АН: Засгийн газар тогтвортой ажиллах ёстой
АН-ын Удирдах ажилтнуудын зөвлөлгөөн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
Хуралдаанд бүх шатны намын үүрийн нарийн бичгийн дарга нар оролцсон бөгөөд намын дотоод бүтэц, ҮЗХ-г хэзээ зарлан хуралдуулах зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.
Түүнчлэн АН-ын удирдлагууд өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар үнэлэлт, дүгнэлт өгч намын шийдвэрийг танилцуулан мэдээлэл хийв.
Энэ үеэр намын генсек Ц.Оюундарь хэлэхдээ “Зөвлөлгөөнд намын анхан болон дунд шатны удирдлагууд идэвхтэй оролцож байна.Харин намаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн ирц төдийлөн хангалтгүй байгаа юм.
Тиймээс төлөөлөгчдийн зүгээс УИХ-ын гишүүдийг оролцуулах шаардлагыг ихээр тавьж байна” гэв. Түүнчлэн хуралдаанд оролцсон гишүүд намынхаа удирдлагуудыг эв зүйгээ ололцож, улсын ажлыг урагшлуулах тал дээр анхаарах хэрэгтэйг санууллаа.
Ц.Оюундарь: УИХ-ын гишүүдийн ирц тааруу байлаа
АН-ын нарийн бичгийн дарга Ц.Оюундарь
АН-ын УАЗ болж байна. 2005 онд баталсан Улс төрийн намын тухай хуулийн дагуу манай нам сум, дүүрэг, аймаг, нийслэл гэсэн нэгж бүтэцтэй. Өнөөдөр 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, дэд сайд нар ирж зөвлөгөөнд оролцож байна. Энэ -бол төлөвлөгөөт ажил. Бид 2014 оныг дотоод сургалтын жил гэж зарласны дагуу сумын чуулган зохион байгуулсан.
21 аймгийн 84 суманд ажиллаж 10 мянга гаруй гишүүнээ хамруулсан томоохон хэлэлцүүлэг болсон юм. Тэр хэлэлцүүлгээс гарсан саналуудыг эмхэтгээд хоёр боть болгож, шийдвэр гаргагчдадаа тараасан. Энэ чуулганы явцад намын гишүүд бид дотоод сүлжээ, харилцаа холбоогүй учраас бие биеэ харж, цуглая гэсэн санал гарч байлаа. Тийм учраас удирдах ажилтны зөвлөгөөнөө сумын чуулганы хаалт болгон хийж буй юм. ЗөвЛөгөөнд анхан, дунд шатны удирдлагуудын ирц сайн байсан бол УИХ-ын гишүүдийн ирц тааруу байна.
Олон жилийн турш анхан, дунд шатны намын үйл ажиллагааг нуруундаа үүрч, ажилласан энэ хүмүүс маань өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд ямар үнэлэлт, дүгнэлт хийхийг сонсохыгхүссэн. Цаашид яах вэ гэдгийг илэндалангүй ярьж байгаа. Төгсгөлд нь ямар уриалга, зөвлөмж гаргах вэ гэдгээ чөлөөтэй шийднэ. Энэ маань цэвэр гишүүдийн маань санаачилгаас бүрдсэн байх болно.