ЭМЭГТЭЙ АХЛАГЧ НАРЫН ФОРУМД ОРОЛЦЛОО
2025.03.14

ЭМЭГТЭЙ АХЛАГЧ НАРЫН ФОРУМД ОРОЛЦЛОО

Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, АНУ-ын Номхон далайн Хуурай замын цэргийн командлалын хамтарсан “Хуурай замын цэргийн эмэгтэй ахлагч нарын чуулга уулзалт” 3 дугаар сарын 14-ний өдөр болж УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа тэргүүтэй албаныхан оролцож, “Монгол эмэгтэйчүүд” сэдвээр сонирхолтой илтгэлийг тавьж, оролцогч алба хаагчидтай яриа өрнүүллээ.

УИХ-ын дэд даргын хамт ЗХЖШ-ын ахлагч тэргүүн ахлагч Н.Баасан, Нийслэлийн НИТХ-ын төлөөлөгч, Гэрлэх ёслолын ордын захирал Ү.Оюунзул, МЦНХ-ны эмэгтэйчүүдийн клубын тэргүүн Ч.Отгонбаяр, Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Төв аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Буянхишиг, ҮБХИС-ийн Батлан хамгаалах политехникийн коллежийн тэнхимийн дарга, доктор, тэргүүн ахлагч Ц.Оюунчимэг тэргүүтэй улс төр, нийгмийн ухаан, Зэвсэгт хүчний ахлагчийн албаны тэргүүлэгч бүсгүйчүүд оролцож, эмэгтэйчүүд тэр дундаа эмэгтэй цэргийн алба хаагчдын манлайллын талаар илтгэлүүд хэлэлцүүлж, санал дэвшүүлж, өөрсдийн туршлага сургамжаа хуваалцлаа.

Арга хэмжээний эхэнд Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал зочид төлөөлөгч, оролцогчдод “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлж, Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, АНУ-ын Номхон далайн Хуурай замын цэргийн командлалын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин бэхжиж байгаагийн дотор анх удаа эмэгтэй цэргийн алба хаагчдын манлайлал сэдвээр хамтран сургалт явуулж буйг цохон тэмдэглэв. Мөн тэрээр эмэгтэй ахлагч нараа чадавхжуулан хөгжүүлэх, гэр бүл, нийгэм хамгааллын хувьд албандаа тууштай ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлэх нь төр засгийн гол цөм асуудал болсныг мэдэрч УИХ-ын дэд дарга хүрэлцэн ирж оролцсонд талархал дэвшүүлж, цэргийн эмэгтэйчүүд Зэвсэгт хүчний ар тал, хангалт, холбоо, эрүүл мэнд, үйлчилгээний голлох үүргийг нуруун дээр үүрч явааг тодотголоо.

УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Монгол цэргийн өдөр”-ийн босгон дээр дүрэмт хувцсаар жигдэрсэн цэргийн бүсгүйчүүдтэй уулзаж байгаадаа баяртай байна. Цэргийн нисгэгч хүний охины хувьд энэ салбар надад хамгийн ойр дотно санагддаг" гэлээ. Тэрээр эмэгтэйчүүдийн манлайллын тухай ярьдаггүй, тийм ойлголт ч байхгүй цаг үетэй харьцуулахад энэ сэдвийг нийгмээрээ хүлээн зөвшөөрч эхэлж байгаа нь хамгийн том үзүүлэлт болохыг дурдаж, тэр дундаа эрэгтэйчүүд зонхилсон салбарт эмэгтэйчүүдийн тэгш боломж, манлайлал, хөгжлийн талаар ярилцаж байгаа нь хүний эрхийн мэдрэмжтэй Зэвсэгт хүчин болсныг харуулж байна гэсэн юм.
Мөн цаашид энэхүү форумыг уламжлал болгон зохион байгуулахыг захиж, эмэгтэй хүний ажигч гярхай, өндөр мэдрэмжтэй, өр зөөлөн, тэсвэр тэвчээртэй, уян хатан чанар нь мэргэшсэн төрийн тусгай албанд зайлшгүй байх ёстой чухал хүчин зүйл болохыг дурдлаа. Төгсгөлд нь тэрээр эх орны тангараг дор ажиллаж амьдарч яваа эмэгтэй ахлагч нарын манлайллыг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн хамгааллыг дэмжих, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.

Форумын үеэр эмэгтэй цэргийн алба хаагчдын ажил алба, амжилт ололтыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэсэн нь онцлог байна.