Мал аж ахуйн салбарт технологийн шинэчлэл хийгдэнэ
2025.03.20

Мал аж ахуйн салбарт технологийн шинэчлэл хийгдэнэ

УИХ дахь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Мандхай Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны ажлын албатай өчигдөр уулзаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр хоршоодыг чадавхжуулах, дундын хоршоог байгуулах бодлогыг дэмжих, хэрэгжүүлэх арга замын зураглалыг танилцуулж, шаардлагатай бодлогын зохицуулалтыг сайжруулах асуудлыг хөндсөн юм. Түүнчлэн, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог сайжруулах, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хүртээмжийг өргөжүүлэх, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд хоршоодын бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар санал солилцсон юм.

УИХ-ын гишүүн М.Мандхай эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр дотоодын зах зээлд хоршоодын эзлэх байр суурийг бэхжүүлэхээс гадна олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чухал алхам болно гэдгийг онцлон тэмдэглэв.