Барилгын салбар бол газар дээр баялаг бүтээдэг салбар
Барилга хот байгуулалтын сайд Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн удирдах зөвлөл болон барилгын салбарын төлөөллүүдтэй уулзаж ярилцлаа. Тэд барилгын салбарт цаашдаа ямар ажил хийх талаар мэдээлсэн юм.
Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар “Газар доорхи баялагаа зарж, худалдахгүйгээр газар дээр баялаг бүтээдэг салбар юм” гэж барилгын салбараа тодорхойлов. Монгол хүний гар, оюун ухаанаар бий болсон барилгын салбарт үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг бүрэн утгаар нь бий болгох учиртай. Миний зүгээс энэ салбарт ямарваа нэг дарамт байх ёсгүй гэж үздэг. Төрөөс олон янзын шаардлагагүй дарамт хэрвээ байдаг бол алга болох ёстой.
Ер нь барилгын салбарыг хөгжүүлэхэд хэрэгтэй байгаа бүхий л дэмжлэгийг үзүүлэхийн төлөө ажиллана. Мөн үүний зэрэгцээ хариуцлага шаардана. Ялангуяа хүний амиар бизнес, бүтээн байгуулалт хийдэг дутагдал хэрхэвч байж болохгүй. Аюулгүй байдлыг хангаж чадахгүй л юм бол битгий барилга барь гэдэг шаардлага салбарын сайдын зүгээс компаниудад тавих болно.
Цөөхөн монголд нэг хүний амь нас маш том үнэ цэнэ юм гэж анхаарууллаа. Өнгөрсөн хугацаанд барилгын салбарт олон ажил хийгдсэн байна. Барилга, хот байгуулалтын яам барилгачид, барилгын салбараа дэмжих тал дээр хийсэн ажлууд их байна. Харин хэрэглэгч буюу иргэдийн дуу хоолойг орхигдуулсан тал ч байна. Тиймээс барилга, орон сууц худалдан авч байгаа хүмүүсийн эрх ашгийг анхаарч ажиллана гэдгээ ассоциацийнханд хэлэв.
Харин Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал “Нийслэл орон нутаг яамдууд ямар ч уялдаагүйгээр тус тусдаа бодлоготой шийдвэрүүд гаргаж байдаг. Түүнд ард иргэд үнэмшсэнээс хувийн хэвшилд муугаар нөлөөлдөг. Хэрэв тогтвортой стратеги бодлоготой бол хувийн хэвшил өөрөө өөрийгөө аваад явах чадвартай” гэсэн юм.