Харилцан визгүй зорчиж эхэлсний нээлт Алтанбулагт боллоо
Монгол, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчиж эхэлсний нээлтийн ёслол энэ сарын 16-нд Алтанбулаг боомтод боллоо.
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины 2014 оны есдүгээр сарын 3 -ны өдөр Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, ОХУ -ын Гадаад хэргийн сайд С.Лавров нар иргэд харилцан визгүй зорчих тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
Тус хэлэлцээрийн дагуу хоёр улсын иргэд 30 хүртэлх хоногоор 2014 оны арваннэгдүгээр сарын 14-ны өдрөөс харилцан визгүй зорчих боломжтой болсон.
Уг нээлтийн ажиллагаанд Монгол Улсыг төлөөлөн УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Арвин, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Иргэний харьяалал, шилжилт, хөдөлгөөний газрын дарга Б.Пүрэвдорж, ОХУ-ыг төлөөлж Буриад Улсын Засгийн газрын Улаанбаатарт хотод суугаа байнгын төлөөлөгчийн газрын тэргүүн Будажапов Сергей Пурбуевич, Буриад Улсын Засгийн газрын Улаанбаатарт хотод суугаа байнгын төлөөлөгчийн газрын төлөлөгч Гендунов Александр Баяртаевич, Хийгтын хурлын дарга Полонов Анатолий Николиевич нар оролцлоо.
Нээлтийн арга хэмжээг нээн УИХ-ын гишүүн Л.Болд “Өнөөдөр бид Монгол Оросын түүхэнд бичигдэх нэгэн сайхан хуудсыг нээх гэж байгаадаа маш их баяртай байна. Монгол Оросын ард түмний мөнхийн найрамдлыг бэхжүүлэх энэ арга хэмжээ бол үеийн үед үр дүнгээ өгөх чухал үйл явдал юм.
Сүүлийн 20-иод жил бид хоёр талдаа эрчимтэй ажиллаж Монгол Улсын иргэд ОХУ руу харилцан визгүй чөлөөтэй зорчих бололцоог бүрдүүлэхийн төлөө чармайн ажилласан.
Энэ оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад түүхэн айлчлал хийж энэ айлчлалын үеэр хоёр орны Гадаад хэргийн сайд нар энэхүү гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр хоногийн өмнө энэхүү гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн.
Энэхүү хоёр орны харилцаанд гарч буй чухал ахиц, амжилтыг бататган УИХ-д төрийн зүгээс өөрийнхөө анхаарлыг хандуулах баталгаа илэрхийлэл гэж бодож байна. Энэ бүх ажлыг дэмжиж зохион байгуулж энэхүү ачааллыг нуруун дээрээ үүрч байгаа хил, гааль, боомт болон нийт хүмүүстээ чин сэтгэлийн талархал дэвшүүлэн ажлын өндөр амжилт хүсье” гэв.