Осама Бен Ладеныг Америкчуудад зааж өгсөн эмчид 33 жилийн ял оноолоо
2012.05.25

Осама Бен Ладеныг Америкчуудад зааж өгсөн эмчид 33 жилийн ял оноолоо

Пакистаны Шүүх Осама бен Ладены байгаа газрыг америкийн тусгай албаныханд зааж өгсөн эмч Шакил Афридид “Эх орноосоо урвасан” гэсэн ял тулгаж 33 жил хорих ял оноолоо. Шүүх хурал Пакистаны Хайбер Пухтунхва мужид өчигдөр орой болсон байна. Ш.Африди мөн 3500 ам.долларын торгууль төлөхөөр болжээ. Хэрвээ торгуулийг төлөхөөс татгалзвал түүний ял дээр дахин 3.5 жил нэмэгдэх аж. Шакил Африди нь Осама Бен Ладеныг устгагдсанаас хэдэн хоногийн дараа буюу 2011 оны тавдугаар сард баривчлагдсан юм. Тэрбээр Бен Ладены хоргодож байсан Аботтабад дахь гэрт бүх нийтийн вакцинжуулах ажлаар явж байгаад санамсаргүй харчихсан аж. Улмаар уг байшинг эзэмшдэг Абу Ахмед аль Кувейтин утасны дугаарыг олж аван АНУ-ын тусгайгийнханд дамжуулжээ. Түүний энэхүү үйлдэл нь Пакистан улсын эрх ашигт харшилсан гэж яллажээ.


АНУ харин энэ дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Тус улсын Батлан хамгаалахын сайд Леон Панетта “Эх орноосоо урвасан гэдэг ял тулгасан нь буруу. Алан хядлагатай тэмцэх үйлсэд их тус хүргэсэн хүнийг ингэж яллах нь тэдний хувьд том алдаа боллоо” гэжээ. Тиймээс Ш.Афридиг суллахыг Пакистанаас шаардаж байна. АНУ-ын эрх баригчид “Ш.Африди АНУ, Пакистаны аль, алиных нь тусын тулд энэ хэргийг хийсэн” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Харин Исламабад энэ дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа бөгөөд Бен Ладеныг устгахдаа зөвшөөрөл авалгүй гүйцэтгэсэн, үүнийхээ төлөө одоо болтол уучлалт гуйгаагүй учир байр сууриа хэвээр хадгалсаар байна. Хоёр улсын харилцаа энэ асуудлаас болж сүүлийн жил гаруй хугацаанд “хүйтрээд” байгаа юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.