Эв нэгдлийг бэлгэдэж гарын үсэг зурсан АН-ын тугийг гардуулан өглөө
Саяхан болсон АН-ын Удирдах ажилтны зөвлөгөөнд 21 аймаг, есөн дүүрэг, 331 сумын намын дарга нар оролцож, Засгийн газрыг тогтвортой байлгаж, хийж бүтээж буй ажлын үр дүнг харах нь зөв гэдэгт санал нэгдсэн байна.
Тэд үүний тулд АН-ын бүлгийн гишүүд эв нэгдэлтэй, үзэл бодол, эрх ашиг нэгтэй байх ёстой гэдгийг хэлж байсан юм. Тиймээс бүлгийн гишүүдийгээ нэгдмэл байр суурьтай байхыг хүсч, АН-ын таван туганд гарын үсгээ зурж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нарт гардуулах уриалгыг зөвлөгөөний үеэр гаргасан аж.
Уриалгын дагуу АН-ын туганд аймаг, дүүрэг, сумаас ирсэн 329 төлөөлөгч гарын үсгээ зуржээ.
Тэгвэл гарын үсэг цуглуулсан АН-ын тугийг өчигдөр холбогдох хүмүүст нь гардуулж өгчээ. Ерөнхийлөгчийг төлөөлж тугийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардаж авсан бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар өөрийн биеэр дээрх тугийг хүлээн авлаа.
Харин УИХ-ын дарга З.Энхболдод гарын үсэгтэй тугийг өнөөдөр гардуулж өгөх аж. АН-ын логонд байдаг багцалсан таван сумыг бэлгэдэж, таван туганд гарын үсгээ зурсан АН-ын дарга нар эв нэгдэлтэй байж, эхэлсэн ажлаа тогтвортой үргэлжлүүлэхийг уриалж байна.