Дэмжинэ, бас хариуцлага нэхэж ажиллана
Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар Монголын барилгын үндэсний ассоциацийн удирдлагууд, удирдах зөвлөлийн гишүүд, хувийн хэвшлийнхэнтэй ажил хэрэгч уулзалт ярилцлага хийлээ.
Монголын барилгын үндэсний ассоциацид барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй 150 орчим компани гишүүнээр элссэн байдаг. 2009 оноос хойш гишүүн компаниудынхаа инженер, техникийн ажилтнуудад сургалт явуулахын зэрэгцээ салбарын бодлого боловсруулагч яамтай хамтран ажиллаж ирсэн талаараа товч танилцуулга өгөв.
Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар “Газар доорхи баялагаа зарж, худалдахгүйгээр газар дээр баялаг бүтээдэг салбар юм” гэж барилгын салбараа тодорхойлов. Монгол хүний гар, оюун ухаанаар бий болсон барилгын салбарт үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг бүрэн утгаар нь бий болгох учиртай. Миний зүгээс энэ салбарт ямарваа нэг дарамт байх ёсгүй гэж үздэг. Төрөөс олон янзын шаардлагагүй дарамт хэрвээ байдаг бол алга болох ёстой.
Төрөөс олон янзын шаардлагагүй дарамт хэрвээ байдаг бол алга болох ёстой.
Ер нь барилгын салбарыг хөгжүүлэхэд хэрэгтэй байгаа бүхий л дэмжлэгийг үзүүлэхийн төлөө ажиллана. Мөн үүний зэрэгцээ хариуцлага шаардана. Ялангуяа хүний амиар бизнес, бүтээн байгуулалт хийдэг дутагдал хэрхэвч байж болохгүй. Аюулгүй байдлыг хангаж чадахгүй л юм бол битгий барилга барь гэдэг шаардлага салбарын сайдын зүгээс компаниудад тавих болно. Цөөхөн монголд нэг хүний амь нас маш том үнэ цэнэ юм гэж анхаарууллаа. Өнгөрсөн хугацаанд барилгын салбарт олон ажил хийгдсэн байна. Барилга, хот байгуулалтын яам барилгачид, барилгын салбараа дэмжих тал дээр хийсэн ажлууд их байна. Харин хэрэглэгч буюу иргэдийн дуу хоолойг орхигдуулсан тал ч байна. Тиймээс барилга, орон сууц худалдан авч байгаа хүмүүсийн эрх ашгийг анхаарч ажиллана гэдгээ ассоциацийнханд хэлэв.
Гадаад харилцааны салбарт гадаадынхантай хамтарч ажиллаж ирсэн туршлага надад бий. Газар дээр баялаг бүтээж, үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгө оруулалтыг гадныхан дуртайяа хийх байх аа. Та бүхэн бол Монгол Улсдаа 21 зууны баялаг бүтээгч юм гээд богино болов хугацаанд хийж болох ажлуудын чиглэл гаргаж, санал бодлоо хэлэхийг хүслээ. Монголын барилгын үндэсний ассоциацийн дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан “Ассоциацид мэргэжлээ ухамсарласан компаниуд багтдаг учраас хариуцлагатай ажиллах саналыг дэмжиж байна гэлээ.
Барилгын салбарт 2009 оноос хойш дөрвөн ч сайд солигдлоо.
Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргидог. Энэ салбарт хийгдсэн маш их бүтээн байгуулалтыг осол аваарь харлуулж орхидог. Тиймээс том жижиг гэлтгүй бүх компани хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд анхаарах болсон” гэлээ. Барилгын салбарт 2009 оноос хойш дөрвөн ч сайд солигдлоо. Сайд бүрийн оруулж ирэх бодлого биш урт хугацааны бодлого энэ салбарт хэрэгтэй байна.
Дээр нь яам, хот хоёр уялдаа холбоогүй ажилладагаас шалтгаалсан бэрхшээл их гардаг талаар ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал санал хэлэв. Өнөөдрийн байдлаар зөвхөн орон сууцны зах зээл дээр 2 их наяд төгрөг хувийн хэвшлийнхэний хөрөнгөөр эргэлдэж байна. Энэ онд 20 гаруй мянга, ирэх жил 30 мянга руу дөхсөн орон сууцны төсөл бэлэн болно. Гэтэл эдийн засгийн хямралаас шалтгаалан худалдан авагчгүй болж байна гэж барилгын ассоциацийнхан сайд Д.Цогтбаатарт танилцууллаа.
“Эдийн засаг хямарсан, хөрөнгө оруулагчдын итгэлцэл суларсан энэ үед хамтдаа зөв гарцаа олж, нэг санаатай ажиллавал үр дүнд хүрнэ. Төсвийн хөрөнгөөр орхигдсон дуусаагүй барилгуудыг дуусгахын төлөө нэг төгрөгийн араас ч хөөцөлдөж ажиллана. Томоохон компаниуд зөвхөн өөрсдийнхөө эрх ашиг гэлтгүй жижиг компаниудынхаа төлөө ч ажиллах хэрэгтэй. Ингэж байж Монголдоо үл хөдлөх хөрөнгийн зах зээл гэсэн маш үнэ цэнэтэй зүйлийг эдийн засгийн эргэлтэнд бүрэн гүйцэд оруулна” гэж Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар хэллээ.