Б.Саранчимэг: Бойжуулах газрын хэрэгцээ зайлшгүй гарч байгаа
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Саранчимэгтэй ярилцлаа.
-Экологийн асуудлын талаар та санал бодлоо их илэрхийлдэг. Энэ талаар яриагаа эхэлье?
-Бид эдийн засгаа хөгжүүлэхдээ тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийг түлхүү анхаарах шаардлагатай юм. Энэ ажилд хүн бүр л үлгэрлэн оролцож, үйл хэргээрээ манлайлах хэрэгтэй. Тийм ч учраас би Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хариуцан ажиллаж байгаа. Улмаар бүтээн байгуулалтын ажлыг байгальд ээлтэй байлгаж чадаж байгаа. Тухайлбал, 110 мянга гаруй мод, сөөг тарьж, 10 га газрыг зүлэгжүүллээ. Ингэснээр Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 23 хувийг бий болгож чадсан байна. Ер нь экологийн асуудал өөрөө их өргөн хүрээтэй.
-Улаанбаатар хот ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөтэй байх ёстой гэсэн?
-Тэгэлгүй яахав. Бидний зүгээс ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг санал болгож байгаа хэдий ч өнөөдөр дорвитой ажил хэрэг болоогүй л байна. Гэхдээ Засаг даргын мөрийн хөтөлбөрт оруулж чадсан амжилт бий.
-Мастер төлөвлөгөөний үр дүнгийн талаар сонирхуулаач?
-Ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөтэй болсноор хаана мод устаж байна, тэр модыг хэрхэн арчлах вэ, хаана арчилгаа дутаж байна гэдэг бүх төлөвлөгөө гарч ирэх учиртай. Тийм ч учраас нэлээд анхаарал төвлөрүүлж байгаа юм. Мөн ундны усны аюулгүй байдлыг хангах ажилд нэлээд анхаарал хандуулж байна. Өнөөдөр гүний худгийн дэргэд бие засах газар байрлаж байгаа тохиолдол бий. Энэ бол хамгийн их анхаарах ёстой эмзэг асуудал. Тиймээс ногоон байгууламжийн зэрэгцээ хөрсний бохирдлыг бууруулах асуудалд анхаарах хандуулах цаг болсон байна. Энэ талаар нийслэлийн ирэх оны төсвийг хэлэлцэх үеэр удирдлагуудад анхааруулсан байгаа.
-Ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Налайх дүүрэгт 50 га газрыг мод үржүүлгээр үйл ажиллагаа явуулахаар тусгасан. Гэхдээ их эсэргүүцэлтэй тулгарсан шүү дээ?
-Цэцэрлэгт хүрээлэн байгаа цагт бидэнд бойжуулах талбай зайлшгүй хэрэг болно. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг би тав дахь жилдээ удирдаж байгаа. Энэ хугацаанд хүрээлэнгийнхээ арван га газарт бойжуулах чиглэлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан. Гэсэн хэдий ч хөрөнгө нь шийдэгдээгүй учраас ажлаа эхэлж амжаагүй байна. Ер нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн өөрийн гэсэн бойжуулах газартай байж л тэндээсээ мод, сөөгөө авчирч тарих шаардлагатай байдаг юм. Энэ хүрээлэн ундны усны эх үүсвэр дээр байдаг.
Тиймээс био бордоогоор л бордох хэрэгтэй. Тэгэхээр өөрийн гэсэн бойжуулах газартай байх ёстой гэж ойлгож болно. Өнгөрсөн удаагийн хуралдаанаар хэлэлцсэн энэ асуудлыг би төлөөлөгч хүнийхээ хувиар дэмжсэн. Одоогийн байдлаар бойжуулах үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүс тийм ч олон биш байгаа. Тэгээд ч мод тарьсаар хөрс сайжирч байдаг. Иймээс энэ ажлыг дэмжээсэй гэсэн бодолтой байгаа.
-Гэхдээ нийслэлийн Засаг дарга уг газарт хориг тавихаа албан ёсоор мэдэгдсэн?
-Тэгсэн. Тогтвортой хөгжил, ногоон эдийн засаг гэж яриад байгаа шүү дээ. Тэгвэл ингэж хөгжүүлэхийн тулд байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулах ёстой юм. Уг нь бол үүнийг ажил хэрэг болгоход болохгүй гэх зүйлгүй.
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирэх онд тодорхой хэмжээний хөрөнгө төсөвлөсөн байх аа?
-Тийм. Өмнө нь хөрөнгө төсөвлөж байгаагүй. Харин энэ удаад тохижилтын ажилд 625 сая төгрөг төсөвлөсөн.
-2015 оны төсвийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Хотын даргын хөөцөлдөлгөөний үр дүнд хотын төсвөө боломжийн хэмжээнд батлуулсан. Гэхдээ нэг ажлыг эхлүүлсэн бол дуусгах нь зүйтэй байдаг. Нисэхийн цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлыг дуусгах хэрэгтэй гэдэгт би байр сууриа их илэрхийлсэн. ТЭЗҮ-д нь их хэмжээний хөрөнгө зарчихсан учраас бүтээн байгуулалтынх нь ажлыг эхлүүлэх хэрэгтэй байгаа юм. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт нийгмийн дэд бүтцийн асуудалд төрийн зүгээс бодлогоор хөрөнгө тусгаж, шийдвэрлэх хэрэгтэй юм.
-Ирэх онд хийхээр төлөвлөсөн ажлаасаа сонирхуулаач?
-Бид олон ажлыг хийж байгаа. Гэхдээ дараагийн гол асуудал бол экологийн боловсрол олгох тухай асуудал. Тиймээс сурагчдад экологийн боловсрол олгоод, түүндээ чиглэсэн танхим нээхийг зорьж байна. Мөн хүүхдүүддээ зориулаад номын сан бий болгохоор төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, эрүүл, зөв орчин бий болох зорилгоор ажиллана гэж ойлгож болно.
Бас нэг таатай мэдээ бидэнд ирсэн. БНСУ-ын Сөүл хотын хурлын төлөөлөгчид 200 мянган ам.доллартай тэнцэхүйц өртөг бүхий тоглоомын талбайг өгөхөөр болсон. Зургийг нь баталчихсан. Ямартай ч хойч ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө л ажиллая гэж бодож байгаа.