаруй хувиар суларсан
Уг нь багадаа л 10-20 хувиар буурах нөхцөл бүрдсэн байна. УИХ дээр хүртэл буулгах нөхцөл бүрдсэнийг ярьсан. Харамсалтай нь, тэгсэнгүй. Засгийн газар, салбарын яам нь тооцоо судалгаа хийхгүй байна. Зах зээлийн үнэ унаж байхад импортын барааны бөөний үнэ, жижиглэнгийн үнэ буурах ёстой шүү дээ. Зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ 40 хувиар буурсан.
Хоёрт, рублийн ханш 40 гаруй хувиар суларсан. Ийм нөхцөлд шатахууны үнийг буулгах шаардлагатай. Үнэ өсөхөөр шатахууны үнийг нэмдэг шиг ээ буурч байгаа үед бууруулах ёстой шүү дээ. Цаашдаа хоёр орны хооронд рублийн своп хэлцэл явуулж эхэлбэл рублийн ханшийн уналт өсөлтийг зохицуулахад нөлөөлнө.