УИХ
2014.05.27

Дараагийн сайдыг томилох хуулийн хугацаа энэ долоо хоногт дуусна

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгч давхар дээлээ тайлсан билээ. Түүний орыг дан дээлтэн эзлэх үү, давхар дээлтэн авах уу гэдэг асуулт бий боллоо. Бүх давхар дээлтэй сайдыг халах хэрэгтэй гэж үздэг сөрөг хүчин хуулиа дагах хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийлж байна.

МАН ардчилсан намын гишүүн сайд нарыг бүгд ажлаа өгөхийг уриалж  төрийн ажил үүргийн хувиарлалтын ялгаа заагийг гаргахыг шаардаж байсан билээ. Харин одоо сөрөг хүчин эзгүй болсон сайдын суудалд хэн очих вэ гэдэгт төдийлөн ач холбогдол өгөхгүй байна. МАН-ын дарга М.Энхболд олонхи өөрсдөө шийднэ биз гэсэн хариулт өгч байна. Намын гишүүд нь ч байр суурь нэгтэй байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

Дараагийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд хэн байх вэ гэдгийг АН-ынхан өөрсдөө шийднэ. Хамгийн чухал нь энэ салбарт олон жил ажилласан туршлагатай, улс төрийн оновчтой шийдвэр гаргах чадалтай лидер хүнийг сонгох хэрэгтэй. Энэ утгаараа парламентаас байх уу, эсвэл гаднаас томилох уу гэдэг нь чухал бус.

Дараагийн сайдыг томилох хуулийн хугацаа энэ долоо хоногт дуусна. Тэгэхээр удахгүй Ерөнхий сайд шинэ сайдын нэрийг танилцуулах болно. Засгийг бүрдүүлэгч эвслийнхэн Ерөнхий сайдыг саналаа оруулсны дараа байр сууриа илэрхийлэх юм.

Шинэ сайдыг томилох асуудлаар бүлгийн дарга нартай санал бодлоо солилцоно хэмээн хэлээд Ерөнхий сайд Санкт-Петербург хотыг зорьсон. Өнөө маргаашгүй шинэ сайдын нэр тодорно. Хэн сайдаар томилогдож болох тухай нэрс хэдийнэ гарчээ. Үүнд ҮХААЯ-ны дэд сайд Ц.Туваан, Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Л.Эрхэмбаяр гэх эрхмүүдийн нэр орсон байна. Одоогоор эрхэлсэн сайдгүй яамын Уул уурхайн сайд хавсран удирдаж байна.