Монгол цэрэг дэлхийн цэрэг боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны 10 жилийн ойн ёслолын цуглаанд өнөөдөр оролцож, энхийг сахиулагчдад баяр хүргэв.Ерөнхийлөгч хэлэхдээ “Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч нар аа, Эрхэм хүндэтзочид төлөөлөгчид, Эрхэмсэг хатагтай, ноёдоо, энд хуран цугласан иргэд хөдөлмөрчид, хүүхэд залуус аа! Даян дэлхийн энх амгалангийн төлөөх хүн төрөлхтний шударга, ариун үйл хэрэгт бодитой хувь нэмрээ оруулж буй цэнхэр дуулгатан энхийг сахиулагчид аа! Монгол цэрэг дэлхийн цэрэг болсны 10 жилийн ойн баярын мэндийг энхийг сахиулагчид, эр цэргүүд, Монголын нийт ард түмэндээ өргөн дэвшүүлье!Монголын төр өнөөдөр энхийн үйлсэд хүчин зүтгэж эх орон, ард түмнийхээ итгэл сэтгэлийг тээн хүлээсэн үүргээ эр цэргийн ёсоор мадаггүй биелүүлсэн эрэлхэг хөвгүүд, охидоороо бахархаж тэдэндээ хүндэтгэл үзүүлж байна.
Эх орон, эр цэрэг, тусгаар тогтнол. Эдгээр үгс өөр хоорондоо нягт холбоотой, амин шүтэлцээтэй ойлголт бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд энхийг сахиулагчдын оруулж буй хувь нэмэр үнэлж баршгүй гэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.Дэлхий ертөнцийн хаа нэгтээ дайн дажин, үймээн самууны хөлд нэрвэгдэн зовж зүдэрсэн ард түмэнд цэнхэр дуулгатан Монгол цэрэг авралын од нь болж эв нэгдэл, эрх чөлөөг ханган амгалан тайван аж төрөн амьдрах нөхцлийг бүрдүүлэн өгч, энэ үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, мөр зэрэгцэн алба хааж байгаа бусад олон орны дайчдад эр зориг, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалттай байхын үлгэр дууриаллыг харуулсаар байгаад миний бие Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье.
Дэлхий нийт өнөөдөр Монгол цэргийг үнэлдэг, мэддэг, таньдаг тэднээр маань дамжин Монгол орныг минь илүү таньдаг болжээ. Манай улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн орны хувьд олон улсын эв хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ сахин биелүүлж, энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд манлайлан оролцож байна. Үүний үр дүнд Монгол Улсын гадаад нэр хүнд олон улсын тавцанд сүүлийн арваад жилийн дотор үлэмж өссөн. Энэ бол энхийг сахиулагчид та бүхний халуунд халж, хүйтэнд хөрч, хатуугаас халиралгүй, хэцүүгээс шантралгүй явж бүтээсэн үйл хэргийн тань үр дүн гэдгийг энд зориуд тэмдэглэн хэлье.
Монголын цэнхэр дуулгатнууд улс орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өргөөд зогсохгүй, Монгол Улсын Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагаанд олж буй амжилт ард иргэдийн талархлыг хүлээж, ардчилсан нийгмийн нэг үнэт зүйл болсон иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлж байна.
Энхийг эрхэмлэгч манай орон даян дэлхийд энх тайван, амар амгаланг тогтоох хүн төрөлхтний шударга, ариун үйл хэрэгт оруулж буй хувь нэмэр, хүчин чармайлтаа цаашид ч улам бүр өргөжүүлэх төдийгүй энхийг дэмжих ажиллагаанд оролцож үүрэг гүйцэтгэсэн цэрэг, дайчдынхаа хөдөлмөрийг үнэлэх, олон нийтэд сурталчлан таниулах, нийгмийн хамгааллыг сайжруулах талаар төр засгийн зүгээс шийдвэртэй алхмуудыг дэс дараатай авч хэрэгжүүлэх болно гэдгийг Төрийн тэргүүний хувьд итгэлтэйгээр хэлж байна.
Энэхүү баярыг тохиолдуулан Монгол Улс Энхийг дэмжих ажиллагаанд цэргээ оролцуулахыг анхнаас нь тууштай дэмжиж, бүх талын туслалцаа үзүүлсэн НҮБ, түүний Монгол Улс дахь байнгын төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага, хамтран ажиллаж ирсэн бүх хүнд гүн талархал илэрхийлэхийн ялдамд "Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны 10 жилийн ой"-н баярын мэндийг дахин дэвшүүлье.
Цэргийн алба хаагчдыг маань төр засгаас даалгасан нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг гүйцэтгэх боломжийг бүрдүүлэн тэдний бат ар тал болж зовлон, жаргалыг нь бие, сэтгэлээрээ хуваалцаж байдаг цэрэг эрсийн маань хань ижил, үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсөд та бүхэнд гүн талархал дэвшүүлж, гэр бүлд тань эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол цэргийн мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай” гэв.