Батлан хамгаалахын сайдын нэрэмжит шилдэг офицер, ахлагч 2 өрөө орон сууцаар шагнуулна
Ирэх 7 хоногт буюу энэ сарын 21-23-нд Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд Батлан хамгаалахын сайдын нэрэмжит Зэвсэгт хүчний шилдэг офицер, ахлагч шалгаруулах тэмцээн болно. Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн чадавхийг шалгах, цэргийн хөдөлмөрийн онцлогийг сурталчлах зорилготой энэ тэмцээнд Зэвсэгт хүчний анги бүрээс нэг офицер, нэг ахлагч оролцох юм.
Энэ тэмцээн 60 км-ийн явган марш, онолын болон ур чадварын бэлтгэл, марш гүйлтийн тэмцээн гэсэн 3 үе шаттай явагдах бөгөөд байгалийн саад бүхий 60 км замыг өөрсдийн хэрэглэх хүнс, хувцас зэрэг 25 кг ачаатайгаар 18 цагийн дотор туулна. Энэ үеэрээ байр зүйн зураг, байрлал тодорхойлох GPS багажийг ашиглан явах бөгөөд шүүгчийн өгсөн амьдрах ухаан, цэргийн тактик, цэргийн хэргийн чадварыг шалгах даалгаврыг гүйцэтгэнэ. Тэдний явган маршийн явцыг 10 км тутамд байх дундын хянагчид хянана.
Тэмцээнд оролцож буй офицер, ахлагч нар дараа нь онолын болон ур чадварын мэдлэгээ цэргийн тактик, англи хэл, сэтгэн бодох чадвар (IQ)-ын бодлого, бие бялдрын бэлтгэлээр шалгуулна. Бие бялдрын бэлтгэлийг дүүжинд сонс эргэх, модон морин дээр малгай тавьж харайх төрлөөр шалгуулах юм.
Харин марш гүйлтийн тэмцээний үеэр гүйх явцдаа гранат шидэх, ерөнхий цэргийн саадын зурвасыг утаат шашки, напалмын хөнөөлийн дор туулах, гар буу, автомат буу, мэргэн буудагчийн винтов, гранатомётоор буудах, хуягт машин жолоодох, 3 давхар цамхаг руу олсоор авирч хутган жад, хүрз шидэн бай устгах, холбооны станц ажиллуулах, 50 метр торон саадыг мөлхөж туулах, “Урал МВ-650” мотоциклоор 44 метр урт замыг 8 тоо эргэж туулах, усан саадыг туулах зэргээр өрсөлдөнө.
Цэргийн хүний ур чадвар, авхаалж самбааг сорих энэ тэмцээний шагнал өндөр. Тэргүүн байр эзлэсэн офицер, ахлагч 2 өрөө орон сууцаар, II байр эзлэсэн офицер, ахлагч гадаадын цэргийн академи, цэргийн дээд сургуульд суралцах эрхийн бичгээр, III байр эзлэсэн офицер, ахлагч гэр бүлийн хамт гадаадад амрах эрхийн бичгээр шагнуулах юм. Хэдэн жилийн өмнө явагдаж байсан “Супер офицер” тэмцээнийг Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр ийнхүү сэргээн өргөжүүлж явуулах гэж байна.