Орон нутагт зохион байгуулах худалдан авах ажиллагааны 10-аас доошгүй хувийг цахим хэлбэрээр явуулна
Сар бүрийн сүүлийн долоо хоногт болдог “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг, Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал нар оролцлоо.
Уламжлал ёсоор энэ хоёрдугаар сард зохион байгуулсан сайн ажлуудыг нэрлэлээ.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Хилийн боомтын шинэчлэл хийх зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж Хилийн боомтын тухай болон хуулийг дагалдан Засгийн газраас гарах дүрэм, журмыг иж бүрнээр нь боловсруулан богино хугацаанд батлуулж ажиллалаа.
“Буянт-Ухаа” хорооллын эхний ээлжийн 567 айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авлаа. Төрийн албан хаагчид, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хямд үнэтэй орон сууцаар хангагдах эхлэл тавигдаж байна. Энэ онд зохион байгуулах худалдан авах ажиллагааны 80, орон нутгийн зохион байгуулах худалдан авах ажиллагааны 10-аас доошгүй хувийг цахим хэлбэрээр зохион байгуулна. “Цахим дэлгүүр” ажиллуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Эхний ээлжинд бичиг хэргийн гол нэрийн бараа нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах юм.
“Худалдан авах ажиллагааг богино хугацаанд зохион байгуулах шаардлагатай байна. 2014 онд Худалдан авах ажиллагааны газар нийт 142 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэхээс 26 хувь буюу дөнгөж 37 тендер зарлагдаад байна. Энэ ажил удаашралтай байна” гэж Ч.Сайнбилэг хэлээд “Ажил удаашруулж буй хүмүүст хариуцлага тооцно. 4 дүгээр сарын 1-ээс хойш ямар ч тендер зарлагдахгүй байхаар ажлаа шуурхай зохион байгуулах хэрэгтэй” гэж анхаарууллаа.
Засгийн газрын иргэдээ сонсох “11 11” төвөөс яамдад шилжүүлсэн асуултад ор нэр төдий хариулт өгч болохгүй, ул суурьтай хандах учиртайг яам, тамгын газрын удирдлагуудад анхаарууллаа.